Бичлэгийн тоо 10

Сөүл

Уншсан 7016 vote 0 2010.01.19 13:42:49

Сөүл
Сөүл нь Солонгосын нийслэл бөгөад Пэгжэ улс нийслэлээ болгож байсан ба дараа нь 1392онд Жусоны И Сон Ге хааны үед дахин нийслэлээ болгосон түүхтэй. Түүнээс хойш 600аад жилийн түүхийг туулсан Сөүл нь 672㎢ талбайтай, 10сая хүн амтай Солонгосын хамгийн том хот болоод байна. Пүкан уул, Сүраг уул, Квунаг уулаар хүрээлэгдсэн бөгөөд хотын төвөөр Хан мөрөн урсдаг. Одоо Сөүл нь Солонгосын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд 1988онд Сөүлийн олимп болсон ба 2002онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсноор дэлхийн хот болоод байна.
[Хааны ордон ]
Сөүлд хааны ордон их бий. Кёнбүг хааны ордон нь Жусоны үед баригдсан 5 хааны ордон дундаас хамгийн том нь бөгөөд хааны амьдрах орон сууц төдийгүй түшмэдүүдийнхээ хамт төрийн ажил хэргийг явуулдаг өргөө байлаа. 1392онд Жусон улсыг байгуулсан их хаан И Сон Ге Сөүлийг улсын нийслэл болгон зарлаж, уг хааны ордныг 1395онд бариулжээ. Кёнбүг хааны ордон нь 7,225 өрөө тасалгаатай, түүнээс гадна тусдаа 489 тасалгаатай ордноос тогтсон их том ордон байсан ч 1904онд Япончууд Солонгосыг колоничилж байхдаа эвдэн сүйтгэсэн бөгөөд харин сүүлийн үед дахин сэргээж байгаа билээ. Чандог хааны ордон нь 1405онд Кёнбүг хааны ордонд гал болон бусад аваар осол гарахад шилжүүлэн нүүлгэх зорилгоор баригдсан ордон юм. 1610онд Кёнбүг хааны ордонд гал гарч, 1868онд Гужун хаан Кёнбүг хааны ордонг дахин сэргээж барих хүртэлх хугацаанд хааны ордон болгон хэрэглэж байжээ. Чандог хааны ордны арын цэцэрлэг нь Солонгос төрхийг тусгасан энгийн хирнээ тансаг орчинг бүрдүүлсэн, улирлын өөрчлөлтөд амархан хувирдаг. Энд өтгөн шигүү ой мод, үзэсгэлэнт нуур, сэрүүхэн сүүдрэвч барьсан нь алжаал тайлж, амрахад тун тохитой. 1997оны 12сарын 3нд Италийн Ниполлид болсон ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвийн холбооны 21дэх чуулганаас хүн төрөлхтний төлөө хамгаалах ёстой соёлын өвд оруулснаар дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Чангён хааны ордон нь 1483онд Жусоны хааны ордныг онцгой тохиолдол гарсан цагт нүүлгэх зорилгоор баригдсан ба Кванхэгүн хааны үед баригдсан их өргөө Мёнжон нь хамгийн он жил удсан өргөө юм. Чангён хааны ордон нь Чандог ордонтой хашаагаар зааглагдан зэргэлдээ байрладаг. 1592онд Имжинвэран болж, Сонжу хаан Ыжүд очин дайжиж байгаад эргэж ирэхэд Кёнбүг, Чандог, Чангён орднууд бүгд шатаж, хаанд амьдрах орон байсангүй. Тиймээс хааны угсааны гэр дундаас хамгийн том Волсантэгүний гэрийг түр зуур хааны амьдрах ордон болгож байсан ба энэ нь одоогийн Догсү хааны ордон юм. 1608оны 2сард Сонжу хаан Догсү ордонд нас барж, Кванхэгүн хаан ширээнд заларлаа. Догсү хааны ордны Жүнхва өргөө нь 1906онд сэргээгдсэн ба Согжү өргөө нь 1900оноос 1910 онд барьж дуусчээ. Үнхён хааны ордон нь түүхийн үнэт зүйлсийн 257дугаарт тэмдэглэгдсэн бөгөөд Гужун хааны эцэг Тэвонгүн (1820-1898)ий улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан гүн утга учиртай өргөө юм. Гужун хаан энэ өргөөнд төрж, 12нас хүртлээ өсч торнисон билээ. Хааны ордон биш ч Үнхён хааны ордон хэмээн нэрлэгдэх болсон учир нь Тэвонгүний хүү Гужун энд хаанд өргөмжлөгдсөнөөс тэр билээ. Өөрөөр хэлбэл хааны төрсөн эцэг эхийн амьдарч байсан ордон тул ийнхүү өргөмжилж нэрлэжээ. Уг ордонд хааны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс байгаа тул тухайн үеийн хаадын амьдралыг мэдэж болох бөгөөд Гужун хаан, Мёнсонхванхү хатан хоёрын хуримыг санагдуулам үйл ажиллагаа ч болдог.
[Жунмюу]
Энэ нь Жусоны нас барсан хаад болон хатдын нэрсийг хадгалдаг өргөө бөгөөд хамгийн нарийн ур хийцтэй барилгын нэг юм. Жусоны анхны хаан 1394онд нийслэлээ Ханян руу нүүлгэсэн тэр жилийн 12сард барьж эхлэн дараа жилийн 9сард барьж дуусгажээ. Жусоны үед өргөөнд жил бүр, улирал тутамд, түүнчлэн билгийн тооллын сүүл сард ямар нэгэн том баяр тэмдэглэдэг байсан ба одоо Жонжү нутгийн И овгийн хүмүүс жил бүрийн 5сарын эхний бүтэн сайн өдөр Жунмюу тахилга хэмээх ёслол үйлдэх ба энэ үед тахилгын бүжиг бүжиж, дуу дуулцгаадаг.
[Намсан уулын үндэсний тосгон ]
Сөүлийн Намсан уулын хойд хэсэгт Солонгос үндэсний гэр Хануг тосгон байдаг. Энд Жусоны үед уулын хавцалаар цэвэр тунгалаг ус урсаж, түнчлэн сүүдрэвч ихтэй тул халуунаас дайжсан хүмүүс зун энд ирж амардаг хүн бүхний танил газар бөгөөд хөх дэглий ихээр амьдардаг тул хөх дэглийн тосгон гэж нэрлэж ч байжээ. Энэ тосгон нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд Сөүлд байгалийн хамгийн үзэсгэлэнт Самчон хороолол, Инван хороолол, Санге хороолол, Пэгүн хорооллын хамт “Ханяны 5 хороолол” гэж нэрлэгддэг. Энэ тосгонд дээдэс язгууртны гэр, энгийн ардын гэр 5ыг энд авчирч байрлуулжээ. Үндэсний гэрийн доторхи нь эртний хүмүүсийн амьдралын төрхийг мэдэрч болохуйц эртний байдлаар хэвээр нь тохижуулсан бөгөөд уламжлалт хатгамал бүтээлийн үзэсгэлэн бий. Түүнчлэн соёлын өвийн бүтээл, аялал жуулчлалын дурсгалын зүйлс зэрэг тавиастай байдаг.
[Инса хорооллын уламжлалт соёлын гудамж ]
Инса хороолол нь уламжлалт соёлын гол гудамж юм. Сөүлийн төв гэж хэлж болох Жунну хороололтой ойрхон бөгөөд нийтийн тээвэр элбэг хүрч очдог тул хүмүүсээр байнга дүүрэн байдаг. Эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан янз бүрийн эдлэл, шавар сав суулга, цаас, галерей, үндэсний цай зардаг газар зэрэг элбэг, үзэж харах юм ихтэй гудамж билээ. 1987 оноос эхэлсэн Инса уламжлалт соёлын өдрүүдээр олон төрлийн үйл ажиллагаа зохиогддог уламжлалт соёлын нэртэй газар болоод байна. Инса хороолол нь уламжлалт амьд соёлын гудамж гэдгээрээ олны танил болсон. Ялангуяа бүтэн сайн болгон гардаг уламжлалт соёлын зах нь олны анхаарлыг их татдаг. Янз бүрийн соёлын арга хэмжээний хамт уламжлалт соёл урлалын бүтээлийг наймаалцдаг учраас тэр билээ. Шавар сав суулга хийх үйл явцыг харуулж, өөрөө биеэр хийж үзэж ч болох ба баярын дог хийх аргыг зааж өгөх, эртний хүмүүсийн хэрэглэдэг байсан дэн гэрэл, сүрлэн гутал, ганс, морины сүүлээр хийсэн малгай зэрэг зүйлсийг сонирхон хэрэглэж үзэж болно.
[Үндэсний төв музей ]
Үндэсний төв музей нь Солонгосын түүхийг төлөөлөх бүх төрлийн соёлын өв хадгалагдаж байдаг Солонгосын соёлын “өргөө” юм. Солонгосын хамгийн том үндэсний музей бөгөөд түүхийн нотолгоо, соёл урлалд хэрэглэж болохуйц соёлын өвийг цуглуулж, хадгалан, иргэдэд үзүүлж сонирхуулж байна. Одоогоор ойролцоогоор 140 мянган ширхэг соёлын бүтээлийг хадгалж байгаа бөгөөд эртний булш, эд өлгийн зүйлийг судлахын тулд Соёл Аялал Жуулчлалын Яамны сайдын харъяанд байдаг. Солонгосын хамгийн анхны музей 1908онд Чангён хааны ордонд байрлуулсан Иванга музей бөгөөд хааны өргөөний санхүүжилтээр эртний урлал, эд өлгийн зүйлсийг цуглуулж, 1909 оноос иргэдэд үзэж сонирхуулжээ. Түүнээс хойш Японы колоничлолын үе, 1945оны эрх чөлөөний ялалт, 1950оны хоёр Солонгосын дайн зэрэг түүхэн үйл явдлаас болж Догсү хааны ордон, Японы хянан шалгах хорооны музей, Пүсан, Кёнбүг хааны ордон, эртний төв засгийн газрын ордон зэрэгт олон удаа шилжүүлжээ. 1995оны 8сарын 15нд Үндэсний эрх чөлөөний ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан Японы хянан шалгах хорооны барилгыг нурааж, музейг шилжүүлэх болж, 2003онд Юунсан хорооллын гэр бүлийн цэцэрлэгт шинэ музей барьж, 2005оны 10сарын 28нд ашиглалтад оруулсан.
[Ерөнхийлөгчийн өргөө - Чонхуадэ]
Чонхуадэ нь БНСУ-ын ерөнхийлөгчийн өргөө бөгөөд Сөүлийн Жунну дүүргийн Сэжун гудамжны 1тоотод харъяалагддаг. Ард нь Бүгаг уул орших ба хурлын танхим, хүлээн авалтын танхим, амьдрах өргөө зэрэг нь үндсэн өргөөндөө, нарийн бичгийн өрөө, бие хамгаалагчийн өрөө, зочдын өргөө зэрэг нь тусдаа байранд байдаг. Өргөөний өмнө болон ард цэцэрлэгтэй, түүнчлэн цөөрөм бий. Курёгийн үед Намгён Игүн байсан газар ба Жусоны үед 1426онд Кёнбүг хааны ордон баригдсан тул хааны ордны амралтын ордон болгон Кёнмүдэ гэж нэрлэж байжээ. 1927онд Японы колоничлолын үед нураагдсан бөгөөд, Жусоны Хяналтын Төв хорооны байр оронд нь баригджээ. 8сарын 15наас хойш Жусонд байрлаж байсан Хажи америк генерал амьдарч байгаад Солонгосын засгийн газар байгуулагдаж, И Сын Ман ерөнхийлөгчийн өргөө болгож ашиглаж байгаад Кёнмүдэ гэдэг нэрээр эргүүлэн нэрлэсэн ба 1960оны 8сард Юүн Бу Сон ерөнхийлөгч ирж амьдарснаар Чонхуадэ-Хөх ордон хэмээн нэрийг нь өөрчилжээ.
[Дайны дурсгалын цогцолбор ]
Эртний үеэс өнөөг хүртэлхи хугацаанд гарсан цэрэг дайны холбогдолтой бүхий л материалыг цуглуулж хийсэн үзэсгэлэн гардаг. Түүнчлэн хүүхэлдэйгээр яг тухайн орчныг бий болгож хийсэн диарам нь тухайн үеийн дайны байдлыг бодитоор мэдрүүлдэг. Дурсгалын цогцолборын үзэсгэлэнгийн танхим нь дайнд эрсдэгсдэд хүндэтгэл үзүүлэх зал, дайны түүхийн зал, хоёр Солонгосын дайны зал, Вьетнамын болон гадаадын дайнд очиж тулалдсан цэргүүдийн зал, улсын цэргийн хөгжлийн зал, радиаторын зал зэрэг 7 үндсэн залнаас бүрдэх ба түүнээс гадна дайны туршилтын зал, нэгдсэн зураглалын зал, гадаах үзэсгэлэн зэрэг хэсгүүдтэй.
[Сүннэ хаалга ]
Сүннэ хаалга нь улсын түүхт дурсгалт зүйлийн 1дугаарт бүртгэгдсэн, Жусоны үеийн нийслэлийн өмнөд хаалга байсан бөгөөд Намдэмүн буюу өмнөд их хаалга хэмээн нэрлэдэг байжээ. Жусоны үед Хятад, Японы бүх элч нар энэ хаалгаар заавал өнгөрч нийслэлд ирдэг байжээ. 1396онд баригдаж өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа энэ хаалга нь бусад хаалганаас хамгийн том нь бөгөөд өнгө алаглам дээврийн хийцээрээ агуу юм. Шөнийн гэрэлтүүлэг чимэглэл суурилуулсан тул шөнө улам үзэсгэлэнтэй.
[Сөүлийн талбай ]
2004онд Сөүлийн төвд хотын захиргааны өмнө байгуулсан талбай. Хотын иргэдийн хамгийн их цуглардаг талбай бөгөөд 1987онд эсэргүүцлийн цуглаан болж байсан ба 2002оны дэлхий хөл бөмбөгийн тэмцээнийг иргэд нийтээрээ энд телевизээр үзэж хөгжөөн дэмжиж байлаа. Зүлгэн талбайд янз бүрийн соёлын арга хэмжээ явагдах ба “Сайн байна уу, Сөүл фестиваль” болон “Тэжун шагналын кино наадмын нээлт” зэрэг том том арга хэмжээнүүд энэ талбай дээр болсон билээ. Энэ талбайд нийт 48 гэрэл суурилуулсан бөгөөд гэрэлтүүлгээс шалтгаалан янз бүрийн хэлбэр үүсгэн оргилдог усан оргилуур байх ба ойр хавийн бусад зүйлстэй хоршин шөнийн гайхамшигт төрх байдлыг харж болно. Зун нь зүлгэн талбай, өвөл нь тэшүүрийн талбай болгон иргэд чөлөөтэй тоглож нааддаг.
[Зах ]
Намдэмүн, Дундэмүн зах нь Солонгосчуудад төдийгүй гадаадын хүмүүст ч нэртэй танил газар юм. Эдгээр захад төрөл бүрийн хувцаснаас эхлээд гэр ахуйн бараа, үндэсний хатгамал, урлалын зүйлс, гоёл чимэглэлийн зүйлс, хүнсний зүйл, газар тариалан болон далайн бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүнийг хямдхан үнээр худалдаалдаг Солонгосын хамгийн том зах юм. Ихэнхи бараануудыг шууд үйлдвэрээс гарган авчирч зарах ба өглөө үүрээс эхлэн наймаачид худалдан авагчдаар хөл хөдөлгөөнтэй. Шөнө оройн цагаар Намсан уулан дээр гарвал Сөүлд хамгийн их гэрэлтэй газар Намдэмүн, Дундэмүн зах гэдгийг харж болох ба шөнө дунд ч олон хүний хөл холхилдсон газар байдаг билээ. Эдгээр захуудын хамгийн гол онцлог нь бүх барааг хямдхан худалдаж авч чадна. Солонгосчуудын дунд тархаж байгаа фешн дизайны гол цөм тул орчин үеийн дизайн сайтай бараагаар дүүрэн дэлгүүрүүдээр нас хүйс, үндэстэн иргэншлийн ялгаагүй хүмүүс хөлхөлдөх нь олон. Сөүлд бас нэртэй захын нэг бол түмэн барааны зах хэмээн нэрлэгддэг Хванхаг хороололд орших хуучин барааны зах юм. Чонгечоны 8дугаар гудамжинд орших энэ зах нь 500гаруй лангуу дэлгүүртэй, 1950-1960оноос ийнхүү хуучин барааны зах дэлгэрч эхэлсэн бөгөөд эх орны өнцөг булан бүрийг хэрэн хэсч ховор нандин барааг хүртэл цуглуулдаг гэсэн утгаар нь ийнхүү нэрлэжээ. Энэ зах нь эртний бараа, хуучин бараагаар пиг дүүрэн агаад үнэ хаялцах нь тун сонирхолтой. Энэ захыг бас хүмүүс чөтгөрийн зах гэж нэрлэх нь бий. Хичнээн хуучирч элэгдсэн бараа ч эндхийн наймааачдаар дамжин шинэ бараа шиг өөрчлөгддөгөөс тэр.
[Мёндун]
Мёндуны мөнгөний эргэлтээр Солонгосын эдийн засгийн харж мэднэ гэж хэлж болох бөгөөд Хангүг банкнаас эхлээд Гүнмин, Хана, Вэхан зэрэг банкны төв офисууд бөөгнөрсөн энэ газар нь Солонгосын банк санхүүгийн төв газар билээ. Энд банкны гучаад салбар, хориод үнэт цаасны компани, хориод хоёр дахь санхүүгийн байгууллага, нийт 70 байгууллага байрлаж байна. Түүнчлэн Сөүлийн хотын төвөөс хамгийн өнгө үзэмжтэй, соёлын хувьд ч элбэг дэлбэг гудамж гэж хэлж болно. Олон тооны фешн дэлгүүрүүдтэй, гитарын амьд тайзтай тоглолт болдог, түүнчлэн хүмүүст амт сайтай хоолоор үйлчлэх олон хоолны газрууд эгнээстэй байдаг. Мёндунд ирж дэлгүүр хэсэх хүмүүсийн тоо өдөрт 2 саяд хүрдэг ба сүүлийн үед гадаадынхан ч их очдог газар болоод байгаа тул Япон, Хятад хэлээр бичсэн зар, тайлбарыг амархан олж харж болно. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674899/cb0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5678
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2959
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2597
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2665
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2541
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3486
» Сөүл Levi`s 2010-01-19 7016
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4098
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4840
1 Солонгос Levi`s 2010-01-19 4304
배너신청
자생병원

배너신청