Moderator: mgl_300
Дэлхийн анхны “хуруу шилний хүүхэд” Луис: Надад бусдаас ялгарах юм байхгүй
Уншсан 809 vote 0 2010.12.05 21:12:46Хуруу шилний аргаар бүтсэн хамгийн анхны хүүхэд 1978 онд мэндэлсэн түүхтэй. Энэ нь тухайн үед анагаах ухаанд төдийгүй шинжлэх ухаанд хамгийн том ололт болсон билээ. Ингэснээр хүүхэдтэй болж чадахгүй байсан сая сая гэр бүлд аз жаргал авчрах болсон юм. Их Британийн залуу хос Лесли, Жонс ийм асуудалтай хосуудын нэг байв. Хатагтай Леслийн хоёр умайн гуурсан хоолой нь битүүрснээс есөн жилийн турш жирэмслэх боломжгүй байв. Хосууд олон эмч нарт хандсан ч тусламж авч чадсангүй. Аргаа барсан тэд эцэст нь энэ чиглэлээр мэргэшсэн Патрик Стептоэ гэгч эмчид ханджээ. Тэрээр хамтран зүтгэгч Роберт Эдвардсын хамт тэдэнд тусалжээ. Тэд Леслийн өндгөвчнөөс өндгөн эсийг авч, лабораторийн нөхцөлд Жонсын үрийн шингэнтэй нийлүүлж, таван хоногийн дараа хатагтайн умайд суулгасан нь амжилттай болсон юм. Ийм аргаар төрсөн охин Луис Жо Браун шаргал үстэй, цэнхэр нүдтэй байсан агаад 2.608 кг жинтэй мэндэлжээ. Эх Лесли нь охиноо кесарево хагалгаагаар төрүүлсэн юм. Луис охины дүү Натали Браун ч бас ийм аргаар төрсөн бөгөөд хуруу шилний аргаар төрсөн 40 дэх иргэн болжээ. Анагаах ухаанд гарсан энэхүү шинэ ололтыг олон орны эмч нар турших болж, өөрийн орондоо нэвтрүүллээ. Одоо жил бүр энэ аргаар мянга мянгаараа хүүхэд мэндлэх болсон байна. Зөвхөн Их Британид гэхэд энэхүү аргаар жил бүр 9000 хүүхэд төрдөг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ уг аргыг 35-аас доош насныханд хэрэглэхэд илүү амжилттай байдаг талаар судлаачид онцолсон байна. Харин хуруу шилний анхны хүүхэд Луис 28 насандаа хүү Камероныгоо байгалийнхаа жамаар төрүүлжээ. Түүнийг 30 хүрэхэд дэлхий дахинаа анагаах ухаанд шинэ эрин эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэсэн байна. Охин ийм аргаар төрсөн тухайгаа анх аав ээжээсээ таван настай байхдаа мэдсэн гэдэг. Гэвч тэрбээр хэвлэлийнхэн түүнийг сонирхох болсон үеэс энэ нь таагүй санагддаг байсныг ярьжээ. “Надад бусдаас ялгагдах зүйл байхгүй” хэмээн тэрбээр гурван жилийн өмнө “The Independent on Sunday” cонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Хуруу шилний аргаар төрж дэлхийд алдартай болсон тэрээр эцэг, эхчүүд шинжлэх ухааныг ашиглан үр хүүхдийнхээ хүйсийг сонгох нь буруу гэж онцолжээ. Мөн тэрээр хуруу шилний хүүхэд гэж сургуульд байхдаа шоолуулдаг байснаа дурдсан байна.
Луис нөхөр Вэсли Муллиндертэй 2004 онд гэрлэжээ. Тэрбээр ирээдүйн нөхөртэйгөө шөнийн клубт анх танилцсан гэдэг.