Хүүхдүүд ”цалин”-тай золголоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр УИХ-д иргэн бүрт 2010 онд Хүний хөгжил сангаас хишиг хүртээх тухай, Иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Шинэ он гарангуут иргэн бүрт 120 мянган төгрөг олгох Хүний хөгжил сангийн тухай хууль хэрэгжиж эхлэх учраас Засгийн газар уг хишгийг хэрхэн олгох журмаа хуульчлахаар шавдсан нь энэ. Мөн шинэ онтой зэрэгцээд хүчингүй болох хүүхдийн мөнгө дагасан олны дургүйцэл, бухимдал ч нөлөөлсөн бололтой. Хүүхдийнхээ cap, улирлын “цалин”-гаар амь зуудаг хүмүүст хүүхдийн мөнгийг тэглэх шийдвэр хэцүү туссан нь мэдээж.
“Хүүхдийн мөнгийг булаалаа” гэсэн тэдний шаардлага зүй ёсных. Эхний ээлжинд Засгийн газар хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд 30 мянган төгрөг олгохоор шийджээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын өмнөхөн хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд улирал бүрийн тогтмол “цалин”-тайгаа золгох нь.
Харин бусад иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараа буюу Цагаан сараас хойш эх орны хишгээ хүртэж эхлэх юм байна. Ер нь Засгийн газар бусад иргэдэд олгох 120 мянган төгрөгийг хоёр хувааж хагас жилд нэг удаа хувь тараахаар зэхэж байгаа ажээ.
Хүний хөгжил сан бол улстөрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлэх зорилготой ч нэртэйгээ уялдсан үйлчилгээг ард иргэдэд хүргэх учиртай. Улсын төсөв олон төрлийн халамжийг давхардуулах санхүүгийн чадвар хомсоос шалтгаалан хүүхдийн мөнгө танагдахад хүрсэн. Нэг талаар халамж, амлалтыг хослуулан “нэг сумаар хоёр туулай” буудаж байгаа мэт харагдавч нөгөө талаар өрх бүрт очих бодит орлогыг нэмэгдүүлэхийг чармайж буй Засгийн газрын шийдвэр байгаа оножээ. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийлээд сая 300 мянгуулаа. Хүн амын тал хувь нь эхний ээлжийн мөнгийг хүртэх нь “Хүний хөгжил” сангийн ач холбогдол, цар хүрээг тодорхойлж буй хэрэг. 0-18 насныхан сард 3000, улиралд 25 мянга, жилдээ 136 мянган төгрөгийн орлоготой байдаг. Гэтэл иргэн бүрт олгох 120 мянган төгрөгт хүүхдийн мөнгө шингэж байгаа болохоор хүүхдүүдийн хувьд 16 мянган төгрөгийн алдагдалтай.
Гэхдээ энэ алдагдал 0-18 насныхны аав ээж, ах эгч, дүү, эмээ өвөөд нь нэр заан өгч буй 120 мянган төгрөгөөр нөхөгдөх боломжтой бөгөөд гэр бүлийн бодит орлогыг өмнөхөөс ч илүү өсгөх юм байна. Хамгийн багаар нэг өрхийг дөрвөн ам бүлтэй гэж тооцоход жилдээ 480 мянган тагрөг өрхийн төсөвт нэмэгдэх боломж бүрдлээ. Уг нь хуучнаар бол хоёр хүүхдийн 272 мянган төгрөг аваад л болоо шүү дээ.
Засгийн газар 120 мянган төгрөгийг хүртээхдээ шат дамжлага багатай байхаар төлөвлөж байна. Хүүхдүүд cap, улирлын мөнгө авдаг дэвтрээрээ, ахмад настнууд тэтгэврийн дэвтрээрээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн дэвтрээрээ 30 мянган төгрөгийг саадгүй авах эрхтэй байхаар хуульчлах аж. Тэгвэл ирэх долоо хоногоос УИХ дахь намын бүлгүүд хувь хишиг хүртээх журмыг хэлэлцэхдээ хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжилсан Засгийн газрын саналыг хүндэтгэн үзэх биз ээ. Харин дээр дурдсанаас бусад иргэд буюу эрүүл саруул 19-55 насныхан иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байж 120 мянгаа авах эрх үүснэ. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдсан, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд сангаас хишиг хувь хүртээнэ” гэж заасан. Тиймээс бүртгэлийн хувьд ямар ч “но”-гүй иргэд 120 мянган төгрөгтэй болох ба хороо хориндоо бүртгэлтэй эсэхээ одооноос шалгахад илүүдэхгүй. Эх орны хишгийг иргэн бүрт хүртээх далимаар бүртгэлийг төгөлдөршүүлэх боломж нээгдэнэ. Өнөө ч бүрэн цэгцлэгдээгүй иргэний бүртгэлийг нэг далайлтаар эмхлээд авбал ч төр засгийнхны цаасан дээрх хамгийн том “бүтээн байгуулалт” болж мэднэ. Иргэд нь гар дээрээ мөнгөтэй, төр нь бүртгэлийн төгөлдөршилтэй болчихвол ч ирэх оны олз байх шүү.
Н.Хажидсүрэн