Хүний хэрэглээ барагдашгүй. Хөгжил урагшлах тусам хэрэглээ улам ихэснэ.
Хүний асар олон хэрэглээний нэг нь гялгар уут, хуванцар сав, Бид иймэрхүү сав баглааг нэг удаа хэрэглээд л хог руу хаядаг. Олон улсын судалгаагаар хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хог болгон хаядаг аж. Бүх төрлийн хуванцар сав, гялгаруут байгальд хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Гялгар уут гэхэд хөрсөнд 50-400 жил хадгалагдан байгаль орчныг бохирдуулж байдаг. Түүнчлэн байгальд хор нөлөөгүй болох хугацаа нь 1000 жил ч үргэлжилдэг байна. Хэдийгээр хотод хогийг ихэнх газар өдөр бүр ачдаг болсон ч нийт хог хаягдлын 30 хувь нь ачиж цуглуулах явцад тухайн орчиндоо хаягддаг бол 5.4 хувь нь хогийн төвлөрсөн цэг рүү хүргэгдэх замдаа хаягддаг аж.
Хүн төрөлхтөн техник, технологийн дэвшлээр шат ахих тусам байгальд хор нөлөөлөл үзүүлэх зүйлсээс татгалзахыг эрмэлзэх болсон ч хэрзглээнээс болоод энэ эрмзлзлэлээ төдийлөн ажил хэрэг болгож чадахгүй байна. Гэвч ийм хэрэглээнээс татгалзахын сацуу хэрэглэсэн хог хаягдал гялгар уут, хуванцар саван хаягдлыг дахия боловсруулах замаар энэ төрлийн хогноосоо салах боломж бас байна. Тэр ч байтугай хуванцар материалаар эмээл хийснээ үзэсгэлэнд тавьсан байсныг нэгэн багш үзэж, энэ тухайгаа “Шинжлэх ухаан, танин мэдэхүй” сзтгүүлд бичсэн байсан. Харин гялгар уут, хуванцар сав боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн жижиг үйлдвэр Дархан хотод үйл ажиллагаагаа эхлүүлээд таван жил болж байна. Ийм үйлдвзрийн үйл ажиллагааг зөв чиглүүлэн дэмжиж чадваас байгаль орчноо бохирдуулахаас сэргийлж, ой модоо хамгаалж, ядуурлыг бууруулахад тус нэмэр болж, импортыг орлуулсан бүтээгдэхүүнтэй болох боломж байна. Энэ талаар “Сан-Оргиу” ХХК-ийн захирал Г.Олонбаяртай ярилцлаа.
-Та зоотехникч мэргэжилтэй хүн гэсэн. Гэтэл шал өөр салбарт бизнес эрхлэх болж. Тэгэхээр “Сан-Оргиу” ХХК-ийг анх яагаад байгуулах болов?
-Би уг нь зоотехникч мэргэжилтэй хүн. Зах зээлд шилжих үед мал хувьчлагдаад бүх зоотехникч ажилгүй болсон. Тэгээд 1992 онд Увс аймгаас Дарханд шилжиж ирсэн. Тэрнээс хойш олон ажил хийсэн дээ. Зохиомол хээлтүүлгийн аж ахуй байгуулж үзсэн. Худалдаа наймаа ч хийж үзлээ. Тэгж байгаад 2004 оноос эхлээд хаягдал хоёрдогч түүхий эд авах цэг ажиллуулж эхэлсэн. Үүнээсээ улбаалаад хог хаягдлын дийлэнх нь хуванцар, гялгар уутыг дахин боловсруулах санаа төрж, судалгаа хийгээд 2005 онд энэ компаниа байгуулсан. Сан гэдэг нь арвижихын нэр, Оргиу гэдэг нь манай нутгийн өвөлжөөний нэр.
-Хог хаягдлын дийлэнх нь гялгар уут байх шиг байдаг. Тэгэхээр түүхий эдийн хувьд хангалттай биз дээ?
-Түүхий эдийн зах зээлийн судалгаа хийсэн. Дархан 23 мянган өрхтэй. Нэг өрхөөс хамгийн багадаа сард 5 кг хаягдал хуванцар гардаг. Үүний нэг хэсэг нь гялгар уут, нөгөө хэсэг нь цөцгийн тос, кетчупний сав гэх мэт хуванцар сав баглаа боодлууд байдаг. Улаанбаатар 230-240 мянган өрхтэй гэдэг. Нэг айлаас 5 кг гэж бодоход сард 1000 орчим тонн ийм төрлийн хаягдал гарна гэсэн үг. Улсын хэмжээгээр 700 мянган өрх гэж бодоход 35 мянган тонн хаягдал гарч байдаг. Энэ хаягдал байгальд шингэдэггүй, бохирдол үүсгэж байдаг. Тэгээд л энэ их хаягдлыг байгальдаа хаяж бохирдуулж байхаар дахин боловсруулж үзье гэж бодоод янз бурээр туршсаар байгаад аргыг нь олсон доо. Траншейны нүхний таг, сандал, хашааны шон бас банз орлуулсан бүтээгдэхүүн зэрэг зүйл хийж байна. Тэгээд ч байгаль орчинд ээлтэй болох нь харагдаж эхэлсэн.
-Зарим төрлийн гялгар уутыг хилээр нэвтрүүлэхгүй байхаар хууль баталсан. Тэгэхээр танай түүхий эд багасах уу?
-Дэлгүүрээс хүнсээ аваад явахдаа хийгээд явдаг уут, хүнсний бүтээгдхүүн савладаг гялгар уут нийт хуванцар хог хаягдлын маш өчүүхэн, ердөө 0.5 хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ хогийг зайлуулах гэж нэг их хөрөнгө заралгүй, шийдэх боломжтой. Хэдийгээр хуванцар хог хаягдлыг багасгая гэж байгаа ч бүх юм гялгар уут, хуванцар саванд савлагдаж байна. Ширээ сандал, компьютер гээд өч төчнөөн зүйлүүд хуванцар гаралтай бүтээгдэхүүнээр хийгдэж байгаа болохоор дэлхий дахинд их нэвтэрсэн. Тийм болохоор ойрын 100 жилдээ лав хуванцар хог хаягдал арилахгүй.
-Нэг сандал хийхэд ямар хэмжээний гялгар уут орох вэ?
-50 кг галгар уут орж байна. Нэг гялгар уут 1 грамм гэж бодоход 50 мянган гялгар уут орно. Тэгэхээр асар их хогийг алга болгож байгаа биз.
-Анх үйлдвэрээ байгуулахдаа санхүүгийн асуудлаа яаж шийдэв?
-Банк санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээл аваад өчнөөн зүтгэлээ. Өнгөрсөн 5 жилд зөвхөн хүүнд нь 130 сая төгрөг төлсөн. 1100 гаруй тонн хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болголоо. 330 сая төгрөгийн хог хаягдал худалдаж авсан. 700 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. 120 саяыг нь цалинд, 330 саяыг нь хог хаягдал түүдэг хүмүүст очсон. 460 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хог хаягдал цэвэрлэх тээвэрлэх ачиж буулгах гэж асар их зардал гардаг. Энэ зардлыг бага ч гэсэн хэмнэлээ. Улс эх орондоо ашигтай юм хийж байна гэж бодож байна.
-Улс орондоо ашигтай гэснээс банз орлуулсан бүтээгдэхүүн танайх хийдэг гэсэн. Банзыг хувцанцараар орлуулаад байвал модны хэмнэлт багагүй гаргаж болох нь ээ?
-Ой модны баялгийг их хэмжээгээр хэмнэж болно. Нэг тонн хуванцараар хийсэн банз мод орлуулсан бүтээгдэхүүн 1.5 шоо метрээс доошгүй цэвэр банз материалтай тэнцдэг. Ингээд бодохоор өнгөрсөн хугацаанд 1650 шоо метр банз хэмнэжээ.
-Түүхий эдээ хаанаас, яаж авдаг юм бэ?
-Дархандаа түүхий эдийн цэгүүд байгуулсан. Тэр цэгүүд цаашаа ажилгүй, орон гэргүй гэх мэт түүгээд өгдөг хүмүүстэй холбоотой. Улаанбаатараас хэд хэдэн үйлдвэрүүдийн хаягдлыг авна. Улаанчулуутын хогийн цэгийн дагуу бас түүхий эд цуглуулдаг хэсэг бий. Гэхдээ үйлдвэрлэлтийн цар хүрээ жижиг учраас жилдээ 250-300 тонн хаягдал л авч боловсруулдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр ачдаг, цэвэрлэдэг буулгадаг зардлын нэг хэсгийг үүрч байна. Хог хаягдлын тэн хагас нь хуванцар бүтээгдэхүүн байдаг болохоор энэ үйлдвэрийг маань аихаараад боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх юм бол олон талын ач холбогдолтой байх болов уу.
Маш олон хүн хуванцар хаягдал тушааж, хоногийн хоолтой золгож байгаа болохоор ядуурлыг бууруулахад ч нэмэр болно, байгаль орчинд ээлтэй, хог хаягдлыг бууруулахад тустай, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлоготой Нягт уялдаж байна. Дээр нь багахан хэмжээний ойн нөөцөө хэмнээд, мод орлуулан дахин дахин ашиглаад байж болно.
Түүхий эдээс цаасыг дахин боловсруулдаг болсон. Зарим барилгын материалыг буцаагаад ашиглаж байна. Шил, төмрийг мөн л эргүүлээд ашиглаж байна. Заавал хог боловсруулах том үйлдвэр байгуулалгүй, аймаг бүрт жижиг ийм үйлдвэртэй болчихвол импортоор авдаг зарим бүтээгдэхүүнийг ч орлуулдаг болно.
-Гялгар уутыг хайлуулж юм хийхэд агаар бохирдуулах зэргээр байгальд хортой зүйл гарахгүй юу?
-Манайх гялгар уутыг хайлуулж хийдэг. Гялгар уутыг хайлуулахад молекул бүтцэд нь өөрчлөлт гардаггүй учраас тийм хортой зүйл гардаггүй. Харин шатаахад л их хортой утаа агаарт цацагддаг.
-Түүхий эдээ ч, зах зээлээ ч бодсон Улаанбаатар руу нүүж ирвэл дээргүй юу? Энд тэнд салбар үйлдвэр бий юу?
-Дарханд амьдарч байгаа болохоор тэндээ энд тэндээс элдвийн тоног төхөөрөмж авч эвлүүлж янзлаад л хийсэн. Хөрөнгө мөнгөний бололцоо байвал Улаанбаатарт орж ирэх шаардлагатай байгаа л даа. Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Улаанбаатар усны байгууламж гэсэн 4 газар жижиг үйлдвэр байгуулж огсөн. Авч явж байгаа хүнээсээ шалтгаалаад янз бүр л явж байна. Зарим нь сайн ажиллаж, зарим нь ч тэгсгээд зогссон.
-Яг ямар хуванцараар танайх бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Манай үйлдвэр зөвхөн гялгар уут, зөөлөн хуванцар боловсруулах технологитой байгаа. Ер нь 100 гаруй төрлийн хуванцар материал байна. Хайлах, даац, уян хатан чанар, галд тэсвэрлэх чадвар гэх мэтээрээ өөр өөр байдаг. Хамгийн их уршиг тарьж, хог хаягдал болоод байгаа ойр зуурын гялгар уутыг зөөлөн хуванцар савтай хамт боловсруулж байна. Гэхдээ бүх хуванцарыг боловсруулах асар их боломж бий.
-Шинэ техних, технологи нэвтрүүлэх талаар юу бодож, төлөвлөж явна даа?
-Янз бүрийн шийдэл олсон. Шинэ технологи, техник нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал манай бүтээгдэхүүн эрс өөр болно. Эрэлт хэрэгцээ ч нэмэгдэнэ. Бидний бүтээгдэхүүн үйлдвэртээ авч байгаа зүйл бол нийт хог хаягдлын маш өчүүхэн хувийг эзэлдэг. Дэлхий нийтэд хуванцар материалын хэрэглээ асар их нэвтэрсэн. Оймсны уутнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүн тэр чигээрээ полимер материалаар хийсэн саванд савлагддаг. Машин техник, үйлдвэрлэлийн эд анги хүртэл хуванцар байна. Үүнээс бодохоор импортын хөрөнгийг ч хэмнэж байна. Бидний хувьд үйлдвэрээ гарцаагүй өргөжүүлэх шаардлагатай байна. Ганцхан санхүүгийн эх үүсвэр олдохгүй байна. Бидэнд наад зах нь 200-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй.
-Зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж үзэв үү? Энэ жил чинь жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил гээд харьцангуй их зээл өгөөд байх шиг байна. Энэ зээлээс авч чадаагүй юу?
-Барьцаа хөрөнгө муутай, хямрал гээд төсвийн байгууллагууд юм худалдаж авах нь багасаад, зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй байна. Дээрээс нь банкууд зээл нэмж олгохгүй байгаа. Үүнээс болж үйлдвэрлэл маш их хумигдаж байна. Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ техник хэрэгтэй байна. Тэрний төлөө хөрөнгө оруулагч, зээл олгогч хайгаад л явж байна. Борлуулалт муу байгаагаас өмнөх зээлээ төлж чадаагүй болохоор жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авч чадсангүй. Урьд нь борлуулалт жилдээ 150-200 сая төгрөг хүрчихдэг байсан. Энэ жил дөрөвний нэгд нь ч хүрэхгүй байна.
-Байгаль орчинд ээлтэй ийм үйлдвэрийг дэмжих газар байгаа байлгүй дээ? Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байгаа. Тэнд танай бүтээгдэхүүн нэлээн хэрэгтэй болох юм биш үү?
-Дэлхийн зөн, Швейцарийн хөгжлийн агентлагийнхан манайхтай хамтарч ажиллаж байгаа. Байгуулсан жижиг үйлдвэрийг маань хөрөнгө оруулалтаар дэмжээд өгөх хэрэгтэй байна. Олон ч хүнтэй уулзсан. Нэг л болж өгөхгүй байна. Олон улсын байгууллага болохоор хувийн компанитай харьцдаггүй, Засгийн газар юмуу төрийн бус байгууллагатай хамтардаг гээд байдаг. Би сая УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нартай уулзахаар ирсэн. Төсвийн хэлэлцүүлэг эхлээд завтай хүн алга, уулзаж чадсангүй. Өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүдтэй уулзах гэсэн бас болж өгсөнгүй. Сонгогдсоноосоо хойш хоёр удаа уулзсан. Гэхдээ бас тоймтой шийд гараагүй л байна. Байгаль орчны сайдтай ярих хөөрөх юм их л байна. Баянгол дүүрэг дэх Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд хашаа хийхээр болж, гэрээ байгуулсан байсан ч хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй болсон гээд больсон. Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батнартай уулзаж, асуудлаа танилцуулсан. Тэд дэмжиж байгаа. Одоохондоо бололцоо нь гарахгүй л байх шиг байна.
Хүний хөдөлмөр их ордог учир бид бүтээгдэхүүнээ хэт хямд борлуулах боломжгүй. Ядаж л хашааны шон авсан малчинд тариаланчдад дэмжлэг үзүүлэх ч юмуу ямар нэг хэлбэрээр дэмжиж болно шүү дээ. Байгаль орчноо хамгаалахад хамтарч ажиллаач ээ гэж дамжуулж хүсмээр байна.
-Татвараас чөлөөлөх гээд санхүүгийн талаар ямар нэг дэмжлэг үзүүлж байна уу?
-Тийм дэмжлэг үзүүлээгүй ээ. Манай байгууллага чинь түүхий эдээ хаанаас авдаг билээ. Сэлбэг хэрэгслээ болохоор зах дээрээс жижиг худалдаачдаас авдаг. Тэгэхээр тэдэнд ямар юмны падаан энэ тэр байхав дээ. Гэтэл манайх болохоор бүтээгдхүүнээ худалдахдаа НӨАТ-тай борлуулдаг. Иймэрхүү байдал дээр харж үзээд, байгаль экологид ээлтэй, ядуурлыг бууруулахад тустай гэдэг талаас нь татвараар ч юмуу ямар нэг аргаар дэмжээд өгөөсэй л гэж бодож байна.
-”Тогтвортой амьжиргаа” зэрэг янз бүрийн хөтөлбөрүүд иймэрхүү санал санаачилгыг их дэмждэг шүү дээ? Өөр хөрөнгөтэй том компаниудад санал тавьж үзсэн үү?
-Тийм хөтөлбөрүүд болохоор 3-5 сая төгрөгийн санхүүжилт хийхээр байдаг. Гэтэл манайх үйлдвэрлэлээ өргөтгөх шинэ технологи оруулах талаар ярьж байгаа болохоор 100-аас дээш сая төгрөг хэрэгтэй байгаа. Эм Си Эс, Жаст группийнхэнтэй ярьсан. Бүтээгдэхүүн худалдаж авах замаар дэмжье гэж байгаа. Одоохондоо манайх тэдний шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд техник технологийн боломжгүй байна. Тэд манай хүчин чадлаас давсан юм шаардаж байна. Манай компанитай хамтарч ажиллах, техник технологийг дээшлүүлэх санаа байвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна. Ер нь санхүүжилт байгаад техник, технологио сайжруулчих юм бол борлуулалтад айлтгүй шүү.
-Ажлын байр харин нэлээдийг бий болгосон байх аа?
-Түүхий эд цуглуулах шатандаа 200 гаруй хүний ажлын байр бий болгосон. 27 орчим хүний ажлын тогтмол байр бий
hogoo ashiglana gedeg ih zov. hog ashiglana geed hog uhaad yavj bailtai bish. bairnuudin gadaa ter hayagdlinhaa savniuudig tavihad l bolchiishd ug ,