
Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад...
Уншсан 1924 vote 0 2009.06.08 17:47:32
- Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад явчихна гэж тэр ахмад дайчин ярьсан. Дандар баатар микрофон бариад орилоогүй нь лав. Байлдаан болж буй фронт яаж нам гүм байх вэ. Буу, пулемёт тачигнаж, их буу нижигнэж байгаа. Гэтэл тэр их дуу чимээг дарж Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо”.
- Манайхан давшаад явчихлаа. Би их бууныхаа дурангаар харж байгаад Дандарын цавчсан эхний япон дээр тусгал, багцаагаа тааруулаад “За, Дандарын цавчсан японыг үзье” гээд нөхөдтэйгөө хамт алхаж очоод, тэр японыг үзсэн. Зүүн мөрнөөс нь баруун ташаа хүртэл нь ташуу тас цавчаад хаячихсан, элэг, уушиг, хамаг дотор эрхтэн нь ил гарчихсан хэвтэж байсан.
Эл бичил тэмдэглэл “Сонин тохиол” номонд минь орсон. Даяар Монгол сонины эрхлэгч Б.Номинчимид маань АНУ-д байхдаа энэ номыг минь хэвлэх гээд би компютерт шивсэн эхээ түүнд явуулсан байв. Нэг өдөр Блүүмингтон-д байсан түүнтэй би Виржиниагаас утсаар ярилаа. Тэгсэн Б.Номинчимид маань яг үүнтэй адил тохиолын тухай:
- Баатар хүн гэдэг ондоо байдаг гэнэ лээ. Нэхийт баатар бас хүнийг тэгж цавчдаг байсан. Манай аав Баасан, Нэхийт баатрын комиссар байсан, Байтаг ууланд Нэхийттэй хамт байлдаж явсан. Нэхийт бол ер нь нэлээд зэрлэг, догшин эр байсан гэдэг. Айсан, ядарсан цэргээ буудчихаж байсан удаатай. Манай аавыг хүртэл буудах шахсан. Нэг удаа аав маань Нэхийт, бас хэдэн цэрэгтэйгээ тагнуулд яваад, хил гатлаад цаашаа 120 километр (120 гэлүү 150 гэлүү) цөмрөөд явж байтал гэнэт Гоминданы цэрэгтэй тулгарчээ. Дайсны цэргүүдийг тэд эхэлж харж. Байдал ер нь их эвгүйтэх тийшээ болоод явчихаж. Аав маань ийм үед эрхгүй нутгийнхаа зүг эргэж хараад, ээ дээ тэр хурган цагаан үүлний доохон л нутгийн минь хил байгаа даа. Эх Орон минь тэндээс л эхэлнэ дээ гэж бодоод 120, эсвэл 150 км бас ч хол газар тул эвгүй юм бодогдоод нүдэнд нь нулимс цийлэгнээд иржээ. Гэтэл дэргэд нь бууны замаг тачигнаад:
- Чи миний суманд үхэх үү, дайсны суманд үхэх үү! гэж Нэхийт зандарчээ. Нэхийт баатар олзолсон хүнээ эрүүн дороос нь тагнайг нь нэвт жадлаад, нэвт жадалсан газраараа цулбуурдаад мориныхоо араас хөтлөөд ирдэг байсан.
Тийм зэрлэгдүү, догшин эр байсан тул баатар цолыг нэлээд хожуу, 1950-иад он гаргаж байж авсан. Уг нь аль эрт баатар болчих байсан хүн гэхчлэн Нэхийт баатрын тухай ааваасаа сонсож мэдсэнээ яриад:
Харин миний аав бол хүнийг тэгж бүтэн, тас цавчиж арай бардаггүй, талд нь ортол цавчдаг байсан. Тэгшээ, Даваадорж, Лхагвадорж нар Нэхийт, манай аав хоёрын цэргүүд. Нөгөө кинонд гардаг даа, яг тэр тулалдааны чинь урд өдөр аав маань бяцхан сахилга алдаад, сахилгад сууж байж. “Амьд үлдэх хүн гэдэг амьд үлддэг юм билээ. Би тэр сахилгад сууж байгаагүй бол цэргүүдтэйгээ хамт тэр тулалдаанд орох л байсан” гэж аав минь ярьдаг сан гэж Б.Номинчимид маань надад утсаар хуучилж билээ. 2008 оны 3-р сард, АНУ-аас явахынхаа өмнөхөн.
Л.БАТБАЯР
2009. 4-р сар