

"Forbes" сэтгүүлээс шалгаруулдаг алдартнуудын жагсаалтад энэ удаа нэлээд өөрчлөлт гарсан байна. Сүүлийн хэдэн жил дараалан ток шоуны хатан хаан Опра Уинфри энэ жагсаалтыг тэргүүнийг ноёлдог байсан байр сууриа Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолид алджээ. Гэхдээ Опра тэргүүнээ булаалгасан ч ашиг орлогоороо тэргүүлсээр байгаа юм. Жагсаалтыг гаргахдаа жилийн хугацаанд олсон ашиг орлого, уран бүтээл, хэвлэл мэдээллийн анхаарлыг хэрхэн татсан зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хамгийн алдартай хүнээр шалгарсан Холливудын үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли өнгөрсөн жил 27 сая ам.долларын ашиг олж, шар хэвлэлийн тэргүүн нүүрийг үргэлж чимж, хэвлэл мэдээллийн салбар түүний тухай мэдээ мэдээлэл, зураганд зай талбайгаа хайрлалгүй зориулсан байна.
Мөн тэрбээр "Wanted" болон "Kung Fu Panda" зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлж, дуу оруулсан юм. Уран бүтээлээсээ гадна хувийн амьдрал нь үргэлж олны анхаарлыг татаж байдаг үзэсгэлэнт бүсгүй өнгөрсөн жил хоёр ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд сүүлийн үед хамтрагч Брэд Питтээсээ салах гэж байгаа гэсэн дуулиан шуугианы төлөө хэвлэл мэдээллийн салбарынхан хэдэн зуун хуудсаа зориулж байгаа юм. Өөрийн амжилтаасаа нэг алхам ухарсан Опра 275 сая ам.долларын ашиг олж удаалжээ. Гуравдугаарт попын хатан хаан, Мадонна, дөрөвт залуу дуучин Бейонси, тавдугаарт гольфчин Тайгер Вүүдс, зурагдугаарт дуучин Брьюс Спрингстин, долдугаарт найруулагч Стивен Спилберг, наймдугаарт жүжигчин Женнифер Анистон, есдүгээрт Брэд Питт жүжигчин, аравдугаарт "Лос Анжелос Лейкерс" багийн тоглогч, супер од Кобе Брайнт нар багтсан байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд дэлхийн алдартнуудын нэгээр нэрлэгдээд байсан дуучин Жастин Тимберлейк, жүжигчин Женнифер Лопес, Жонни Дип, супер модель Тайра Бэнкс нар жагсаалтаас хасагдсан аж.