Солонгос улсад манай улсын иргэн Д.Ганцэцэг есдүгээр сарын 14-ний өдөр Солонгос иргэний гарт амиа алдсан. Зургаан сартай нялх хүүхэдтэй байсан тэрээр нутаг нэгт Монгол эмэгтэй н.Эрдэнэчимэгийг харгис  нөхрөөс нь өмөөрч байгаад ийн золгүй байдлаар бусдад найман удаа хутгалуулж амиа алдсан юм. Өчигдөр Солонгос улсад  Монгол эмэгтэйчүүдийн холбоо, мөн оюутны холбоод хамтран жагсаал хийсэн бол Монголд талийгаач бүсгүйн ээж Д.Нарантуяа, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мөн мэдэгдэл хийлээ. Монголын эмэгтэйчүүдийн хол­боо­ноос Ерөнхий сайд С.Батболдод хүсэлт хүргүүлэхээр болжээ. Уг хүсэлт нь гадаадад хүний гарт амиа алдсан бүсгүйн шүүх хуралд ар гэрээс нь оролцоход өмгөөлөгчөөр  хангах, мөн виз, нислэгийн зардлыг гаргахад тусламж үзүүлэхийг хүсчээ.

Энэ үеэр талийгаач Д.Ганцэцэгийн ээж Д.Нарантуяагаас зарим асуултад хариулт авлаа.

-Шүүх хуралд ямар өмгөөлөгчтэй оролцох гэж байна вэ?

-Өмгөөлөгч аваагүй байгаа. Солон­госын  хуулиар хэрэг шийдэг­дэнэ. Солонгост энэ хэрэг нь иргэний хэрэг гээд явчихдаг гэсэн. Тиймээс өмгөөлөгчгүй л байна.

-Шүүх хуралд оролцоход ямар хүндрэлүүд байна вэ?

-Шүүх хуралд оролцоход гол нь визний асуудал мөн  ирж очих зардлын хувьд хүндрэл учирч  байна.  Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбоонд хандсан юм. Тэд Ерөнхий сайдад хүсэлт гаргасан. 

-Таныг хохирогчоор оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэлээ. Хэн хохирогчоор оролцох  юм бэ. Яагаад таныг хохирогчоор хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?

-Солонгос улсад байгаа албан ёсны нөхөр нь хохирогчоор татагдсан. Яагаад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэх юм алга. Надад ямар ч мэдээлэл байхгүй.

-Хүргэнтэйгээ холбоо барьж байгаа юу?

-Хэл ус мэдэхгүйгээс болоод холбогдож чадахгүй л байна. Шүүх хяналтынхантай нь ч холбогдож чадаагүй.

-Зээ хүүг тань хэн харж байгаа юм бэ. Аавтайгаа байгаа юу?

-Миний  том охин талийгаач дүүгийнхээ хүүхдийг хараад солонгост гэрт нь цуг амьдарч байгаа.

-Охин тань Солонгос хүнтэй гэрлэхдээ Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан уу?

-Үгүй. Монголын иргэн хэвээрээ байсан.

-Солонгост болох шүүх хуралд хэдүүлээ явах юм бэ?

-Би хүүтэйгээ бас өмгөөлөгчтэй явна.

-Зээг тань  хаана байлгах юм шиг байна. Хандлага нь ямар байна?

-Солонгост л байх байлгүй. Бидэнд өгөхгүй байх. Эрэгтэй хүүхэд учраас. Бидний зүгээс ядаж жилд очоод уулз­даг байхаар бүх нөхцөл байдлаар хан­гаад өгөөч л гэж хүсч байна.

-19 настай н.Эрдэнэчимэгийн талаас танайхантай хэр холбоотой байгаа вэ?

-Охиныг минь нас барсных нь дараа нэг ирсэн. Одоо холбоо тасарсан. Нэг удаа унаа хэрэгтэй бол хэлээрэй гэсэн. Тэгээд  гуйсан чинь ажилтай байна гээд холбоо тасарсан.

-Гэрлэсний дараа эндэж гэмт­сэн тохиолдолд хүүхдээ асран хам­гаалагч нь аль талаас байх талаар гэрээ хэлцэл хийгээгүй юм уу?

-Сайн мэдэхгүй байна. Тэр үед нарийн сайн яриагүй байх.

Энэ үер Солонгост жагсаал хийсэн иргэдээс мэдээлэл ирсэн юм. Тэд Солонгосын шүүхийн өмнө жагсаал хийн мэдэгдэл өгсөн байна. Харин хариуд нь “Д.Ганцэцэгийн амийг хороо­сон этгээдийн  шүүх хурлыг ирэх сарын 14-нд болгохоор боллоо” гэсэн мэдээлэл ирсэн юм. 

Б.АРИУНТУЯА

 

Эх сурвалж : www.sonin.mn