Солонгост ажиллаж амьдарч байгаад амь насаа алддаг монгол иргэдийн тоо ойролцоогоор нэг жилд 126 байдаг байна.  Энэ нь гурав хоногт нэг шарил монголд ирдэг гэсэн үг юм. Гэтэл манайд эдгээр иргэдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг нь анхаарсан бодлого гэж алга байна.  Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Монголчууд 1998 оноос эхлэн Солонгос руу ажиллахаар явж эхэлжээ. Хууль бусаар ажиллаж байсан учраас хараар ажиллагсад гэх нэрийг авсан байна. Харин 2004 оны 10 сараас эхлэн албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болжээ.

2005 онд авсан мэдээллээр Солонгост 24 мянга орчим иргэн ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо 40 мянгад хүрээд байна. 40 мянга гэдэг бага тоо биш. Хүн ам багатай аймгийн иргэдтэй бараг л дүйцэх тоо. Тиймээс ч Солонгосыг монголын 22 дахь аймаг гэж нэрлэчихэж болохоор байна.

Гэтэл Солонгос гэх аймагт амьдарч байгаа манай иргэд хөдөлмөрийн аюултай нөхцөлд ажиллаж, амь насаа алдаж, бэртэж гэмтсээр байна. Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын 100 гаран нь жилдээ нас бардаг байна. Энэ нь 7 хоногт хоёр, сард найман цогцос монгол руу ирж байна гэсэн үг.

Гадаадад ажиллах хүч илгээх төвд байгаа мэдээллээр 2007 оноос хойш албан ёсоор солонгост 7200 орчим иргэн ажилласан. 2008, 2009 онд 200 орчим иргэн бэртэж, гэмтсэн бол энэ оны эхний улиралд солонгост ажиллаж амьдарч байгаа монголын 30 иргэн нас барсан гэж байна.

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дэд захирал С.Энхболд 2008 онд Солонгост ажиллаж байгаа монголчуудаас 90 орчим хүн бэртсэн бол 2009 онд 80 хүн гэмтсэн. Манай төв нас барсан иргэдийн ар гэрийнхийг Солонгос руу явуулах гэх мэт зардалд өнгөрсөн онд 20 орчим сая төгрөг гаргасан гэлээ.  
 
Солонгос улсад манай улсын нөхөн үржихүйн насны иргэд ажиллаж амьдарч байгаа юм. Үүнийг дагасан нийгмийн сөрөг үзэгдэл их байгааг хэлэх хүн байна. Гэр бүл салалт их байгаа бол хүүхдийн хүмүүжил ч доголдож байгааг хэллээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн асуудал гэж асар том зүйл гарч ирж байна. Энэ бол монголын нэг алдагдсан золиосны үе. Энэ үеийг хамгаалах бодлого хэрэгтэй гэж байна. 

Иргэдээ хамгаалах, иргэдээ үнэлсэн бодлого байхгүйгээс өнөөдөр асуудал ийм хэмжээнд хүрсэн гэж иргэд төрийг шүүмжилж байна. 

Манайхаас арай овсгоотой улс оронд байдал огт өөр байдаг байна. Жишээ нь Вьетнам улсын иргэд Германд ихээр ажилладаг. Германы ажилгүйдлийн түвшин 7 хувьтай байхад Германд ажиллаж амьдарч байгаа вьетнам иргэдийн дунд ажилгүйдлийн түвшин 1 хувь байдаг байна. Өнөөдөр Германы дундаж цалинтай иргэн жилд дунджаар 70 мянган евро авдаг бол вьетнам иргэдийн хүүхдүүдийн 80 хувь нь үүнээс дээш түвшний мэдлэг боловсролыг эзэмшээд, хангалттай түвшинд ажиллаж амьдардаг байна. Яаж ингэж амьдарч байна гэхээр Вьетнам улс иргэдийнхээ асуудалд сайн анхаарч, Герман улстай хамтран ажиллах програмтай болсных юм байна.

Германд очиж энэ туршлагыг судлаад ирсэн УИХ-ын гишүүн Д.Энхбатын хувьд манай элчин сайдын яамдууд 1960-аад оноос хойш байснаараа улс төрийн байгууллага шиг болчихсон. Консулын албад нь иргэддээ үйлчлэх функц нь маш бага. Гэтэл Вьетнамын Элчин сайдын яамны дэргэд байгаа Консулын алба нь иргэдээ боловсролтой, чадвартай, мэдлэгтэй болгохын  тулд Герман улстай хамтарсан программ байгуулчихсан байдаг. Энэ нь манай улс гадаадад суугаа иргэдийнхээ асуудлыг Элчин сайдын яам, Консулын газрын түвшинд анхаарч, эрс өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна гэлээ. Тиймээс ч энэ талаар ажиллахаар болж байгаа гэсэн юм. 

Үнэхээр ч мөнгө олж, амьдралаа дээшлүүлэхээр Солонгост очоод үхэж үрэгдээд байгаа иргэдээ хамгаалах, амьдрах чадварыг нь дээшлүүлсэн Вьетнамынх шиг бодлого манай улсад дутагдаж байна. 126 хүнийхээ оронд 126 цогцос хүлээн авна гэдэг аймшигтай биш үү шийдвэр гаргагчдаа? 

Л.Ариун-Учрал
 
Эх сурвалж : www.sonin.mn