AНУ-ын цэргүүд Иракийн хот, тосгодыг орхин гарч, аюулгүй байдлыг сахиулах үүргийг тус улсын цэргийн хүчин хүлээн авч, цэцэг, туузаар гоёсон байлдааны машинд суусан ирак цэргүүд Багдадын гудамжинд баяр ёслолын байдалтай орж ирлээ.
АНУ-ын цэргийн командлагч, хошууч генерал Даниэль Болгер С.Хусейний үед Батлан хамгаалах яам байрлаж асан байшингийн түлхүүрийг Иракийн талд хүлээлгэн өгөөд “Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Иракийн цэргийн хүчин аюулгүй байдлыг сахиулах болно” гэлээ.
Ирак дахь АНУ-ын Элчин сайд Христофер Хилл “Иракчууд өөрсдийн хүчээр аюулгүй байдлаа сахиулах цаг ирлээ. Ирак үүнд бэлэн, иракчууд ч бас бэлэн” гэсэн байна. Элчин сайд АНУ-ын цэрэг зөвхөн Иракийн хотуудыг орхин гарч байгаа, Иракийг биш гэдгийг цохон хэлж байв. Тэрбээр “АНУ-ын олон цэрэг та бүхэнтэй цуг цөөнгүй сар, өдрийг Иракт өнгөрүүлэх болно” гэлээ.
Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики зургадугаар сарын 30-ныг “Үндэсний тусгаар тогтнолын өдөр” хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.
Дэлбэрэлтийн утаанд бүүдийсэн Багдадын тэнгэрт энэ удаа ёслолын буудлага цацарч, цагдаа, цэргийн шалган нэвтрүүлэх байрны дээр зоосон цагаан хоолойгоор эх орончдын дуу цуурайтаж байв. Ерөнхий сайд Нури аль-Малики Иракийн цэргийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Бидний тусгаар тогтнол эхэлж байна. Орчин үеийн, иргэншсэн, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан улс байгуулах нь бидний зорилго” гэжээ. Хэдийгээр АНУ-ын цэргүүд Иракийн хотуудаас албан ёсоор гарч дууссан ч ихэнх хотод Иракийн цэргийн хүчнийг сургах, зөвлөгөө өгөх хязгаарлагдмал тооны цэрэг үлдэж байгаа юм.
Oдооноос эхлэн АНУ-ын цэргүүд зөвхөн Иракийн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр хязгаар нутаг, хил орчмын газарт байлдааны ажиллагаа явуулах болно. Мөн Иракийн талаас хүсэлт тавьсан тохиолдолд хот руу орох эрхтэй. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд АНУ болон холбоотны цэргийн сургагчид Иракт 650 мянган цэрэг бэлтгэсэн бөгөөд тэднийг байдлыг тогтворжуулж, гөжүүд босогчидтой хэл амаа ололцох чадвар муутай гэж шинжээчид дүгнэжээ. Ерөнхийдөө Иракийн цэргийн чадвар, үүргээ үнэнчээр гүйцэтгэнэ гэдэгт итгэх итгэл бага байна. Суннитүүдийн халдлага довтолгоо улам ширүүснэ гэж шийтүүд болгоомжилж байгаа бол суннитүүд шийтийнхэн дүүрсэн Иракийн арми биднийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй гэсэн айдаст автжээ.
Курдүүд аль алинаас нь болгоомжилж, бас үзэлцэхэд бэлэн байгаагаа нуухгүй байгаа. Курд, туркмен, арабууд холилдон суудаг 900 мянган хүн амтай Киркук хотоос АНУ-ын цэрэг гарч явснаар байдал ноцтой болох магадлал өндөр байна. Зургадугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор Киркук муж гэгдэх болсон энэ газарт 12000 цагдаа хууль сахиулж, хотын гадна хуарагнасан мөн тооны цэрэг аюулгүй байдалд хяналт тавина. Гэвч тус мужийн араб, туркменчүүд аюулгүй байдлыг сахиулах хүчний байгууллагуудын 80 хувь нь курдүүд, тэдний удирдлага улс төрийн намуудын төлөө ажиллахаас бидний төлөө санаа тавихгүй гэцгээж байна.
Харин мужийн удирдлагууд “Цагдаагийн ажилтнуудын 35 хувь нь араб, 28 хувь нь туркмен, 34 хувь нь курдүүд, үлдсэн нь христийн шүтлэгтнүүд. Цагдаа нар хууль сахиулах, алан хядагчидтай хэрхэн тэмцэхээ мэддэг хүмүүс” гэсэн байна. Иракийн албаны хүмүүс халдлага, дайралт ойрын жилүүдэд ямар нэг хэмжээгээр гарна. Гэхдээ 2007 оных шиг суннит, шийтүүдийн зөрчил туйлдаа хүрч, иргэний дайн дэгдэх хэмжээнд хүрэхгүй. Иракийн цэргийн хүчин байдлыг хяналтдаа байлгаж дөнгөнө гэж үзэж байгаа.
Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч генерал Дэвид Петраус “2007 онд өдөрт дунджаар 160 орчим халдлага, дэлбэрэлт Иракт болж байсан бол өдгөө 10-15 болж буурсан. Иракийн цэргийн хүчин байдлыг энэ түвшинд бариад байж чадна. Гэхдээ хөнөөх чадвар өндөртэй бөмбөг хэрэглэн халдлага хийх нь нэмэгдэж магадгүй гэдэгт сэтгэл түгшиж байна” гэжээ.
Дотоод хэргийн яамны сайд шийтийн шүтлэгт Жавад аль-Болани суннитийн гол хотуудын нэг Рамадигаас АНУ-ын цэргийн хүчин гарах ёслолд оролцох үеэрээ “Иракийн иргэд өөрсдийн хотдоо цаашид америк цэргүүдтэй тааралдахгүй. Тэд өөрсдийг нь хамгаалж буй ирак цэргүүдийг л харах болно” гэлээ.
Хэдийгээр тооны хувьд цөөхөн ч С.Хуссейний дэглэмийн үед нийгэмд ноёрхлоо тогтоож, шийтүүдийг хавчиж байсан суннитүүд өдгөө шийтүүд өс хонзонгоо авах гэж байна хэмээн болгоомжилж байгаа юм. АНУ-ын цэрэг гарч явсны дараа иракчууд аюулгүй байдлаа өөрсдөө сахиулж, цаашид улс орноо аваад явж чадах эсэхийг ирэх нэгдүгээр сард болох сонгууль харуулна. Сонгуулийн аюулгүй байдлыг сахиулж чадах эсэх нь одоо өөрсдөөс нь шалтгаалах боллоо.
Үй олноор хөнөөх зэвсгээрээ дэлхийн болоод бүс нутгийн аюулгүй байдалд занал учруулж байсан гэх С.Хусейн түүний дэглэмийг түлхэн унагах ариун зорилготой энэ дайн эхлээд зургаан жил гаруй хугацаа өнгөрлөө. Х.Хусейнд үй олноор хөнөөх ямар ч зэвсэг байсангүй.
Ж.Буш буруу мэдээлэлд хөтлөгдөн, андуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дайн хийх гол шалтаг нь нефть, С.Хусейн болон түүний дэглэмийг унагах, Иракийн ард түмнийг чөлөөлөх нь хоёрдугаар зэргийн асуудал байсан гэж олон хүн үздэг. Иракийн ард түмэн чөлөөлөгдсөн нь үнэн ч өдөрт хэдэн арваараа үхэж байдаг эрх чөлөөгөөр яах ч юм билээ. Америк цэргүүд танкаар булга татсан С.Хусейний хөшөөг гутлаараа нүдэн доромжилж, эрх чөлөөгөө эдэлж байсан иракчууд, 2008 онд “чөлөөлөгч” Ж.Буш руу гутлаа чулуудах эрхтэй болсон байна. Чухам энэ эрх чөлөөний төлөө АНУ-ын 4317, Их Британийн 179, холбоотны цэргийн хүчинд нэгдэн орсон бусад орны 139, нийтдээ 4635 цэрэг эрс амиа өргөжээ. Дайны хөлд амь үрэгдсэн Ирак иргэдийн тоог тодорхой хэлэх боломжгүй. Зургаан жил үргэлжилсэн энэ дайнд багцаагаар 92435-100911 энгийн иргэн амь үрэгдсэн /2009.06.29 байдлаар/ гэж icasualties.org вэб хуудсанд дурджээ.
Иракийн суннит, шийтүүд эв эеэ хэрхэн сахихаас энэ орны цаашдын хувь заяа хамаарна. 23 сая хүн амынх нь 65 хувь нь шийт, 32 хувь нь суннитүүд. Тус оронд өдөр болгон гарч байдаг аллага, дэлбэрэлтэд дэлхий нийт анхаарлаа хандуулж байх хойгуур нефтийн далд дайн өрнөж байна. АНУ болон түүний холбоотнууд нефтийн асуудлаас дэлхийн олон нийтийг хол байлгаж чадсан, чадсаар ч байгаа. Энэ бол Ж.Бушийн гавьяа юм. Зургадугаар сарын 30-нд Багдад баяр хөөрт умбаж, дэлхий даяар түүнийг харж байх үеэр тус хотод нефтийн салбарын аваргууд болох Exxon. Shell. BP, Total компанийн төлөөлөгчид Иракийн Нефтийн яаманд цугларчээ. Нефтийн гэрээ байгуулах тендерийн эхний шатны шалгаруулалт болж байгаа юм. Анзаарах сөгөөтэй амьтан алга, Иракт.
Иракийн газрын тосны тогтоогдсон нөөц 112 тэрбум баррель, дахиад 150 тэрбум баррель газрын тос байх боломжтой гэнэ. Дэлхийд газрын тосны олборлолтоор тэргүүлдэг Саудын Арабын нөөц 160 тэрбум баррель гээд бодоход Иракт ямар их баялаг байгааг ойлгоход төвөггүй. Гадаадын компаниуд Иракийн Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах урт хугацааны гэрээ /Production Sharing Agreement/ байгуулах сонирхолтой байгаа. Ингэж чадвал хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойгоо зах зээлд урьдчилан зарлах боломжтой болох юм. Гэвч гэрээний ийм хэлбэрийг Иракийн дотоодын компаниуд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Иракийн South Oil компанийн ерөнхий менежер Фаяд аль-Нема “Манай компани Иракийн ашиг сонирхолд харшилсан энэхүү сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж байна” гэсэн бол, газрын тос олборлогчдын Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Хассен Жомах “Иракийн газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх гадаадын компаниудад давуу эрх олгох нь улс орны эдийн засгийг бусдын гарт оруулна гэсэн үг” хэмээн шүүмжилжээ.
Харин гадаадын компаниуд аюулгүй байдлын баталгааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах болзол тавьж байгаа.Тус улсын Нефтийн яамны сайд Али Шахристани гадаадын тусламжгүйгээр Ирак газрын тосоо ашиглан, хөл дээрээ босч чадахгүй гэсэн байр суурьтай байна. Хамгийн ярвигтай асуудал бол Иракийн газрын тос, байгалийн хийн баялаг хэний мэдэлд байгаа нь тодорхойгүй. Маргааныг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой ч хоорондоо зөрчилдөөнтэй зүйл, заалтууд нь Багдад дахь төв Засгийн газар, Киркук мужийн хооронд үл ойлголцох байдал үүсгэчихээд байна.
Киркукт хяналтаа тогтоосон Курдын нутгийн захиргаа /КОНЗ/ гадаадын компаниудтай толгой мэдэн гэрээг байгуулах боллоо. Иракийн холбооны Засгийн газар КОНЗ-той хийсэн аливаа гэрээ хүчингүй хэмээн зарласан ч Норвегийн DNO компани Тавке дахь талбайд олборлолтоо аль хэдийнэ эхэлсэн. Харин Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Нури аль-Малики ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон, өөрийгөө терроризмын эсрэг дайны тэргүүлэгч, АНУ-ын эзлэн түрэмгийллийг эцэс болгогч хэмээн олон түмэнд харагдуулах гэж чармайж байна. АНУ-ын цэрэг Иракийн хотуудыг орхин гарч байгаа нь миний хүчин чармайлтын үр дүн гэж харуулахыг тэрбээр зорьж байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр Их Британийн ВР, Хятадын CNPC компаниудын хамтарсан консорцим Румала дахь талбайд 17 тэрбум баррель тос олборлох гэрээг Багдадтай байгуулах эрх авлаа. Гэрээ байгуулсан компаниуд олборлосон нэг баррель тос бүрээс тодорхой хэмжээний хувийг Иракийн талд төлөх бөгөөд хэдий хэрийг төлөх нь олборлосон тосны хэмжээнээс хамаарна.
Ирак өдөрт 2.4 сая баррель нефть олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх таван жилд энэ тоог 5.1 саяд хүргэх бодолтой байгаа юм. Нефтийн салбарын аюулгүй байдалд АНУ-ын цэрэг хэрхэн оролцох нь тодорхойгүй. Иракийн албаны хүмүүс 2003 онд эхэлсэн байлдааны ажиллагаанд оролцсон улсууд Засгийн газартай нефть олборлох гэрээ байгуулахад ямар нэгэн байдлаар давуу эрх эдлэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэхдээ АНУ “Эрчим хүч, тэр дундаа нефтийн хараат бус байдал Америкийн ирээдүй” гэсэн бодлогоосоо татгалзаагүй байна. Татгалзах ч үгүй биз. Тус улсын Exxon компани Иракийн нефтийн яамнаас тавьсан болзлыг хүлээн авахаас татгалзсанаар Хятад, Их Британийн компаниуд ялалт байгууллаа.