ПХЕНЬЯН. /ФОКС НЬЮС/. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир улс төрийн нам болон зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзахдаа уран баяжуулах ажиллагаагаа ашиглан гурав дахь цөмийн туршилтаа явуулах талаар зааварчилгаа өгсөн гэж Өмнөд Солонгост төвтэй Хойд Солонгосын чөлөөт радио мэдээлжээ.
АНУ-тай хоёр талын шууд хэлэлцээ хийх замаар анхаарлыг нь өөр тийш хандуулан цөмийн технологийн үйл явцыг сайжруулах ач холбогдолтой гэдгийг Ким Чен Ир онцлон хэлсэн гэж радиогийн эх сурвалж мэдэгдсэн байна. Ким Чен Ирийн үүрэг болгосон энэ уулзалт наймдугаар сарын 26-нд Вонсан хотод болж, тус улсын зэвсэг хүчний удирдлагууд болон улс төрийн дээд албан тушаалтнууд оролцжээ. АНУ-тай хэлэлцээ хийх зэрэг арга замаар тэднийг төөрөгдүүлж, Пхеньяны эсрэг хоригийг сулруулах хэрэгтэй гэж Ким Чен Ир санал дэвшүүлжээ. «Тэмцлийн 150 өдөр» нэртэй өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах ажиллагааг албан ёсоор дуусгах өдөр буюу есдүгээр сарын 20-нд БНАСАУ гурав дахь цөмийн туршилтаа явуулах боломжтой. Эсвэл 10 дугаар сарын 10-нд Солонгосын ажилчны намын үүсгэн байгуулагдсан өрдөөр явуулж болох юм гэж эх сурвалж мэдэгдсэн байна. Умард Солонгос улс энэ онд газар доор цөмийн туршилт хийж, хиймэл дагуул хөөргөснөөр олон улсын байгууллагын хориг арга хэмжээ авахуулсан билээ.
АНУ-ын тал Умард Солонгостой зөвхөн зургаан талын хэлэлцээний хүрээнд хоёр талын хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн бөгөөд энэ хэлэлцээ хаана, хэзээ болох талаар тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм.