Монголын
иргэн болоод удаагүй байгаа IX богд Жавзундамба хутагтыг Бурхан шашны
тэргүүнээр залах ёслол өчигдөр боллоо. Уг ёслолын үеэр шашны тэргүүний
тамгыг гардуулсан юм. IX Богд Жавзундамбыг Монголын бурхан шашинтны
төвийн тэргүүнээр залж, бат оршил өргөх ёслолд хамба лам Д.Чойжамц,
УИХ-ын гишүүд, Энэтхэг улсын Элчин сайд Сатбир Сингх болон
Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд оролцсон юм. Энэ үеэр IX Богдод
зориулан ном айлтгаж, ном хаялцсан нь сүсэгтэн олны талархлыг хүлээв.
Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсигт төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын VIII богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарч, 2010 оноос Монгол Улсад заларч ирээд байгаа нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн жил Монгол Улсын албан ёсны иргэн нь болжээ.
Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц “Манай улс өмнө нь шашин болоод төрийн найман Богдоор удирдуулж байсан. Харин миний бие шашны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажиллалаа. Миний багш IX Богд Жавзундамбыг бурхан шашинтны тэргүүнээр залах ёслол болж байгаад сэтгэл өндөр байна” гэлээ.