Бичлэгийн тоо 3,329
БНХАУ-ын ӨМӨЗО-ны дуучин Ээчимэг өчигдөр Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгээс урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Эзэн заяа” дууг дуулах зөвшөөрал авч, гэрээ байгууллаа. Өмнө нь тус улсын дуучин Дулаан, Мөнгөнцэцэг, Цэцэгмаа нар нийгэмлэгийн гишүүн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Б.Өлзийбаярын дууг дуулах зөвшөөрөл авч, гэрээ хийж байсан аж. Монголчуудад шинэ ойлголт болоод байгаа зохиогчийн эрхийг хүндэтгэх зарчим урд хөршид хэдийнэ биеллээ олсны жишээ энэ юм.
Дашрамд дуулгахад, Ази, Номхон далайн бүсийн зохиогчийн эрхийн олон улсын байгууллага CISAC-аас Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийг гишүүнээр элсүүлэх тухай албан бичиг ирүүлжээ. Нийгэмлэгийнхэн гишүүнээр элсэх бэлтгэл ажлаа базааж байгаа гэнэ. Хэрэв гишүүнээр элсвэл гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ашиглахдаа ч тус нийгэмлэгээс албан ёсны зөвшөөрөл авдаг болох аж. Одоогийн байдлаар МИАТ, Хуримын ордон, “Ийгл” телевиз нэг ч монгол дуу ашиглахгүй гэдгээ албан бичгээр мэдэгдээд байгаа аж.