
Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хоночихоод байхад зарим нэгэн сургууль амралтын байдалтай байна. МУИС-ийн хичээлийн II байр болон гадаад оюутны байрных нь засварын ажил энэ сарын 25 гэхэд дуусна гэдгийг холбогдох яамныхан хэллээ. МУИС-ийн хичээлийн II байранд Нийгмийн шинжлэх ухааны, Гадаад хэл, соёлын, Монгол хэл, соёлын гээд хэд хэдэн сургууль байрладаг. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадаагүй дээрх сургуулийн оюут нууд өчигдөр будаг, шохойтой холилдон хичээллэх аядаж суув. Оюутны байруудын өнгө төрх ч тиймэрхүү байгаа бололтой.
Өнгөрсөн жил МУИС-ийн харьяанд шилжсэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Сургалтын алба өнөөг хүртэл хичээлийн хуваариа гаргаагүйн улмаас хичээл нь жигдрээгүй байв. Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн мэдээлэл зүй, эдийн засаг, хэлний ангийг МУИС-ийн байр руу шилжүүлсэн аж. Харин МУИС-д элсэлт авах ёстой дээрх ангиудад давхардуулж оюутан элсүүлсэн хэргээр ХҮДС-ийн сургалтын албаны хүмүүс нь халагдсан тул шинэ ажилтнууд учраа олохгүй байна гэх яриа эцэг, эхчүүдийн дунд байсан. Тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд МУИСийн Газар зүй, геологийн сургуулийн оюутнууд нүүж ирсэн байх бөгөөд ханын зураг, сандал ширээ нь хонгилд өрөөстэй, хийх юмгүй залуус булан тохой бараадан суух аж. “Хичээл өглөө 11.20 цагт тарсан, дараагийнх нь 16.00 цагийн орчимд орох байх гэсэн тул хүлээхээс аргагүй. Уг нь нэг хичээл орох байсан чинь хуваарь давхардсан гээд хойшлуулчихлаа.
“Худалдаа үйлдвэрлэлийн сургууль дээр хичээл чинь орно” гэснээс өөр тодорхой мэдээлэл бидэнд өгөөгүй. Өнөө хүртэл цахим картаа ч захиалаагүй. Сургалтын алба, оюутны зөвлөл хаанаас томилогдох ёстойг ч мэдэхгүй юм” хэмээн хоёрдугаар курсийнхэн ярилаа. Суух газар ч үгүй, ариун цэврийн өрөө нь хаана байдгийг ч мэдэхгүй оюутнууд аргаа баран бужигналдах энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Хүүхдийнхээ хичээл сурлагад санаа зовнин тэнд ирсэн эцэг эхчүүд дэмий л жижүүрийг нь шалгаах аж. Гэсэн ч тэдэнд тодорхой мэдээлэл өгчих хүн ховор аж. Энэ байдал ХҮДС-ийн хичээлийн хоёрдугаар байранд нь ч мөн адил байв. Худалдааны чиглэлийн бүх ангиа энэхүү байранд нэгтгэсэн гэнэ. Тус байрны гаднах моддын дор самар цөмсөн оюутнууд бөөгнөрнө. Захирал нь ажилтай гээд байхгүй, багш нар нь ч хаана яваа нь бүү мэд. Тус сургуулийн хөл толгойгоо алдсан энэ байдал МУИС, ХҮДС-иас хальж, БСШУЯныхны “шүдний өвчин” болоод байгаа бололтой.
Төлбөрөө бүтнээр нь төл, үгүй бол...
“Манай сургуулийн төлбөр энэ жил хэд болсон бол” гэх бодол оюутан залуусын сэтгэлийг чилээдэг. Хэдийгээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудалд төр засгийн зүгээс хяналт тавьдаг ч засвар энэ тэрээр халхавчлан яаж ийгээд л үнээ нэмчихдэг. Төрийн өмчийн сургуулиудаас ямагт дээгүүр төлбөр шаарддаг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хос мэргэжлийн ангийн төлбөр гурван сая шүргэсэн нь энэ намрын ханшид толгой цохиж байна. Тус сургуулийн хятад хэлний орчуулагчийн хоёрдугаар курсийн төлбөр 1.4 сая төгрөг. Өмнөх жилээсээ 300 орчим мянгаар төлбөрөө нэмсэн атлаа орж буй хичээл нь хятад хэл, англи хэл, улс төр гурав. Дур зоргоороо үнээ нэмдэг хувийн сургуулиуд дундаас хамгийн өндөр төлбөртэй нь American school гэнэ. Тэдний төлбөрийн хэмжээ найман сая төгрөг гэнэ.
Загварын чиглэлээр Монголдоо ганц гэгддэг “Урлах эрдэм” дээд сургууль гэхэд л өнгөрсөн жил 870 мянга орчим байсан төлбөрөө өнөө жил даруй 500 мянгаар нэмчихээд “Заавал бүтнээр нь төлнө шүү” гэж эцэг эхчүүд, оюутнуудыг шар махтай нь хатааж байна. Оюутнуудын мэдлэгт хөрөнгө оруулж, эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөөр Хүний хөгжил сангаас олгож байгаа 500 мянгыг захын нэг захирал ийн “идэж” суух нь харамсалтай. Төлбөрөө бүтнээр нь төлсний сүүлд өнөөх 491.960 төгрөгөө өгөх гэж шалтаг хэлсээр, элдэв суутгал нэхсээр аль ч үгүй болдог, төлөхгүй гэхээр “төгсгөхгүй шүү” гэж дарамталдаг үзэгдэл өнөө жил ч давтагдах янзтай. Энэ мэтчилэн хэн дуртай нь амандаа орсон тоогоороо сургалтын төлбөрийг нэмдэг байдал үргэлжилсээр байна.
Хулгай, дээрмийн хэрэг ихсэв
Сургуульдаа, анги хамт олондоо яарсаар ирсэн оюутан залуусын хөлд нийслэл хот дарагдлаа. Намрын энэ үеэр авто осол, гэмт хэрэг зөрчлийн тоо харьцангуй нэмэгддэг. ЦЕГ-аас авсан мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 12946 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд 1.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ сарын 2-5-ны хооронд авто осол, гэмт хэрэг зөрчлийн нийт 193 тохиолдол бүртгэгдсэнээс хулгай, танхайн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. “Баар цэнгээний газар, зочид буудлын орчимд дээрх гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгдсэн.
Оюутан залуус цуглаж байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зөрчил нэлээд нэмэгдлээ. Түүнчлэн яг өдийд хөдөөнөөс орж ирсэн охидыг орой үдэш дээрэмдэх явдал цөөнгүй гардаг тул үүнээс сэрэмжл үүлмээр байна” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахлах дэслэгч Б.Саруултуяа ярилаа. Есдүгээр сарын 1 болж, эрдмийн өргөө сургуулиуд үүдээ нээлээ гэсэн. Үүдний цаана хөл толгойгүй бужигнаан, учир начраа олохоо байсан үймээн үргэлжилж байх шиг. Энэ талаар “Өнөөдөр” дахин сурвалжлах болно.