ХИС-ийн
Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс сэтгүүл зүйн чиглэлээр
суралцагч оюутнуудын дунд анх удаагаа зохион байгуулсан “Алтан үзэг”
улсын анхдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. “Оюутны Балдорж
шагнал” хэмээн үнэлэгдсэн уг наадамд 150 гаруй оюутны нийтлэл,
нэвтрүүлэг, радиогийн төрлөөр туурвисан 200 гаруй бүтээл ирснийг
МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, ШУ-ы доктор М.Зулкафиль,
ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа,
МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан, “Өнөөдөр” сонины
нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нар шүүж, шилдгүүдийг шалгаруулсан.
Шүүгчдийн үнэлснээр “мэргэжлийн” түвшний олон бүтээл ирснээс нийтлэлийн төрөлд МУИС-ийн Сэтгүүл зүйн III дамжааны оюутан С.Батхуяг “Харангадсан Утаанбаатар”, телевизийн нэвтрүүлгийн төрөлд ХИС-ийн оюутан Т.Намжаа, Н.Ариунжаргал нар “Хосоороо амьдрах хорвоо”, радио нэвтрүүлгийн төрөлд ХИС-ийн “Амжилтын гараа” баг “Шинэхэн оюутны өдрийн тэмдэглэл” бүтээлээр тус бүр тэргүүн байр эзэллээ.
Харин
Гран при шагналыг МУИС-ийн Утга зохиолын ажилтны III дамжааны оюутан
Ж.Тэгшжаргал “Ажиллах хүчний дуэль, Монгол vs Korina” бүтээлээрээ эзэлж,
“Алтан үзэг”-ийн эзэн болсон юм.