Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ
Уншсан 2723 vote 0 2009.03.17 19:15:02Иргэдийн зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Ноот бичиг солилцох ёслолын арга хэмжээ Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Сү.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир нар болон бусад албаны хүмүүс оролцов. Сайд Сү.Батболд, Элчин сайд Жон Ир нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Манай Гадаад харилцааны сайд Сү.Батболд мэдээлэлдээ “Хоёр улсын визгүй зорчих асуудлыг ойрын дөрвөөс, таван жилдээ багтаан харилцан хэлэлцэнэ” гэлээ.
Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир мэдэгдэхдээ “Монгол Солонгос хоёр орны хооронд жилд улс тус бүрээс 40 мянга буюу 80 мянга орчим иргэн харилцан зорчдог. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсоны ач холбогдол нь тус хоёр улсын иргэн нөгөө оронд 90 хоногийн хугацаатай зорчих визтэй болно гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр ноот бичиг солилцож байгаа ч маргаашнаас хүчин төгөлдөр болно. Үүгээр дамжуулаад хоёр улсын харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн нислэгийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсон нь хоёр улсын ард иргэдэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн эхний хэсэг гэж хэлж болох юм. Яагаад гэвэл цаашдаа бид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлаар анхаарч сайн судална” гээд мөн Солонгос улсад хууль бусаар буюу “хараар” ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурах магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад манай улсын иргэн БНСУ-д нэг удаа зорчихдоо 30 хоногийн хугацаатай зорчиж дахин сунгуулахдаа 30 орчим ам.доллар төлдөг байсан байна. Манай улсаас өнгөрсөн жилд 36 мянга орчим иргэн БНСУ-д зорчсоноос 25 мянга нь ийнхүү визээ сунгуулж байсан байна. Үүнээс үзвэл манай улсын иргэдээс гарч байгаа 750 мянга орчим ам.доллар хэмнэгдэх тооцоо гарч байгаа юм.
Харин БНСУ-ын иргэн манай улсад нэг удаадаа 90 хоногийн хугацаатай зорчсоноор аялал жуулчлал хийгээд бусад эдийн засгийн эргэлт нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.
Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай БНСУ-ын талын ноот бичгийг бүрэн эхээр хүргэж байна.
Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай ноот бичигт:
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд Монголын талын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/09-70 тоот дараах ноот бичгийг хүлээн авснаа мэдэгдэх завшаан тохиов. Монголын талын ноот бичгийг сийрүүлбэл:
"Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор доорх асуудлаар тохиролцохыг санал болгож байна.
1.Хоёр улсын Засгийн газар өөрсдийн дотоодын хуулийн дагуу өөрийн улсад нэвтрэх, байх, нутаг дэвсгэрээс гарах зорилгоор нөгөө улсын энгийн гадаад паспорттай иргэдэд 90 хоногийн хугацаатай визийг олгоно.
2.Хоёр улсын Засгийн газар энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу богино хугацааны виз авсан нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт ер (90) хоногоос хэтрэхгүй хугацаанд байх тохиолдолд тэд нарыг гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлнө.
3.Хоёр улсын Засгийн газар нэг улсад "орох-гарах" визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортаа гээгдүүлсний улмаас аяллын түр үнэмлэхээр гарах тохиолдолд "гарах" визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө.
4.Энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон визтэйгээр нөгөө улсдаа зорчиж буй Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд орох, байх, гарахтай холбоотой тухайн улсын хууль журмыг мөрдөнө.
5.Аль нэг талын Засгийн газар нь нийтийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд эсхүл олон нийтийг хамарсан арга хэмжээ, бодлогоос шалтгаалан энэхүү тохиролцооны үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоож болно. Үйлчлэлийг зогсоож болон түүний дараа сэргээж буй тухайгаа нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар даруй мэдэгдэх ёстой бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үүнийг цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газарт дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дараа энэхүү хэлэлцээр нь хүчингүй болно.
Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамыг дээрх саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзвэл энэхүү ноот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хариу ноот нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэдгийг санал болгож байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгааг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам үүгээр нотолж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг болон энэхүү хариу ноот бичиг нь хоёр Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам энэ завшааныг ашиглан Монгол Улсын Гадаад харилцааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.