Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй
Уншсан 5976 vote 0 2008.07.02 17:54:19Өчигдөр Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “УИХ-ын 2008 оны сонгууль будилаантай болж байна. МАХН будилаан хийлээ. Тус намын бохир үйл ажиллагаанаас болж Монголын ардчилал устлаа” хэмээн мэдэгдсэн. Үүний араас зургаан цагийн дараа МАХН-ын дарга С.Баяр “Ц.Элбэгдорж ард түмнийг хууль бус ажиллагаанд уриаллаа. Тэр хүн Ардчилсан нам ялагдсан шалтгааныг өөрт минь тохох вий гэж айсандаа зүгээр л амиа тавих гэж байгаа хүний аргыг хэрэглэж манай намыг буруутгалаа” гэсэн юм. Монголын улс төрд өөр өөрийн том орон зайг эзэлсэн улс төрийн хоёр намын дарга ингэж нам намын дэмжигчдийн цөсийг хөөргөж, Сүхбаатарын талбай дахь эсэргүүцлийн цуглааныг өдөөж өглөө.
С.Баяр дарга хурал хийлгэх үеэрээ “МАХН ард түмнээсээ хамгаалалт хүсч байна” гэсэн улс төрийн хариуцлагагүй, ард олныг турхирсан үг хэлсэн даруйд нь “Энэ чинь эсрэг жагсаал өрнүүлж, тэмцлийг хурцатгаж мэдэх юм биш үү. Та болгоомжлохгүй байна уу” гэж асуухад “МАХН бол төрд данстай улс төрийн хүчин. Иймд төр болоод ард түмнээсээ хамгаалал хүсэх эрхтэй. МАХН-ын төлөө саналаа өгсөн хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зөв” гэдэг өгүүлбэрийг хэлсэн.
Дараагийн нэг арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачлагаар болсон бөгөөд Монголын улс төрийн намуудын дарга нарын уулзалт байлаа. Уулзалт эхэлсэн даруйд Ц.Элбэгдоржийн хэлсэн санаа нь “МАХН-ын үүдэнд нөхцөл байдал хаашаа ч эргэж болохоор байна. Иймд ард түмэндээ хамтарч уриалга гаргах цаг болжээ” гэдэг ард олны хүссэн үгийг тэрээр хэлсэнгүй. Шууд л “Сонгууль будилаантай болсон. Сонгуулийн дүнг дахиж тоолох юм уу, МАХН булхайгаа хүлээн зөвшөөрөхгүй бол бид өөр үг ярихгүй” гээд гараад явчихав. Ц.Элбэгдоржийн хэлсэн дээрх үгэнд С.Баярын барьсан бэлэг нь бас л олигтой биш. “Өнөөдөр нөхцөл байдал хяналтаас гарч байна. МАХН-ын байрыг нурааж байна. Бид энэ бүхнийг хэн зохион байгуулж байгаа. Хэн удирдаж, ямар зорилгоор хийж байгааг хангалттай баримтжуулсан” ийм үг хэлээд хоёулаа суучихав. Арга ядсан Ерөнхийлөгч Н.Энхбаярт онцгой байдал зарлахаас өөр сонголт үлдсэнгүй ээ.
Ийнхүү Улаанбаатар хотод онцгой байдал зарласны дараа буюу үүрээр Ерөнхий сайд С.Баяр галд шатсан намынхаа байрны нөхцөл байдалтай танилцахаар очихдоо “Хэн бензинтэй шил шидсэн. Хаанаас зохион байгуулж байсан. Ямар хүмүүс намын байр руу уриалан дайрч, хэн өдөөн хатгаж, турхирч байсныг сайн баримтжуулж авсан биз” гээд ердөө л хувийн өс хонзон санасан хүн шиг асууж, лавлаж байв. Ерөнхийдөө МАХН болоод Ардчилсан намын удирдлагуудын дүр зураг иймэрхүү л байв. Иймд С.Баяр, Ц.Элбэгдорж та хоёроос нэг зүйлийг гуйхыг хүсч байна. Биелүүлэх эсэх нь та хоёрын асуудал ч биелүүлэхгүй бол Монголын ард түмэн талцаж хэрэлдэж боллоо шүү дээ.
Өнөөдөр МАХН 150 мянга гаруй гишүүнтэй, Ардчилсан нам 100 мянга гаруй гишүүнтэй. Хоёулаа Монголд улс төрийн хоёр гол хүчин ноёлж байх ёстой гэдгийг ард олонд ойлгуулах гэж мэрийдэг. Үүнийхээ төлөө олон зүйл дээр гар барьж, дотуур тохироо хийж ирсэн нь нууц биш. Тэгвэл яагаад нөхцөл байдлыг ийм байдалд хүргэчихээд хоёулаа бөхийдөггүй нуруу, гудайдаггүй толгой мэт аяглаад байгаа юм бэ. Монголын ард түмэнд эв нэгдэл хэрэгтэй. Тэр эв нэгдэл нь сайн сайхан ирээдүйг бүтээх боломж бололцоог олгоно. Хоёр намын улс төрийн тэмцлийг иргэний зөрчил болгож өдөөх гээгүй юм бол одоо цаг нь боллоо. Монголын ард түммнээс хамтдаа зогсож байгаад уучлал гуй. Тэгээд сонгуулийн тухай асуудлаа нүүр нүүрээ харалцаж, тэвчээртэй ярилцаж байгаад шийд л дээ, С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр оо.
Нэг айлын насанд хүрсэн дөрвөн хүн дөрвөн өөр намыг дэмждэг байх нь Монголд хэвийн үзэгдэл болчихсон. Тэр хэвийн гэж бодож байсан олон ургалч үзэлтэй гэр бүл өөр хоорондоо МАХН, Ардчилсан гээд зодолдоод эхэлбэл яах юм бэ. Улмаар зодоон нь хурц хэлбэрт шилжбэл хэн хариуцах вэ. Энэ бүхний дараа Ардчилсан нам болон МАХН хоёр уучлал гуйсан ч оройтож мэднэ. Оройтсон улс төрийн уучлал хэнд хэрэгтэй юм бэ. Цаана чинь хүний амь үрэгдэж, насаараа тахир дутуу болсон хүн хангалттай олон байна шүү дээ. Тийм ээ, биднийг бүү турхираач. Ард түмнийг ар нуруугаар нь харалцуулж, эргэж харахаараа цохилцоод байдаг болгочихвол яах юм бэ. Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан инээмсэглэж амьдрах эрхтэй шүү
үнэн шүү дээ, ард түмнийг хооронд нь турхирч, өдөөн хатгаж байгаа улс төрийн 2 хүчин хоёулаа буруутай, энэ сонгуулийн үр дүнд ардчилсан нам гарах байх гэж ихэнх хүн таамаглаж байсан байх, ер нь ардчилалд саналаа өгсөн. гэтэл яагаад үр дүн нь эсрэг гарав... үнэхээр сонгуулиар гарсан зарим хүмүүс нь арай ч дээ гэмээр л хүмүүс байсан шүү дээ...
2 том намаас гуйя
Сүүлийн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд МАХН-ын зүгээс АН-ийг буруутгах, үл тэвчих үзэл нэвт харагдаж байгаа бол Ардчилсан Намын зүгээс мөчөөгөө өгөхгүйгээр тэмцэлээ үргэлжлүүлэх хандлага ажиглагдаж байна.2 том нам ийм байдлаар улс орныг хязгааргүй хугацаагаар хямралын байдалд оруулах шинжтэй байна.
Гэтэл энгийн ард иргэдийн хувьд энэ улс төрийн утга учиргүй тэмцэл үнэндээ залхааж байгаа бололтой асар ихээр бухимдалаа илэрхийлж байна.
МАХН, АН-ын эрүүл саруулаар сэтгэдэг хүчин нь хэлэлцээрийн ширээнд суух санал санаачилга гаргамаар санагдах юм. Энэ 2 намд уулзах нэг л цэг байгаа нь Монголын ард түмний амгалан тайван амьдрал шүү дээ.