Бичлэгийн тоо 2,391
Эдийн засгийн хямралууд:
Бид эвфемизмийн /тойруу хэллэгийн, далд утгын/ эринд амьдарч байна. Авсчингууд “Оршуулгын товчооны ажилтнууд” болон хувирч, зар сурталчилгааны ажилтнууд “Олон нийттэй харилцах албаны зөвлөхүүд”, харин манаач нар “хянагчид” болон “томорчээ”. Амьдралын аль ч салбарт хараажийн бодит тодорхойлолтууд нэлээд эртнээс нууцлагдсан томъёоллоор будантах болов.
Эдийн засаг ч бас мөчөөгөө өгсөнгүй. Нэгэн цагт биднүүс бараг байнга шахуу л тохиолддог эдийн засгийн хямралд өртдөг байсан бөгөөд тэрхүү хямралын өгсөх довжооны эхний гишгүүрийг “сандрал”, түүний дараахи өгсүүр замыг “хямрал” хэмээн нэрийддэг байлаа.
Шинэхэн түүхээс бидэнд мэдэгдэж буй хамгийн анхны хямрал 1929 онд санхүүгийн ердийн сандралаар эхэлж Дэлхийн II дайн хүртэл үргэлжилсэн билээ. 1929 оны сүйрлийн дараа эдийн засагчид хийгээд улстөрчид дахиад ийм юм хэзээ ч тохиолдохгүй гэсэн шийдвэр гаргачихсан юм. Тэгээд л тэрхүү үүргээ онцын сандралгүй, басхүү бүрэн амжилтаар биелүүлэхийн тулд үгсийн сангаасаа “хямрал” гэдэг үгийг хасаад л болох нь тэр. Тэр цагаас хойш Америк хямралд хэзээ ч орж байсангүй. Яагаад гэвэл, 1937-1938 онд ээлжит харгис хямрал эхэлмэгц мөнөөхөн муу нэрийг хэрэглэхээсээ эрс татгалзаад, уянгалаг сайхнаар дуудагдах “рецессия” буюу уналт гэсэн нэршил оруулаад ирчихсэн билээ. Түүнээс хойш бид олон удаа уналтанд орж үзсэн ч гэлээ, хямралд хэзээ ч орж байгаагүй юм билээ.
Дашрамд дурдахад, “уналт” гэдэг үг тун амархан Америкийн олон нийтийн нарийн мэдрэмжид хатуудаад явчихав. Байдлыг ажихад сүүлчийн уналт маань 1957-1958 онуудад тохиолдсон бололтой. Тэр цагаас эхлээд бидэнтэй “уналтууд”, аль эсвэл арай сайнаар нэрлэх юм бол “удаашрал” ч юм уу “гажуудлууд” байнга л тааралдсаар иржээ. “Шинэ эдийн засаг”-ийн яриг зан гээч иймэрхүү байдаг юмсанж.
Манай улсын эдийн засагчид эдийн засгийн үечлэлийн тухай ойлголтыг 30 жилийн хугацаагаар зээлдэн авчээ. Тэрхүү ойлголтыг эдүгээ талийгаач болсон Британийн эдийн засагч, “Кейнсийн” буюу “Шинэ” эдийн засгийг бүтээгч Жон Мейнард Кейнс 1936 онд хэвлүүлсэн “Ажил эрхлэлт, мөнгөний хүү болон мөнгөний тухай ерөнхий онол” хэмээх номоороо төрүүлж өгсөн билээ. Тэрхүү номын математик тооцоонууд, диаграмм шугамууд, заншаагүй хэллэг, нэршлүүд, хөөрөгдөл, сүйрэлд хандах кейнсчүүдийн хандлага даанч энгийн бөгөөд гэнэхэн гэдгийг дурдууштай. Хэрвээ инфляци хаалгыг чинь тогшиж байгаа бол гэмтэн нь хүн амын “хэт их зарлага” дотор нуугдаад сууж буй учир түүнийг илааршуулах эмчилгээний аргыг “Үндэсний эдийн засгийг тогтворжуулагч, зохицуулагч” хэмээн өөрийгөө зарлан тунхагласан Засгийн газарт бичиж өгчээ. Түүнийг нь томъёолбол, “Хөндлөнгөөс оролцох, зардлаа хумихыг олон түмэнд үүрэг болгох, тэдний худалдан авах хэтийдсэн чадварыг татвар нэмэх замаар намжаах”-ад оршино.  Хэрвээ уналтад орох юм бол дээрхи аргатай зэрэгцүүлэн шалтгааныг нь өөрсдийн хангалттай бус зардал дотроос эрэх хэрэгтэй аж. Ингэсний үр дүнд эрчимт эмчилгээ нь Засгийн газрын зардлыг нэмэх (тэгэхдээ төсвийн алдагдлаас бол бүр сайн), үндэсний нийт зардлын урсгалыг тасалдуулахгүй байхад чиглэгдэх ёстой юм байх.
Засгийн газрын зардлыг өсгөх буюу “хөнгөн” мөнгө бол бизнесийн хувьд буян, төсвийг царцаах буюу арай “хүнд” мөнгө бол хар хорын зүйл гэсэн үзлийг нь хамгийн консерватив сонин, сэтгүүлүүд ч шүүрэн авчээ. Тэр ч бүү хэл, эдгээр хэвлэлүүд нь Холбооны засгийн газар эдийн засгийн тогтолцоогоо инфляцийн хуйсгануур эргүүлэг, дифляцийн ангал хавцал хоёрын завсраар тавьсан явцуухан жимээр хөтлөн гарах ариун үүрэгтэй гэдгийг байнга тунхаглах болов. Яагаад гэвэл, чөлөөт эдийн засгийн зах зээл гээч нь энэ хоёр хорон санаатны аль нэгийнх нь зүгээс ирэх аюулд заавал ч үгүй өртөх ёстой аж.
Орчин цагийн эдийн засагчдын ямар ч сургууль энэ л үзэл баримтлалыг дагасаар байна. Тухайлахад, Ерөнхийлөгч Никсоны дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн даргын албыг эзлэн суугаа доктор Пол Маккрэкены бодолд анхаарлаа хандуулъя л даа. Тэрбээр 1969 оны нэгдүгээр сарын 24-нд уг албан тушаалыг хүлээн авсны дараа “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа:
-Шинэ засаг захиргааны өмнө тулгараад байгаа эдийн засгийн гол асуудлуудын нэг нь ажилгүйдлийн түвшинг тэгтэл нь дээшээ алдчихгүй барьж байхын зэрэгцээ үнийн галзууралд орсон эдийн засгийг номхруулахад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, инфляцийг зогсоох нь л бидний үүрэг байсансан бол тэрэн шиг амархан юм байхгүй. Даанч манай нийгэм ажилгүйдлийг ердөө тэсвэрлэж чадахгүй юм” гэжээ. Доктор Маккрэкен цааш нь хэлэхдээ “Энэ чиглэлд бид ихээхэн болгоомжтой хөдлөх хэрэгтэй байна. Үнэндээ гэвэл эдийн засгийг аажмаар царцаах туршлага дутаж байна. 1957 онд бид тоормосоо гишгэчихсэн чинь эдийн засгийн гайтай уналтад орчихсон юм” гэсэн байна.
Доктор Маккрэкены эдийн засагт хандаж буй ерөнхий чигийг нь анхаараад үз. Түүний саналтай орчин үеийн бараг бүх эдийн засагчид нийлдэг нь бүр ч хачирхалтай. Тэдбээр эдийн засгийг хөдөлмөрийн бүрэн төгс чадвартай атлаа сэтгэл нь даанч тогтворгүй, бас тэгээд тунчиг зөрүүд, мөнгөний ханшны уналт, ажилгүйдэлд яс, махнаасаа дуртай өвчтөнтэй харилцаж байгаа юм шиг төсөөлөх аж. Харин Засгийн газар маань бол өндөр настай, мэргэн цэцэн эмч юм уу, халамжлан хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэнэ. Засгийн газар ямагт сонор соргог байж, эдийн засгийн өвчтөнг хөдөлмөрийн чадвартай байлгаж, хүндрэлд орсон нөхцөлд тэр дор нь засаж залруулахад бэлэн зогсох их ажилтай-ай. Түүнчлэн, ямар ч нөхцөлд эдийн засгийн өвчтөн нь захирагдагч, харин засгийн газар болбоос Эзэн нь буюу “эмчлэгч эмч” нь гэнэ.
Иймэрхүү үзэл суртал, улс төрийн бодлогыг “социализм” хэмээн нэрлэдэг асан цагаас хойш тийм ч удаагүй байна. Гэхдээ бид чинь эвфемизмийн эрин үед аж төрж байгаа болохоор тэдэнд зориулаад арай зөөлрүүлсэн, “үхээнц” ч гэх юм уу, эсбөгөөс “гэгээрсэн, чөлөөт аж үйлдвэрлэл” гэсэн нэр томъёо хэрэглэхээс аргагүй болох нь ээ. “Үхэн үхтлээ сурахад оройтохгүй” гэж нэг мэргэн үг байдаг даа.
Тэгвэл байн байн хямралд ороод байдаг маань юуных вэ? Хөөрөгдөл хийгээд сүйрэл гэгчийг ойлгохгүй чигээрээ өнгөрөх юм гэж үү? Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндэс суурин доор нээрээ тийм эдийн засгийн мөчлөгүүд үүрлэчихсэн юм уу? Хэрвээ бид эдийн засгаа тогтвортой байдлын ямарваа нэгэн хүрээн дотор барьж байх гээд байгаа юм бол заавал ч үгүй төрийн төлөвлөлтийн аль нэг хэлбэр хэрэгтэй гэж үү? Нээрээ тэгж эхлээд хөөрөгдөл, дараа нь сүйрэл гэнэт ороод ирдэг юм уу, аль эсвэл нэг нь нөгөөгөөсөө урган гардаг хэрэг үү?
Эдийн засгийн мөчлөгийн тухай өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байгаа үзэл бодол бол үнэн чанартаа Карл Марксаас гаралтай зүйл. Аж үйлдвэржилтийн хувьсгал эхлэхээс өмнө /ойролцоогоор XVIII зууны сүүлчээр/ хөөрөгдөл, хямрал байн байн тохиолдоод байгаагүй хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Хэн нэгэн ван дайн байлдаан зарлах ч юм уу, эсвэл аль нэг албатынхаа өмчийг хураагаад авчихвал эдийн засгийн гэнэтийн хямрал тохиодог л байж, гэхдээ л одоо цагийнх шиг бүх нийтийг хамарсан онцгой үзэгдлийн шинж тэмдэг мэдрэгдэхгүй, аж үйлдвэрийн амжилтын дүүжин эрс савлаад эхлэхгүй, өргөсөөд, нарийсаад явчихдаггүй байж. Түүхийн тоглолтын тайзан дээр тиймэрхүү мөчлөгүүдийн давтагдах хугацаа орчин үеийн аж үйлдвэрийнхтэй адилхан байсныг анзаарсан мань Маркс ажил хэргийн үе шатууд бол капиталист зах зээлийн эдийн засгийн салшгүй нэгэн шинж хэмээн дүгнэжээ. Эдүгээ цагт оршин тогтносоор буй эдийн засгийн сэтгэлгээний арга барилууд янз бүрийн асуудлаар хоорондоо зөрчилдөөнтэй байдаг ч гэлээ, ганцхан зүйл дээр санал нэгдэхээс аргагүйд хүрдэг. Тэр нь юу вэ гэвэл, ажил хэргийн үе шатууд чөлөөт зах зээлийн эдийн засгийн бүр гүнд нь сууж байдаг юм байх. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийг л буруутгахаас өөр замгүй. Хямрал үе үе тохиолдоно, тохиолдох тусам улам хүндээр илэрнэ, эцэс сүүлдээ олон түмнийг бослогод дагуулна, бүр сүүлд нь системийг устгаж байж санаа нь амарна хэмээн Карл Маркс итгэж байсан бол, хямрал хийгээд эдийн засгийн мөчлөгийг Засгийн газар даван гарах өндөр чадвартай хэмээн өнөөдрийн эдийн засагчид үздэг аж. Тэдбээр хэргийн буруутан нь зах зээлийн эдийн засгийн ходоодны мухарт орогнож байгаа тул аюулыг даван гаръя л гэвэл төрийн оролцоо ямар нэг хэлбэрээр зайлшгүй шаардлагатай гэдэг дээр нэгэн дуугаар нэгджээ.
“Зүүн хойд хар овоохой л буруутай” гэдэг шиг зах зээл л бүх зүйлийн буруутан гэсэн таамаглалд шүүмжлэчихмээр юм бас тааралдах юм аа. Жишээ нь, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоёрт ямагт тэнцүүхэн байх дуртай, үүнээ дагаад барааны үнэ, үйлдвэрлэлийн хүчин зүйл хоёр ч гэсэн тэнцвэрийн цэг рүү тэмүүлж байдаг гэдгийг “Эдийн засгийн ерөнхий онол”-оор бид сайн мэднэ. Энэ өгөгдөхүүнд хааяа нэг өөрчлөлт гараад л байг хамаагүй, тэр бүхэн нь бүрэн тэнцвэртэй байдалд хүрэх боломжийг алдагдуулж л байг хамаагүй, хамгийн гол нь зах зээлийн системийн ерөнхий онол дотор байн байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөгийн үе шатууд байдаг гэж заасан зүйл хараад хаачихъя гэсэн ч олдохгүй дээ. Харин орчин үеийн эдийн засагчид үүнийг тун хялбархан шийдээд хаячихжээ. Тэд өөрсдийн гэсэн зах зээлийн үнийн тухай онол боловсруулчихаж, эдийн засгийн үе шатуудын тухай онол бүтээгээд, мөчлөгүүд нь хоорондоо хэзээ ч хавиралдах байтугай нийлэлдэх аргагүй болтол нь зад угаасан хана туурга бариад тусгаарлачихаж. Харин харамсалтай нь, тэд маань ганцхан л эдийн засаг байдаг, түүнд тохирсон ганцхан цогцолбор эдийн засгийн онол байдаг гэдгийг ор тас мартчихаж. Эдийн засгийн амьдрал, түүний онолын бүтэц нь ч ус үл нэвтрэх тусгаар ханатай өрөөнүүдэд оршин тогтнож үл чадах агаад, эдийн засгийн талаархи бидний мэдлэг эсвэл бүхэл бүтэн цогц ойлголт байх ёстой, эсвэл ямар ч ойлголт гэж байх ёсгүй. Гэтэл олонхи эдийн засагчид үнэ болон эдийн засгийн мөчлөгүүдийн талаар ерөнхий дүн шинжилгээ хийх үүрэгтэй, хоорондоо огт харилцан уялдаагүй, тэр ч битгий хэл, бие биеэ үгүйсгэсэн онолуудыг хэрэглэхээр санал нэгджээ. Судалгаа, шинжилгээний ажлаа иймэрхүү бүдүүлэг аргаар явуулж байгаа цагт тэдбээр өөрсдийгөө эдийн засагч-эрдэмтэн хэмээн нэрлүүлэх эрх байхгүй ээ.
Өнөөдөр газар аваад байгаа бас нэгэн үзэл бодол мөн л хэцүүхэн асуудлыг босгож тавьчихаад байна. Эдийн засгийн мөчлөгүүд хийгээд үнийн ерөнхий дүн шинжилгээний онолуудаа уялдаатай болгохын оронд тэд маань эдийн засгийн хямрал, хямралын үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өвөрмөц задралын талаар ам ангайсангүй. Зах зээлийн эдийн засагт ажил хэрэгч хүний хамгийн гол чанаруудын нэг нь “үйлдвэрлэгч” байх чадвар юм. Өөрөөр хэлбэл, ашиг олж чадна гэдэгтээ бүрэн итгэлгүй байгаа ч гэсэн ямарваа нэг юмыг хийхийн тулд үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, тоног төхөөрөмж худалдаж авч, ажиллах хүчийг хөлсөлж чаддаг хүн байх. Үйлдвэрлэгч хүний үйл ажиллагаа гэдэг бол тодорхойгүй ирээдүйг урьдчилан төсөөлөх үйл ажиллагаа юм. Хөрөнгө оруулж, үйлдвэрийн шугамаа хөдөлгөхөөс хамаагүй өмнө тэр хүн эхний ба ирээдүйд гаргах зардал, олох ашгаа тооцоолох учиртай. Хэрвээ тэрбээр төслөө сайн, тэр дундаа өрсөлдөгч нараасаа илүү боловсруулж чадах юм бол хөрөнгө оруулалт нь ашиг авчирна. Харин тэгж үл чадах аваас алдагдалд ороод, тун удалгүй бизнесийн хүрээнээс шахагдан гарах болно.
Энэ маягаар, зах зээлийн эдийн засаг гэдэг бол ашиг, алдагдал хоёрын эдийн засаг юм, үйлдвэрлэгчийн чадвар, саруул ухаан хоёр нь олох ашгаар нь хэмжигддэг юм. Түүнээс гадна зах зээлийн эдийн засаг гэдэг бол аливаа үйлдвэрлэгч бөгөөд ирээдүйгээ зөв төсөөлж чаддаг хүний амьдрал, дэвшлийг хангадаг механизм, нэг ёсны төрөлхийн сонголт бөгөөд өөрөөс нь муу ажилладаг хүнээс салах гарц юм. Хэдийчинээ их ашиг олох тусам, төдийчинээ их хариуцлагын хүрээ нь тэлнэ, түүнээ дагаад үйлдвэрлэлдээ оруулах хөрөнгө оруулалтын арга хэрэгсэл ихсэнэ. Нөгөө талаас, алдагдалд орсон хэдэн жилийн харгайгаар уг хүн үйлдвэрийн эзний үйл ажиллагаагаа орхиод хөлсний ажилчин болохоос аргагүйд хүрнэ.
Хэрвээ бид зах зээлийн эдийн засаг гэдэг бол сайн үйлдвэрлэгчийг төрөлх чанараар нь сонгон авдаг механизм гэж үзвэл тийм ч олон үйлдвэр алдагдалд орно гэж айгаад байх шалтгаангүй болно. Нээрээ ч бид эдийн засгийн хэвийн механизмыг нэг өдөр юм уу, нэг жил ажигласны эцэст алдагдал гээч нь тийм ч түгээмэл үзэгдэл биш гэдгийг анзаарах болно. Тэгвэл яагаад заавал тайлбар шаардах хачирхалтай явдал болоод байдаг юм бэ? Уналтын эхэн үед, ялангуяа хямрал нүүрлэчихээд байгаа цагт ажил хэргийн ертөнц яахаараа их алдагдлын тахалд нэрвэгдээд байдаг юм бэ? Урьд нь сайн ажиллаж байсан үйлдвэрүүд хэн ч тайлбарлаж чадашгүй асар их алдагдалд орчихсоноо гэнэтхэн мэддэгийн учир юу вэ? Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Хямрал ямар ч онол энэ гоц үеийг тайлбарлаж чадах ёстой. “Хангалттай бус хэрэглээ” /Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн ерөнхий зардал буурах/ гэсэн тайлбар хангалтгүй ээ. Урьд өмнө нь эдийн засгийн аливаа өөрчлөлтийг таамаглаж чадаж байсан хүмүүс гэнэтхэн л нэг өдөр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ буурсныг мэддэг нь юуных вэ? Урьдчилан таамаглах чадвараа бүгдээрээ гэнэт гээчихнэ гэж байх уу?
Хямралын тухай харьцуулах онол эдийн засаг маань яагаад “хөөрөгдөл-сүйрэл” хэмээх нэгэн үе шатнаас нөгөө рүү ямар нэгэн шинж тэмдэггүй яваад орчихож байгаа юм бэ, яахаараа аажмаар шилжиж болдоггүй юм бэ, эсвэл тогтворжилт руу намдуухан ойртож болдоггүй юм бэ гэдгийг тайлбарлах ёстой юм. Тухайлбал, эдийн засгийн хямралын үед тулгардаг үй түмэн, асар том алдаанууд хямралын шатанд давтагдаад байдгийн учир юу вэ гэдэгт ч хариулах учиртай. Үүнээс гадна мөчлөгийн онолын тайлбарлах ёстой гурав дахь хүчин зүйл байдаг. Хөөрөгдөл болон сүйрлүүдэд хамгийн их өртөж, хамгийн ихээр харгислагддаг салбар бол үйлдвэрийн хэрэгсэл гаргадаг салбар, өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг салбарыг бодвол түүхий эд гаргаж, үйлдвэрлэлийн барилга босгох үүрэг бүхий тоног төхөөрөмж, суурь машин хийдэг салбар юм. Тайлбараа хүлээж байгаа эдийн засгийн мөчлөгийн амьдралын энэхүү хэсгийг дутуу хэрэглээний тухай номлол мэтийн онолоор даван туулж хэрхэвч болохгүй. Дутуу хэрэглээний тухай номлол гээч нь хэрэглэгчид өргөн хэрэглээний бараанд тэгтлээ их мөнгө зарцуулахаа болилоо гэсэн гоморхол юм. Хэрвээ дутуу хэрэглээ л бүх юманд буруу юм бол яахаараа жижиглэнгийн худалдаа хамгийн сүүлд бөгөөд хамгийн багаар л ямар нэгэн хэмжээний хямралд ордог юм бэ, харин суурь машин, үндсэн тоног төхөөрөмж, барилга хийгээд уул, уурхайн салбар яахаараа хамгийн их өртөөд байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирнээ дээ? Гэтэл уг чанартаа өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг салбарууд бус, зөвхөн саяын дурдсан салбарууд л эдийн засгийн мөчлөгийн инфляцийн үеүдэд өгсөлтийнхөө шатанд очсон байдаг нь гайхалтай.
Энэ маягаар хямрал, эдийн засгийн мөчлөгийн тухай харьцуулах онолыг эдийн засгийн шинжлэх ухаанд үл тоомсорлоод байгаа ч гэсэн бүрэн устгаж чадахгүй л байна. Ер нь энэхүү онол эдийн засгийн сэтгэлгээнд нилээд дээр үеэс орж иржээ. Уг онолын суурийг тавигчид нь XVIII зууны Шотландын философч, эдийн засагч Давид Юм, XIX зууны эхэн үеийн Английн нэрт эдийн засагч, сонгодог сургаалийн төлөөлөгч Давид Рикардо нар юм. XVIII зууны дунд үеэс аж үйлдвэрлэлийн систем төрөн бий болохтой зэрэгцэн банкууд одоогийнхоо чиглэлээр хөгжиж ирснийг эдгээр эрдэмтэд хамгийн түрүүнд олж харжээ. Банкны ажиллагааны гол онцлог бол зээл олгох, мөнгөн хуримтлалыг /эхлээд цаасан мөнгө юм уу банкнот, дараа нь яаралтай бэлэн мөнгөөр төлөгдөх урсгал гүйлгээ/ өсгөх чадвар юм. Чухамхүү арилжааны банкуудын эдгээр үйл ажиллагаанд л XVIII зууны дунд үеийн ажиглагчдыг гайхашруулж эхэлсэн хөөрөгдөл-сүйрэл, өргөсөлт-хавчилтаас бүрдсэн үе шатууд байн байн тохиолдоод байгаагийн нууц оршдогийг тэр эрдэмтэд олж харсан байдаг.
Эдийн засгийн мөчлөгийн тухай Рикардогийн задлан шинжилгээг ерөнхийдөө доорхи байдлаар ойлгож болно: Чөлөөт зах зээл дээр бий болж байгаа ямар нэгэн маргаангүй мөнгө нь ашигтай бараанууд буюу ихэнхидээ алт, цагаан мөнгө юм. Хэрвээ энэ хоёр бараагаар л мөнгө илэрхийлэгддэгсэн бол эдийн засаг бүхэлдээ ямар ч хөөрөгдөл хийгээд сүйрэл гээч юманд өртөхгүйгээр эрэлт, нийүүлэлт хоёртоо л удирдуулан хөгжихсөн. Гэвч банкны зээл гэдэг юм орж ирээд л хамгийн сүйрэлт элмент нь болчихсон байна. Банкууд өөртөө байгаа мөнгөний хэмжээгээр /банкнот, депозит буюу онолын хувьд анхны шаардлагын дагуу алтаар төлөгдөх ёстой боловч хэрэг дээрээ хэзээ ч тэр нь биелэгддэггүй чек, нэхэмжлэл/ зээлээ өргөжүүлж байдаг. Жишээ, банк сандаа 1000 лан алттай атлаа 2500 лан алтны яаралтай төлөх баталгаа гаргаж өгсөн бол уг банк төлж чадах ёстойгоосоо 1500 лан алтан баталгааг илүүтэй гаргасан гэсэн үг. Харин эдгээр баталгааны дагуу ирсэн нэхэмжлэлүүд ямар нэгэн гацаагүй төлөгдсөөр байгаа үед уг баталгаа нь зах зээл дээр алтаар үнэлэгдсээр байх бөгөөд, үүнийхээ ачаар уг банк улс орны мөнгөн санг 1500 лан алтаар нэмэгдүүлжээ гэсэн үг.
Зээл улам ихээр олгох тусам, олж буй ашиг нь улам л нэмэгдэх тул банкууд энэ маягаар зээл олгох ажиллагаагаа өргөжүүлдэг юм. Ингэх нь нэг л улсын хил хязгаар доторхи, тухайлбал Англид л мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ. Тэгснээр Англид цаасан мөнгө, банкны мөнгө /үнэт цаас/-ний хуримтлал ихэсч англичуудын орлого, зарлага нэмэгдэж, англи барааны үнийн өсөлтийг дагуулна. Үр дүнд нь мөнгөний ханш унаж, улс оронд үнийн хөөрөгдөл нүүрлэнэ. Мөнгөний үнэгүйдэл эцэс төгсгөлийнхөө үрийг ургуулна. Мөнгөн хуримтлал, орлого нь нэмэгдэхийн хэрээр англичууд аль болох их хэмжээний барааг хилийн чанадаас л худалдан авах болно. Тэр ч бүү хэл, англи барааны үнэ нэмэгдэхийн хэрээр үнэ нь нэмэгдээгүй юм уу, нэмэгдсэн ч тэгтлээ айхтар галзуураагүй бусад улсын бараатай өрсөлдөх чадвараа алдана. Англичууд өөрийнхөө барааг улам багаар, хилийн чанадын барааг улам ихээр худалдан авахтай яг адилхнаар гадаадынхан англи барааг худалдан авах нь багасаж, зөвхөн өөрсдийнхийгөө л авдаг болно. Үүний харгайгаар Английн төлбөрийн чадвар хомсдож, экспортын хэмжээ импортоосоо мэдэгдэхүйц хоцорно. Нэгэнт л импорт нь экспортоосоо түрүүлж байгаа юм чинь Английн мөнгө гадаад руу урсах нь ойлгомжтой. Гэхдээ тэр нь ямар мөнгө байх вэ? Мэдээжийн хэрэг, англи банкнот, депозит биш. Немцүүд, италичууд эсвэл франц хүмүүс өөрийнхөө мөнгийг Английн банкинд цоожлуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор гадаадынхан мөнөөхөн банкнот, депозитыг нь аваад Английн банкинд алтаар солиулна, ингэснээр гадаад руу гарч буй мөнгө нь зөвхөн алт болон хувирна. Энэ бол Английн банкуудын зээлийн мөнгө алтан баталгаагүй хоосон пирамид болж буйн л илэрхийлэл. Хөөрөгдөл үргэлжилсээр байх зуур таамаглалаар л үйл ажиллагаагаа явуулдаг манай мөнөөх банкууд агуулахын батламжаа улам ихээр гаргах болно, тухайлбал, 2500-гаас 4000 хүртэл өсгөнө, харин алтны нөөц нь 800 хүртэл буучихсан байхаа ч магадгүй. Ийм үйл ажиллагаа өрнөхийн хэрээр банкууд айж эхэлнэ. Тэд чинь эцсийн бүлэгт бүх үнэт цаасны баталгаагаа алтаар төлөх ёстой атал бэлэн алт нь хорогдоод л, өгсөн баталгаа нь улам зузаараад л байгаа юм чинь. Эцсийн бөлөгт банкууд тэсэж чадахаа болиод зээл олгохоо зогсоож, өөрийгөө аврахын тулд зах зээл дээр эргэлдэж байгаа баталгааныхаа зарим хэсгийг худалдан авахад хүрнэ. Ингэснээр үндэсний банкуудын үйл ажиллагаа доголдож эхэлмэгц үйлчлүүлэгч нар мөнгөө яаралтай нэхэж эхэлнэ. Банкны доголдол эдийн засгийн байдлыг өөрчилж, хөөрөгдөл нь сүйрлээр солигдоно. Банкууд ааг омгоо дарж, өрөнд орсон аж үйлдвэрийн газрууд алдагдлаа нөхөж чадахгүйн улмаас ажил хэргийн идэвхи нь улам улмаар унана. Банкуудын мөнгөний нийлүүлэлт нь багассанаар Англид барааны үнэ бүхэлдээ унана. Орлого хийгээд мөнгөний хуримтлал багассанаар Англид үнэ огцом унаж, гадаадын барааг бодвол англи бараануудын нэр хүнд өснө. Төлбөрийн тэнцэтгэлийн харьцаа туйлаа сольж, экспорт нь импортоо давна. Улс оронд орж ирэх алтны хэмжээ нэмэгдсэнээр банкны мөнгөний пирамидын өндөр багасаж, банкуудын байдал тогтворжиж эхэлнэ.
Эдийн засгийн мөчлөг дэх хямралын үе шатны утга учир чухам үүнд л байдаг бөгөөд тэлэлтийн хөөрөгдлөөс уг шат үүссэн байсныг хэлэх нь зүйтэй. Түүнийг угтан ирсэн инфляци л зогсонги байдалд хүргэсэн юм. Тэгэхээр хямрал гэдэг бол зах зээлийн эдийн засгийн тогтворжуулагч үйл явц бөгөөд өмнөх ханшны уналтаас үүдэлтэй хөөрөгдлийн гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг. Хямрал бол хүсүүштэй зүйл биш, гэхдээ л түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл билээ.
Тэгвэл яагаад дахиад нэг шинэ үе шат гараад ирдэг байна аа? Яахаараа эдийн засгийн үе шатууд давтагдаад байдаг юм бол оо? Яагаад гэвэл банкууд овоо сэхээ аваад зээл олгох ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн болсон тул дахиад л хөөрөгдөл үүсч, дараачийн, зайлшгүй ирэх мөчлөгийн үрийг тарьчихдаг юм.
Гэвч, хэрвээ банкууд л эдийн засгийн мөчлөгүүдийг төрүүлээд байгаа гол шалтгаан нь юм бол банк чинь өөрөө чөлөөт зах зээлийн эдийн засгийн бүрдүүлэгч хэсгүүдийн нэг биш гэж үү? Банкууд хэргийн эзэн учраас л бид чөлөөт зах зээлийг хамаг бүхний буруу гэж хэлж чадахаа больчихсон юм биш биз? Тэгээд байгаа юм биш ээ гэж би хэлэх байна. Яагаад гэвэл, Засгийн газрын дэмжлэг, төрийн оролцоогүйгээр банкууд зээл олголтоо өргөтгөж хэзээ ч чадахгүй. Хэрвээ банкууд яг үнэн мөнөөсөө өрсөлддөг бол нэг л банкны зээлийн тэлэлт бусад банкуудаа өрөнд даруулчих байсан. Харин тэр өрсөлдөгч банкууд нь уг банкийг үйлчлүүлэгчиддээ тавьсан өрөө бэлнээр яаралтай төлөхийг шаардах байсан. Өөрөөр хэлбэл, уг банкны өрсөлдөгч нар гадаад иргэдийн л нэгэн адил алт юм уу, бэлэн мөнгөөр тооцоогоо хийхийг шаардах бөгөөд энэ үйл явц ч хурдан хугацаанд биелэгдсэнээр мөнгөний ханшны уналтыг үүсэхээс нь өмнө ёзоороор нь тасдан хаях байсан. Төв банк буюу төрийн байгууллагын монополийг хадгалсан Засгийн газрын банк байгаа учраас банкууд юунаас ч айхгүй дуу дуугаа авалцан зээл олголтоо тэлэн өргөжүүлээд байдаг юм. Төвлөрсөн банкны систем бий болсноор банкууд зээлээ тэлэх боломж олж, тэгснээрээ өнөө цагт бараг л хэвийн үзэгдэл хэмээн тооцогддог эдийн засгийн мөчлөгүүд төрчихсөн юм.
Банкны системд тавих хяналтаа Төв банк Засгийн газрын арга хэмжээнүүдийн тусламжаар явуулдаг. Үүнд, өөрийнхөө гол үүргийг ямар ч өрөө дарах, татвар төлөх болохоороо хуульчлагдсан төлбөрийн арга хэмжээ болгох, мөнгөн тэмдэгт гаргах монополь эрхийг Төв банкинд олгох /Жишээ нь Английн Банк бол Засгийн газрын байгуулсан төв банк бөгөөд Лондоны хил хязгаар дотор мөнгөн тэмдэгт гаргах эрхийг хуулиар олж авсан байдаг/, эсвэл арилжааны банкуудыг бэлэн мөнгөнийхөө нөөцийг Төв банкинд хадгалуулахыг /тухайлбал АНУ-д Холбооны нөөцтэй хамт хадгалдаг шиг/ үүрэгдэж, Төв банкны үйлчлүүлэгч болохыг албан ёсоор шахаж шаардах зэрэг орно. Ингэлээ гээд бусад банкууд нь ч дургүйцээд байдаггүй, яагаад гэвэл банкны төвлөрсөн систем бий болсноор л урт удаан хугацааны зээлийн тэлэлт явуулах боломжийг тэд олж авсан байдаг юм. Яагаад гэвэл, Төв банкны мөнгөн тэмдэгтын түрэмгийлэл нь банкны бүх системд зориулсан бэлэн мөнгөний нэмэгдэл нөөцөөр хангагдсан байдаг бөгөөд ингэснээрээ арилжааны банкууд нэгэн зэрэг зээлээ өргөтгөх бололцоогоор хангагджээ. Төвлөрсөн банкны систем нь арилжааны банкуудын үүргийг өргөтгөхөд чиглэгдсэн Нэгдэл маягийн юм болохоор түүнд нь заавал элсэх учиртайгаас гадна, тэр тааламжтай нөхцөл, басхүү алтнаас гадна Төв банкны мөнгөн тэмдэгт хэлбэрээр бэлэн мөнгөний нөөц байгаад эрдэн зээл олголтоо тэлж өргөжүүлээд байгаа юм.
    Ийнхүү бид эдийн засгийн мөчлөгийн шалтгаан нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооны далдын ямар нэгэн алдаанд биш, харин ч эсрэгээрээ, зах зээлийн үйл явцад төрийн оролцоо системчлэгдсэн байгаад л оршиж байдаг гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэтэл цаана нь бас хоёр асуудал ойлгомжгүй хэвээрээ үлджээ. Хаанаас тийм олон ажил хэргийн алдаа, гэнэтийн мухардлууд гараад ирдэг юм бэ, мөн өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг салбарыг бодвол үйлдвэрлэлийн хэрэгсэл гаргадаг салбар нь хямралд яагаад илүү өртөөд байдаг юм бэ гэсэн асуултууд л даа. Рикардогийн онол зах зээл дээрхи нийт барааны үнийн өсөлтийг л ерөнхийд нь авч үздэгээс бус, үндсэн ба өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг салбарын ялгаатай үзэгдлүүдэд ямар ч тайлбар өгөөгүй байдаг.
Эдийн засгийн мөчлөгүүдийн хамгийн тодорхой бөгөөд бүх талыг хамарсан онолыг эцсийн эцэст Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес Венийн их сургуулийн профессороор ажиллаж байхдаа нээсэн билээ. Эдийн засгийн мөчлөгийн чухал асуудлуудыг тодорхойлсон анхны бүтээлээ тэрбээр 1912 онд хэвлүүлсэн “Мөнгө ба Зээлийн онол” хэмээх номондоо оруулсан байдаг агаад эдүгээ бараг 60 жил өнгөрсөн хойно ч тэр нь мөнгө хийгээд банкны хэргийн талаархи шилдэг бүтээл хэвээрээ л байна. 1920-иод онд Мизес мөчлөгийн онолоо улам дэлгэрүүлэн хөгжүүлсэн бөгөөд дараа нь тэр бүтээлийг нь Мизесийн гол залгамжлагч Фридрих Хаек 1930-аад оны эхээр Венагаас Лондоны эдийн засгийн сургуульд багшлахаар ирсэн хойноо англи хэлтэй ертөнцөд түгээсэн юм. Тэрбээр Мизесийн мөчлөгийн онолыг нарийвчлан хөгжүүлээд англи болон герман хэл дээр “Мөнгөний онол ба эдийн засгийн мөчлөг”, “Үнэ ба үйлдвэрлэл” гэдэг хоёр номоо хэвлүүлжээ. Мизес, Хайек  хоёр бол австри хүмүүс, XIX зууны агуу их австри эдийн засагчдын сургаалийг дагагсад байсан тул уг онол нь уран зохиолд “Эдийн засгийн мөчлөгийн тухай “Австрийн” онол” /буюу Мөнгөний дахин хуваарилалтын онол/ хэмээн нэршсэн билээ.
Рикардогийн залгамжлагчид, “Австрийн” ерөнхий онол, өөрийн гайхалтай чадварлаг сэтгэлгээндээ тулгуурлан Мизес эдийн засгийн мөчлөгийн тухай дараахи онолыг гаргаж ирсэн байдаг:
Банкийн зээлийг тэлж өргөтгөхгүй байсан ч хамаагүй эрэлт, нийлүүлэлт хоёр үнийн чөлөөт тогтолцоогоор дамжин тэнцвэржилт рүү тэмүүлж байдаг. Тийм болохоор бүхнийг хамарсан хөөрөгдөл буюу сүйрэл гарах үндэс байхгүй. Гэтэл Засгийн газар өөрийнхөө Төв банкны үүргийг нэмэх, цаашлаад улс орны бүх арилжааны банкуудын бэлэн нөөцийг ихэсгэх замаар банкны зээлийн тэлэлтийг давруулчихсан юм. Банкууд ч зээл олголтоо нэмэн өргөтгөөд эхэлсэн, ингэснээрээ улс орны мөнгөн хуримтлалыг чек, депозит хэлбэрээр зохиомлоор өсгөсөн. Банкийн мөнгөний нийлүүлэлт өсөх нь үнийг нэмж, мөнгөний ханшийг унагадгийг Рикардогийн залгамжлагчид ч тэмдэглэсээр ирсэн. Түүнээс гадна сүйрэлд хүргэдэг өөр бусад хор уршиг байгааг Мизес олж харжээ. Эдийн засагт зээлийн шинэ эх үүсвэрийг оруулах замаар банкны зээлийн тэлэлтийг өргөтгөснөөр чөлөөт зах зээлтэйгээ уялдсан хүүгийн хувь хэмжээг зохиомлоор багасгадаг аж. Чөлөөт, гажуудалгүй зах зээлийн нөхцөлд бол хүүгийн хувь хэмжээ нь зах зээлийн эдийн засгийг бүрдүүлдэг бүх субъектуудын “цаг үеийн шаардлагаар” тодорхойлогддог юм. Зээлийн мөн чанар нь “тухайн  бараа” /хэзээ ч хэрэглэж болох мөнгө/-г “ирээдүйн бараа” /зөвхөн ирээдүйд л хэрэглэж болох өрийн бичиг/ болгон сольж өгдөгт л оршдог. Гэтэл хүмүүс ирээдүйд мөн л одоогийнхтойгоо адил хэмжээний мөнгө авахынхаа оронд одоо цагт л тийм хэмжээний мөнгөтэй байхыгаа урьдал болгодог учир ирээдүйд зориулсан мөнгөө өгснийхөө төлөө бас нэмэгдэл хөлс, шагнал авах хэрэгтэй болно. Чухамхүү тэр шагнал нь хүүгийн хувь хэмжээ бөгөөд ирээдүйг хүртэл хувь хэмжээ нь өөрчлөгдөж таарна. Тийм болохоор хүүгийн хувь хэмжээ гэдэг нь ирээдүйг одоотой харьцуулсан хэмжүүр буюу түр зуурын шилэн сонголт юм.
Хүмүүсийн түр зуурын шилэн сонголт нь ирээдүйг хүртэл хүмүүсийн хадгалуулах, хөрөнгө оруулалт болгох нөөцийг хэрэглээтэй нь жишсэн харьцааг илэрхийлнэ. Хэрвээ хүмүүсийн түр зуурын шилэн сонголт багасах, өөрөөр хэлбэл, одоогийн шилэн сонголтын түвшинг ирээдүйн шилэн сонголтын түвшинтэй харьцуулахад буурахаар байвал тэд одоо цагт хэмнэлттэй зарцуулах болно, ингэхтэй нь зэрэгцэн хүүгийн хувь хэмжээ ч буурах ёстой. Түр зуурын шилэн сонголтын коэффициент багасах тусам эдийн засгийн өсөлт төдий хэрээр ажиглагдана. Тэгснээрээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг хэрэглээтэй харьцуулсан харьцааны хэмжээ нэмэгдэж, хүүгийн хувь хэмжээ буурна.
Хэрвээ түр зуурын шилэн сонголтын түвшин буурснаас биш, банкийн зээлийн тэлэлтийг урамшуулдаг засгийн газрын оролцооноос шалтгаалаад хүүгийн хувь буураад байгаа бол юу тохиолдох вэ? Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн сонголтоос шалтгаалахгүйгээр төрийн оролцооноос болоод байвал яах вэ гэсэн үг л дээ. Тэгвэл эмх журамгүй байдал үүснэ. Зээлийн хүү буурсан тухай зах зээлийн дохио авсан үйлдвэрийн эзэд үндсэн болон үйлдвэрийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалтаа ихээр хийнэ. Урьд нь алдагдалтай байсан урт хугацааны төслүүд хүүгийн хэмжээ буурчихсан болохоор ашигтай болж харагдана. Хуримтлал нь ихэссэн бизнесменүүд хийх ёстой ажлаа л хийнэ: Тэд үндсэн тоног төхөөрөмж, бараа материал, үйлдвэрийн түүхий эд, барилга угсралтад анхаарлаа хандуулж, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэхээ багасгана.
Үйлдвэрийн газрын эзэд хүү нь буурсан банкны зээлийг дуртайяа авч эхэлнэ, түүнийгээ үндсэн тоног төхөөрөмж болгоно, үр дүнд нь газар эдэлбэрийн хөлс нэмэгдэх, үндсэн барааны үйлдвэрлэл дээр байгаа ажилчиддаа их цалин өгөх болно. Аж үйлдвэрийн газруудын нэр хүнд өссөнөөс ажиллах хүчний зардал өндөрсөх боловч эзэд нь түүнийг төлөх чадвартай хэмээн эндүүрсээр байх болно. Яагаад гэвэл, зах зээл дээрхи хүү хөрөнгөний талаар явуулсан засгийн газар-банкны түрэмгийлэлд тэд хууртчихсан байдаг. Хүндрэл хэзээ үүсэх вэ гэхлээр, тариаланчид хийгээд ажилчид өндөр цалингаар нь орж ирсэн банкны мөнгийг хамаа намаагүй зарцуулж эхлэхэд үүснэ. Үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний орлогын ихэнхи хувь нь цалинд зарцуулагддаг тул ялангуяа ажилчид ариг гамгүй зарцуулна. Хүн амын түр зуурын шилэн сонголт буураагүй учир хүмүүс урьдынхтайгаа адил хямгадахаа болино. Тэд зардлынхаа ихэнхи хэсгийг хэрэглээний барааны үйлдвэрлэл рүү шилжүүлж, хадгалах, хөрөнгө оруулахаа зогсоож байна гэсэн үг. Ялангуяа шинээр үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, техник, аж үйлдвэрийн түүхий эдэд мөнгө зарахгүй. Энэ бүхний харгайгаар үндсэн барааны үйлдвэрлэлийн хүрээ зогсонги байдалд орно. Хэрэглэгчид тийнхүү зардал, хөрөнгө оруулалтын тааламжтай харьцааг олж авахын зэрэгцээ үйлдвэрийн эзэд үндсэн материалд хэт их хөрөнгө оруулаад өргөн хэрэглээний барааг тоогоогүй хаясан гэдгээ ухаарна. Тэдний бизнес засгийн газрын хаясан өгөөшийг үмхээд урьдынхыгаа бодвол хамаагүй их хэмжээний үндсэн хөрөнгөтэй болсныгоо ойлгоно.
Үнийн хөөрөгдөл ийм маягаар л үнийн тогтворжилт, үйлдвэрлэлийг гажуудуулдаг юм. Хөөрөгдлийн үед ажлын хөлс болон үндсэн барааны түүхий эдийн үнэ асар ихээр нэмэгдсэн байсан тул үйлдвэрийн газрууд ашиг олж чадахгүй. Үүний дараа “зогсонги” байдал эрүүлжүүлэх үе шат мэт төсөөлөгдөх болно. Түүний тусламжаар зах зээлийн эдийн засаг хөөрөгдлийн үеийн үндэслэлгүй, ашиггүй хөрөнгө оруулалтаасаа татгалзаж, тэдгээрээ устгахаас гадна, хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёрын харьцааг сэргээснээр хэрэглэгчдийн хүсэлд яв цав нийцнэ. ХямралÕÕ бол эмгэг өвчтэй боловч зайлшгүй ирэх үйл явц агаад чухамхүү түүний ачаар л зах зээлийн эдийн засаг хөөрөгдлийн үеийн туйлшрал, алдаа завхралаасаа ангижирч, хэрэглэгч олонд ашигтай үйлчлэх үүргээ сэргээх болно. Хөөрөгдлийн үеийн үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ хөлс дэндүү ихээр нэмэгдсэн учир тэдгээрийн үнэ болоод ажлын хөлсийг зах зээлийн харилцаанд зохицтол унагахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрвээ ажлын өндөр хөлсний хэлбэрээр нэмэгдэл мөнгө ажилчдын гарт тун хурдан хүрч байвал хөөрөгдөл ямар замаар тийнхүү олон жил үргэлжилж чадах юм бэ? Тэгээд бас түүний шинж тэмдэг нь болох үндэслэлгүй хөрөнгө оруулалт илрэхгүй байх нь сонин. Зах зээлийн дохионы гажуудлаас үүссэн алдаанууд ч бас илрэхгүй байна гэдэг? Алдааг засамжлах хчмралын үйл явц үйлчлэхгүй байвал яах вэ? Энэ бүхний хариулт нь банкны зээлийн тэлэлт болон түүний хүү чөлөөт зах зээлийн тогтоосон түвшингээс доош орсон ганц нэгхэн явдалтай л холбоотой байж болох юм. Гэвч зээлийн тэлэлт гэдэг бол ганц удаагийн арга хэмжээ биш. Тийм арга хэмжээ дахин дахин давтагдаж хэрэглэгчдэд хэрэглээ, хадгаламж хоёрын тааламжтай харьцаа тогтоох боломж олгохгүй. Бас үндсэн хөрөнгөний шимтгэлийн өсөлт нь ч үнийн өсөлтийг гүйцэхгүй. Хөөрөгдлийн хурд яг л морио ташуурдан давхиулахтай адил зогсолтгүй үргэлжлэх агаад түүнийг урамшуулагч банкны зээлээс ч ялигүй түрүүлж явдаг юм. Тэгж тэгж банкууд тогтворгүйжсэнээс ч юм уу, эсвэл иргэд өөрсдөө тасралтгүй үргэлжлэх инфляцид хандах хандлагаа өөрчилж эхлэх үед банкны зээлийн тэлэлт зогсож, хөөрөгдөл нэг юм шийтгэлээ амсах болно. Тийнхүү зээлийн тэлэлт дуусаж, “оркестр”-той тооцоо хийх цаг болоход зайлшгүй засварын ээлж ирж, хөөрөгдлийн үеийн үндэслэлгүй, хэт их хөрөнгө оруулалтыг устгаад хэрэглээний барааны үйлдвэрлэлийг зохистой хэмжээнд нь оруулах болно.
Эдийн засгийн мөчлөгийн тухай Мизесийн онол ийнхүү бидний мэдэхгүй бүх оньсогонд хариу өглөө: Мөчлөгийн давтамж, түүний үе шатуудын шинж чанар, үйлдвэрийн эздийн бөөн бөөн алдаа, хөөрөгдлийн хүчтэй үйлчилгээ, үндсэн хөрөнгийн үйлдвэрлэлийн уналт гээд.
Үүнээс гадна мөчлөгийн гол бурууг Мизес Засгийн газрын болон Төв банкны оролцоогоор үүссэн банкны зээлийн тэлэлтэд тохож байна. Тэгвэл Мизесийнхээр, хямрал үүсчихсэн үед Засгийн ямар алхам хийх шаардлагатай вэ?Хямралыг эмчлэх явцад Засгийн газрын үүрэг ямар байх вэ? Хамгийн түрүүнд Засгийн газар инфляцийг зогсоох ёстой. Засгийн газар энэ алхмаа удаашруулах тусам зохицуулалт улам хүндэрнэ. Засамжлагч хямрал хэдийчинээ хурдан өнгөрнө, төдийчинээ сайн. Засгийн газар тогтворгүй байдалд орсон хэнд ч тусламж үзүүлэх ёсгүй. Хэн нэгнийг дампуурлаас аврах, тэр тусмаа хүндрэлд орсон үйлдвэрүүдийг мөнгөөр тэтгэх эрхгүй. Хэрвээ тэгэх юм бол тарчлааныг улам уртасгаж, хурдтай өнгөрөх хямралыг ужиг өвчтэй болгочихно. Засгийн газар үйлдвэрийн хэрэгслийн үнэ, ажлын хөлсийг хүчээр тогтоон барьж хэрхэвч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол алдаагаа засах хугацааг улам сунжруулж, нийтийг хамарсан ажилгүйдлийг амьдралын хамгийн чухал хүрээ болсон үндсэн хөрөнгөний үйлдвэрлэлд үүсгэх болно. Засгийн газар инфляцийг дахиад үүсгэж хэрхэвч болохгүй, тэгэх аваас ирээдүй улам дордоно. Засгийн газар хэрэглээг өөгшүүлэх ямар ч алхам хийж болохгүй, үүнтэй зэрэгцүүлэн зардлаа нэмж яагаад ч болохгүй, тэгэх л юм бол нийгмийн хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёрын харьцааг өсгөнө. Ер нь нийгмийн хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёрын харьцааны үзүүлэлтийг нэмье гэвэл Засгийн газрын төсвийг хорогдуулах нь зүйтэй. Эдийн засаг хэрэглээний зардлыг өсгөснөөр сайжрахгүй, харин хадгаламжийг өсгөж, хөөрөгдлийн үед хийсэн зарим онцгой хөрөнгө оруулалтаа л баталгаажуулах нь чухал.
Ийнхүү, хямралын талаар хийсэн Мизесийн дүгнэлтийн үндсэн дээр Засгийн газар ямар ч үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралыг богино хугацаанд даван туулах зорилгоор юунд ч оролцохгүй байх хатуу бодлогыг л баримтлах нь зүйтэй. Түүний хийсэн алхам бүр өөрийгөө зохицуулах зах зээлийн үйл ажиллагааг хүндрүүлэх, удаашруулах болно.
Энэ бүхнээс харахад Мизесийн онол Кейнсийнхээс эрс ялгаатай нь мэдэгдэж байна. Засгийн газрын хийх ёстой хоёрхон зүйл бол өөрийнхөө төрүүлсэн инфляцийг зогсоох, өөрийнхөө зардлыг багасгахад л чиглэгдэнэ!
Хямралд хийсэн Мизесийн дүн шинжилгээ, түүнд өгсөн тодорхойлолт 1930-аад оны Их Хямралын үед хамгийн хэрэгтэй болсон гэдгийг өнөөдөр эдийн засагчид ч мартчихаад байгаа нь харамсалтай. Тэрхүү хямралыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн талынхан чөлөөт өрсөлдөөний капитализмын хамгийн аюултай, хамгийн тодорхой сүйрэл хэмээн үздэг билээ. Гэвч энэ бол тийм биш юм. Өрнөдийн бүх орнуудын засгийн газрууд, түүний дотор АНУ-ын Холбооны нөөцийн системээс 1920 онд зориуд хэрэгжүүлсэн банкны зээлийн тэлэлтийн зайлшгүй үр дагавар нь 1929 он болсон юм. Дэлхийн нэгдүгээр дайн дууссанаар уламжлалт алтны стандарт руугаа эргэж орох гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа тэдний хэрэгжүүлсэн бодлогын харгай! Зорилго нь гэвэл ердөө л засгийн газрын инфляцийн бодлогод таатай орчин бий болгох гэсэнд оршино. Өнөөдөр Ерөнхийлөгч Кулиджийг /Калвин Кулидж. (1872-1933). 1923-1929 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан. Орч/ зах зээлийн эдийн засагт оролцох гэж хушуугаа дүрээгүй, чөлөөт өрсөлдөөний талын хүн гэж дүгнэдэг боловч Кулидж хэзээ ч тийм хүн байсангүй. Хамгийн гунигтай нь гэвэл мөнгө-зээлийн салбарт ч ялгаагүй шүү. Ердөө л Кулиджийн хийсэн нүгэл, алдаа хоёрыг тэр үед бий болоогүй байсан зах зээлийн чөлөөт эдийн засгийн босгон дор хаяад нүдээ аничихсан хэрэг.
Хэрвээ Кулидж 1929 оныг зайлшгүйд хүргэж чадсан бол, өөр хэн ч биш харин ерөнхийлөгч Гувер л /Герберт Кларк Гувер (1874-1964). 1929-1933 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан. Орч/  зогсонги байдлыг сунжруулан хямруулж, огцом, хурдан уналтыг үхлийн өвчин болгосон агаад түүнийг  нь Дэлхийн хоёрдугаар дайн л “эмчилж” чадсан билээ. Чухамхүү Ф. Рузвельт /Франклин Делано Рузвельт (1882-1945). 1933-1945 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан. Орч/  биш, Гувер л “Шинэ үйлс”-ын бодлогыг үндэслэгч билээ. “Шинэ үйлс” гээч нь Мизесийн онолоор хамгийн их буруутгагдаж байсан арга хэмжээг Засгийн газрынхаа хүчээр хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, цалин хөлсийг чөлөөт зах зээлийн түвшингээс өндөр барьж, үнийн түвшинг “царцааж”, зээлийн ханшийг унагаж, тогтворгүй ажиллагаатай үйлдвэрийн газруудад зээл олгож байсан юм. Рузвельт бол түүнийг нь далайцтай болгосноос бус, эхлэхийг нь Гувер эхэлчихсэн билээ. Тэр бүхний харгайгаар Америкийн түүхэнд анх удаа сунжирсан хямрал байдал бий болж, нийтийг хамарсан ажилгүйдэл “тогтворжсон” юм шүү. Ийнхүү Кулиджийн хямрал урьд өмнө нь тохиолдоогүй урт удаан хугацааны Гувер-Рузвельтын хямрал болон хувирсан билээ.
Людвиг фон Мизес эдийн засгийн хямрал зайлшгүй болно гэдгийг 1920-иод оны их хөөрөгдөл хүчээ авч эхэлж байх үед, эдийн засагчид, улстөрчид яг л өнөөдрийнх шиг эцэс төгсгөлгүй инфляцийн “шинэ эдийн засгийн онол”, Холбооны нөөцийн системийн олгосон шинэ “багаж”-аар зэвсэглэчихээд, Вашингтон дахь манай цэцэн мэргэн эдийн засгийн докторуудын хамгаалаад байсан цэцэглэн хөгжих “Шинэ эрин”-г тунхаглан сайрхалдаж байсан тэр өдрүүдэд урьдчилан сануулсан байдаг. Людвиг фон Мизес бол эдийн засгийн мөчлөгийн хэн ч маргашгүй онолоор зэвсэглэсэн байсан цорын ганц хүний хувьд Их Хямралыг урьдчилан харсан цөөхөн эдийн засагчдын нэг учир эдийн засгийн ертөнц түүний бүтээлийг нэн хүндлэлтэй судалдаг юм. Фридрих Хаек түүний онолыг Англид дэлгэрүүлснээр тэндхийн бүх залуу эдийн засагчид 1930-аад оны эхээр Мизесийн мөчлөгийн онолыг ашиглан, чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурласан эдийн засгийн бодлогын эмчилгээний жорыг нь өнөөдөр нэгэнт эзэмшчихжээ. Харамсалтай нь, лорд Кейнсийн томъёолсон түүхийн аргыг ч өнөөдөр эдийн засагчид бас хэрэглэсээр байгаа юм. Үнэндээ гэвэл, 1936 онд лорд Кейнс гарч иртэл “сонгодог эдийн засагчид”-ын хэн нь ч эдийн засгийн мөчлөгийн онолыг мэддэггүй байсан билээ. Зөвхөн хямралын онол гэж л тэр үед байлаа. Угтаа бол тэр нь сонгодог эдийн засгийн л уламжлал бөгөөд “хатуу мөнгө”, хөндлөнгийн оролцоогүй чөлөөт өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрдөг уг онол богино хугацаанд эдийн засгийн мөчлөгийн бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онол болон Англид, тэр ч бүү хэл, Америкт нэвтэрсэн юм. /Нэг шоглоомтой зүйлийг дурсахад, 1930-аад оны эхэн, дунд үед тэрхүү онолын АНУ дахь “Австрийн” талыг гол баримтлагч нь өөр хэн ч биш, харин доктор Элвин Хансен байсан агаад тун удалгүй тэрбээр Кейнсийн сургаалийг залгамжлагч их хүн хэмээх нэрээр алдаршсан билээ/.
“Кейнсийн хувьсгал”-аар Мизесийн мөчлөгийн онолыг хүлээн зөвшөөрөхөө больсон юм. 1936 онд “Ерөнхий онол” хэвлэгдэн гарсны дараа эдийн засгийн ертөнцөд маш амархан алдаршсан нь гайхалтай. Тэгэвч энэ нь Мизесийн онолыг бутцохичихсон гэсэн үг биш, харин гэв гэнэт моод болсон Кейнсийн урсгалыг шүтэн бишрээд л мартчихсан хэрэг. Мизесийн онолыг баримтлагч хэд хэдэн хүн буруу гэдгээ мэдсээр атлаа шинэ сургальд дөрлүүлэн дагаснаар Америкийн их сургуулиудад удирдах суудалд суусныг ч дурдчихъя.
Нэгэн цагт Кейнсийг хэт бишрэн шүтэгч асан Лондоны “Экономист” сэтгүүл тун саяхан “Кейнс дууслаа” хэмээн зарлажээ. Арав илүү жилийн туршид онолын хурц шүүмжлэлээр тулалдаж, эдийн засгийн тоо баримтуудыг зөрүүдлэн ишлэж байсан кейнсчүүд одоо бүх фронтоор ухарч эхлэв. Мөнгөн сан, банкны зээллэгийг эдийн засгийн мөчлөгийн гол учир шалтгаан гэдгийг дургүй ч гэсэн хүлээн зөвшөөрөх боллоо. Цаг нь болжээ. Эдийн засгийн мөчлөгийн Мизесийн онолыг сэргээн мандуулж цоо шинээр нээх цаг ирлээ. Гэхдээ энэ ажил тийм ч амархан бүтэхгүй байж мэднэ. Хэрвээ бүтэх аваас Эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн номлол үнс болоод, олон олон засгийн газрууд эдийн засгийн хүрээнээс хөөгдөхийг бид үзэх цаг ирнэ. Чухамхүү энэ бүхэн биелэхийн ерөөлөөр эдийн засагчдийн ертөнц, нийгэм ч мөн адил бүхэлдээ, өчнөөн олон жилийн туршид хэлмэгдэн номын тавиур дээр хэвтсэн эдийн засгийн мөчлөгийн тайлбар байдаг юм байна шүү гэдгийг мэдэж авах учиртай юм даа.  

Монголчилсон Ж. Нэргүй

Дараахь үгсийг
Depression - хямрал
Deflation – дефляци
Boom – хөөрөгдөл
Crash – сүйрэл
Credit expantion – зээлийн тэлэлт
Recession – уналт
гэх зэрэг монгол хэлнээ буулгасан болно.
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1330619/702/trackback

profile

jaalhuu

2009.02.23 09:20:51
*.148.169.113

aa  yayaya....eniig hezee unshij duusnaa...Ehelchiheed dooshoo guilgeed harsan chin aidas hureed bolichihloo.....2,3 taslaad oruulchihaj boloh l yum shig.....
profile

Munkh-munkh

2009.02.23 15:02:59
*.185.27.59

Наадах чинь хямралын хажууд юу ч биш үү. Уншаад үзээрэй. баримжаатай бас ойлголттой болох болов уу  л гэж...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
636 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7845
635 Залуу та хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол ...... Маралгоо 2009-03-07 2737
634 Эрчүүдэд өгөх зөвлөгөө Маралгоо 2009-03-07 2358
633 mongol................. [4] Мoнгoл 2009-03-07 2592
632 Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж [6] daruuhan01 2009-03-06 5010
631 MONGOLCHUUD mungun medialiin tuluu [2] 96843226 2009-03-06 1763
630 Бүсгүй хүний тухай эрчүүдэд хэлэх үг... Маралгоо 2009-03-06 2461
629 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
628 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
627 Zorig baiBaL ZQBHQN TUUHEN zorig L baina ? gedeg-daa [1] omogshlol 2009-03-05 1716
626 envvgeer dvvren ajilguichvvdiin airmuud [1] bepiki 2009-03-05 1534
625 Гэдсэндээ зүрхтэй хүү [2] Маралгоо 2009-03-05 1662
624 Аймаар ашигтай зөвөлгөө [1] Маралгоо 2009-03-05 4452
623 Ургадаг хиймэл шүд Маралгоо 2009-03-05 1894
622 Итгэмээргүй юм байх юмаа [2] Маралгоо 2009-03-05 2472
621 Бага ч гэсэн инээцгээе Инээвэл залуужна [3] finepix 2009-03-04 1933
620 Ta ямар гэрлэлтийг хүсч байна [3] Маралгоо 2009-03-04 1873
619 Хятад цахилгаан тогоо дэлбэрчээ [1] Manaach01 2009-03-04 7524
618 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
617 Интернэтийн шилдэг сайтууд [1] [1] soragsan 2009-03-04 4630
616 sanaa ugch tuslaach [1] tska 2009-03-03 1262
615 bariwchilgaa [5] luxury 2009-03-03 1953
614 Баяраар түлээ, нүүрсний үнэ нэмэгдэв [2] Manaach01 2009-03-03 7711
613 Битүүний барилдаан сайхан болж өндөрлөлөө [2] Manaach01 2009-03-03 7185
612 Монголын Тагнуулын газар үүргээ гүйцэтгэж чаддаг уу? [2] Manaach01 2009-03-03 8067
611 Автотехникийн улсын үзлэг энэ сарын 15-нд эхэлнэ [2] Manaach01 2009-03-03 7547
610 Солонгосын хил орчимд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав !!! [2] Manaach01 2009-03-03 7696
609 САЙН ЭХНЭР АМЬДРАЛЫН АВРАЛ [2] Мичидмаа 2009-03-02 1793
608 Afganistand baidag HAZAR MONGOL chuudiinhaa tuhai ? [2] omogshlol 2009-03-02 2860
607 Монголчууд бидэнд ардчиллыг Санжаасүрэнгийн хүүхдүүд авчирах ... [8] Munkh-munkh 2009-03-02 2399
606 Naizuudaa nadad zovloorei.. [4] Zolboooo 2009-03-02 1249
605 Мөлжүүртэй үгс-2 [1] finepix 2009-02-28 2355
604 Улаанбаатар хотод эрлийз, хурлийз хvvхдvvдээр дvvрэх байх. [9] daruuhan01 2009-02-27 2412
603 Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!! [1] daruuhan01 2009-02-27 2146
602 huuhed [1] bolor2 2009-02-26 1116
601 enhbayar mori unagaav.... [6] sarmisxan555 2009-02-25 1972
600 vizee sunguulay.... [1] altnai 2009-02-24 1231
599 Цагаан сар жил солигдох үед таны анхаарах зүйл [1] daruuhan01 2009-02-24 2896
598 Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргах [1] bolor2 2009-02-23 1751
597 МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТОНОСОН УЛС МӨН УУ [6] oron_zai 2009-02-23 3840
596 helj ugch tuslaach [2] madahbadrah 2009-02-23 1512
595 MINII POINT YAGAAD USUKHGUI BAINA AAAAAAAAAAAAA [3] 96843226 2009-02-23 1714
594 www.koreancar.blog.mn [1] daamii 2009-02-23 1560
» Эдийн засгийн хямралууд: [2] Munkh-munkh 2009-02-23 5545
592 세계를 밟은 몽골 말 [1] nikes 2009-02-22 5593
배너신청
자생병원

배너신청