Дэлхийн оюутны „Универсиад“ их наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө Белградын үзэсгэлэн, чимэглэлийн төвд үргэлжилж байна. Өнөөдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдөж буй жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд эхний тойрогтоо Словенийн бөх Миржанич Бранкатай барилдан 46 секундэд цэвэр ялж, дараагийн тойрогт Ливаны Боу Рачид Лоуйсег ялсан бол гуравдугаар тойргийн барилдаанд Казахстаны бөх Албина Аманбелдиеваг ялснаар мөнгөн медалийн төлөө барилдах боломжтой болсон. Манай бөх дөнгөж сая энэхүү хариуцлагатай барилдаанд буюу хэсгийн аваргын төлөө Английн тамирчин Гиббон Жемматай барилдаж, ялалт байгууллаа.
Манай бөх Монголын цагаар 22.00 буюу Белградын цагаар 16.00 цагт эхлэх финалын барилдаанд Японы бөхтэй аваргын алтан медалийн төлөө хүч үзнэ. Ийнхүү Дэлхийн оюутны XXV Универсиад их наадамд оролцож байгаа Монголын шигшээ багийн тамирчид медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулж эхэллээ.
Өнөөдөр барилдсан манай бусад бөхчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Э.Тулга эхний тойрогтоо БНХАУ-ын бөх Лиу Пенгэд ялагдсан бол 81 kг-д өрсөлдсөн Г.Түвшинжаргал Финляндын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн, ОУХМ Ц.Мөнхзаяа эхний өрсөлдөгч болох ОХУ-ын Громова Иринад ялагдсан ч торгуулийн барилдаанд гурав дараалан ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо байна гэж манай сурвалжлагч Б.Бадамгарав Белградаас мэдээллээ.