Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

 Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд

Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд

Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд

Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан

Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд

 Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд

Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт

Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд

Зуун түмэн үед монгол хүний идээшсэн

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд

 Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

 Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

 Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд

Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд

Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд

Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд

 Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд

Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.