Цонхоор өлийсөн алиман сар

Цоо ширтээд байх шиг

Аниргүй шөнө чив чимээгүй

Амьсгал даран чагнах шиг

Ичихийн зовлонд хүлэгтэй

Ихийн их хайраа би илчлээгүй

Анхны шөнө минь чи

Ариун ч гэсэн яасан тэнэг вэ?

Чи надад хайртай юу гэж

Чимээгүйгээс чи шивнэнэ

Хараацай насанд учирсан

Харцны хайраасаа зовж

Үнэнээр нь чамд өгсөн сэтгэлийнхээ

Үгийг би хэлж чадаагүй

Охин биеэ чамдаа өглөө

Орчлонд ганцхан чи миний хайр

Энэ л үгийг цагаа олж хэлээгүй

Ээ хөөрхий, балчир ухаан минь

Хэн ч хүрээгүй уруулыг минь

Хэлээрээ чи шимэн озно

Айх ичихийн хүлэгтэй би

Амьгүй юм шиг тэврэх ч үгүй хэвтэнэ

Олон жил сэтгэлээ шаналгааж

Олноос ганцхан чамайг хайрлахдаа

Онгон биеэ зориулах анхны шөнө

Орчлонгийн жаргал ханатал амталж

Дулаан зөөлөн уруулыг чинь

Дураа ханатал амталж

Сайхан чинийхээ биеийг

Санасанаа марттал тэврээгүй

Янхных бус ариун биеэр

Янагийн жаргалд уусан шингэж

Хүссэн газар бүхнээ энхрийлж

Хүлээсэн зовлонгоо марттал жаргаагүй

Бачуухан ухаан бодлыг минь

Багласан ичих зовоход

Байдаг бие хүлэгдчихээд

Би үхсэн мэт хэвтсэн

Бие өвдөх тэрхэн агшинд

Болиоч, яасан муухай юм бэ гэж

Бас л тэнэглэн шивнэсэн

Яг л тэр мөчид чи

Чи надад хайргүй гэж

Чимээгүйхэн зүрхэндээ гомдсон

Хайр энэ мөч дээр тогтдогийг

Харин тэгэхэд би мэдээгүй

Анхны шөнө эгрэж ирдэгсэн бол гэж

Алдсан ухаан одоо ч гэмшсээр...

Чамд би хайртай гэж

Уйлж байгаад тэврэхсэн

Чамаар гуйлгаж үнэрхэлгүй

Унаган биеэ нүцгэлэхсэн

Хүлээхийн зовлонд хатсан биеэрээ

Хүсэл хайраа жаргаахсан

Санаа сэтгэлд мөнхөрсөн

Сайхан нүд биеий чинь

Санасан цангаагаа тайлтал

Саран дор энхрийлэхсэн

Би эмэгтэй хүн гэж

Биеэ барих яасан тэнэг вэ?

Би чамд хайртай гээд

Бие сэтгэлээ дураар тавьж

Яагаад болохгүй байх вэ?

Яавч ичнэ гэдэг тэнэглэл

Биеэ өвдөхөөр яраглан янаглаж

Биеэ тавитал дураараа цэнгэж

Ариун бие үнэн хайраа жаргаах

Анхны шөнө эргэж ирэхгүй