Андаа дурсахад цээжний модод навчсаа гөвөн сэрчигнээд
Аравдугаар сарын бүүдгэр тэнгэр шиг сэтгэл нэг л уйтай
Аяндаа дүүрэх гуниг хацар угаан халтартуулж
Арзтай жүнзний амсрыг гижигдэж суумаар бодогдоно

Андаа дурсахад ижилдэн явсан он жилүүд буцан ирж
Алган хонхорт нэг нэггүй хунгарлан бууна
Алив мартагдсан бүхэн эргэн амилж
Аньсага нүднээ шүүдэр буулган жирэлзэнэ

Андаа дурсахад зэргийн нөхөд бидэнтэй дугуйрч суугаад
Алиа марзан үгээр туурга цууртал инээд хундагалаж
Аядуу царай, гундуу зүс, гандуу цамцтай
Амандаа янжуур зуусан дүр зураг үзэгдэнэ

Андаа дурсахад хангал сархадтай сэм сэмхэн нөхцөж
Арслан зогдорт манантай нь зовлон жаргалаа хуваахдаа
Амьдралынхаа өдрүүд цөөхнийг мэдсэн ч биш дээ хөөрхий
Алганаас чинь үргэлж хөтлөхгүй хорвоогийн жамыг яалтай

Андаа дурсахад нэг л өдөр жигүүрлээд одсон байх юм
Амжиж бүтээсэн нь харин эзнээ өмөөрөөд үлдсэн байх юм
Авъяас билэг хэтийдсэн хэрнээ аваад одсон байх юм
Арван тавт шиг цайлган зан нь санаанд дурайж үлдсэн байх юм

Андаа дурсахад сайн саар хоёр нь ээлжлэн санагдана
Амьдыг муулж үхсэнийг магтдаг хоёр нүүртэй орчлонд
Ариун гэгээн бурхан байсан гэж худал үгээр хулдахгүй
Алдахыг алдаж онохыг оносон эр хүн байсныг чинь дурсана

Андаа дурсахад
Ай хөөрхий...

profile

Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг

Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 

Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм

.........тийм учир амьд явбал vхсэн ч яахав.........