Оруулсан bataka


Амирлангуй тэнгэр зүг тэмүүлсэн
Халуун амьтай хувилгаан чулуун мандал
Адуун салхитай хийморийн уулнаа
Аялгуун цацал эрдэнийн овоо болдог юм гэнэлээ.
Идээ сүүний дээжинд оргил нь бууралтаж
Энгэр нь сэмэрсэн уулс өвгөрч хөгшрөхийн цагт
Илчит улаан нарны бүлээн сүүдэрт эрхэлж
Энгүй тэнгэрт ботгон үүлстэй тоглосон хөх овоо
Шүүдэрт согтсон цэцэгс ганган цомирлогоо хумьж
Шөнийн бүлээн зүлгэнд хөлчүү усан дусал агсарч
Ялгуун цагаан үүлс огторгуйн энгэрт хурж
Явган цэнхэр бороо Алтайн салхитай ханьсаж
Эрийн хийморь хөх чононы
Мөнгөн сорноо алтан гал ноцож
Эрхэлж наадсан тэргэл сарны
Мөнхийн туулай хорвоог уярааж

Үүрийн үнэгэн харанхуй сарны туяатай сүлэрч
Үдшийн мөнгөн гялаан үүлэн гивлүүрнээ сүжирсэн
Их Алтайн нар хоргодсон, насан буурал оргилын
Индэр мөсөн тэргүүнт, газрын гэгээн зулайд
Буцах шувуудын дулаан сүүдэр дор
Буян хурж, нүгэл гэгээрэн жаргасан
Бурхны аравнайтай цагаан овоо
Буман жил билгийн үгнээ хөглөгдөж
Түмэн олны сэтгэлийн өчлийг анирлаж
Түүхийн хүрдэнд итгэлийн галыг асааж
Тангараг, ерөөлийн үг овоонд амирлаж
Дүүрэн орчлонгийн буян заяаг ивээж
Намрын зэрэглээнд найрлаж
Жиргээн дуутай хөлчүүрхсэн
Нар хурыг тэнгэрээс хурайлж
Жингийн цуваа шиг алсарсан
Сундалдсан чулуун овоо тэнгэрт мөнхөрч
Сүүний үнэртэй уул болдог юм гэнэлээ
Нутаг амьтай чулуун билгүүн дээжис
Нарны бүлээн уул болдог юм гэнэлээ.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...