БНСУ улсад дэгдсэн халдварт Мерс вирусын улмаас Ерөнхийлөгч Пак Гён Хэ АНУ-д хийх гэж байсан айлчлалаа хойшлууллаа. Хөх Ордны хэвлэл мэдээллийн албанаас “Улс орны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах учир Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа хойшлуулж, олон нийтийн дунд үүссэн түгшүүрийг арилгахаар ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
БНСУ-ын ЭМЯ-наас өчигдөр /VI.10/ өгсөн мэдээллээр, Мерс буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром өвчнөөр 9 хүн нас барж, 108 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд 3000 гаруй хүн хөл хорионд ороод байна. Эхний хүмүүсийг хөл хорионоос гаргах хугацаа дөхөж байгаа бөгөөд эмч мэргэжилтнүүд тэдний биеийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа юм.
Одоогийн байдлаар, Мерсийн шинжилгээ нь сөрөг гарсан 641 хүнийг хөл хорионоос гаргаад байгаа аж.