Кембрижийн гүнгийн авхай Кейт болон Их Британийн угсаа залгамжлах хунтайж Ульямын хоёр дахь хүүхэд болж саяхан мэндэлсэн гүнж Шарлотийн зургуудыг олон нийтэд үзүүлжээ. Үүнд дүүгээ тэвэрсэн ханхүү Жорж болон, Их Британийн хааны гэр бүлийг багтаасан дөрвөн фото гэрэл зураг багтжээ.
Ийнхүү Их Британийн хааны гэр бүлд бяцхан гүнж мэндэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа түүний албан ёсны зургийг олон нийтэд дэлгэлээ. Харин 2013 онд түүний ах ханхүү Жоржийн анхны зургийг олон нийтэд хүргэж байсан юм.
Дашрамд дурдахад, тавдугаар сарын 2-нд мэндэлсэн гүнжид Шарлот Элизабет Диана хэмээн нэрийг хайрласан билээ. Шарлот хэмээх нэр нь хунтайж Чарльзын нэрний эмэгтэй хувилбар юм байна. Харин Элизабет нь өнөөгийн хатан хаан, төгсгөлийн нэрийг алдарт Диана гүнжийг хүндэтгэн ийн нэрийджээ.
Г.Бэхи