Малайзын онгоцны сураг гарлаа
Малайзын Боинг 777 онгоц сураггүй алга болоод бараг хоёр сар орчмын хугацаа өнгөрчээ. Тэгвэл Австралийн “GeoResonance” хэмээх судалгааны компани Энэтхэгийн далайд сүйрсэн Малайзын онгоцны сэгийг олсон хэмээн зарлалаа. Харин Малайзын эрх баригчид онгоц олдсон талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа аж. Онгоц олсон газар нь одоогийн хайгуул явуулж буй Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс 4,960 километрийн цаана буюу Бенгалын буланд гэнэ.
Судлаачид далайн ёроолд 1,9 сая км квадрат талбайд хайгуул явуулж, Боинг 777 онгоцыг хийдэг химийн элемент, материалуудыг тусгай багажаар таниулах замаар байршил тогтоосон байна. Хиймэл дагуулаар авсан зургийг багажаар томосгож харьцуулахад алга болсон Боинг онгоцны загвартай яг тохирч байгаа гэнэ.
“GeoResonance” нь далайн ёроол болон газар доорх цөмийн зэвсэг, биологи, химийн зэвсгүүдийг хайдаг тусгай технологийг боловсруулсан юм. Тиймээс онгоц алга болсоноос хойш дөрөв дэхь өдрөөс эхлэн хайгуулаа үргэлжлүүлсэн байна.
“Boing B777-200” онгоц 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэйгээр Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураг тасраад байсан юм. Уг онгоцонд 14 улсын иргэд болох Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байжээ.