
Өмнөд Солонгосын Жинду арлын ойролцоо осолдсон "Севол" усан онгоцны зорчигчдын амийг аварч чадаагүйгээс гадна цогцсыг нь бүрэн гаргаж амжихгүй байгаа. Тэгвэл дараагийн нэг асуудал нь тус онгоц 203 мянган литр шатахуун агуулж явсан бөгөөд осол гарснаас гурав хоногийн дараа савнаас шатахуунууд алдагдаж эхэлжээ. Шатахуун, тосыг усанд алдагдахаас өмнө бүрэн шавхаж авах ажил хийгдэж байгаа хэдий ч онгоцон дотор агуулагдаж байсан төрөл бүрийн тос их, багаар алдагдаж, одоогоор Жинду арлын 6.5 км урт эргийг бохирдуулаад байгаа аж. Үүний улмаас далайн эрэг дээр далайн байцаа тариалдаг аж ахуйн 41 га газар тосоор бохирдож, тариалсан байцаанууд хэрэглэгдэх боломжгүй болсон бөгөөд энэхүү их хэмжээний тос цааш үргэлжлэн байгаль орчин, далайн ус, эрэг хавийг хэмжээгээр бохирдуулж буй юм байна. Далайн усан дээр 20-50 метр өргөн, 2-3 км урт тосон судлууд үүссэнийг цэвэрлэж эхэлжээ.