Гурав хүрэхгүй сая хүн амтай монгол улсад гэр бүл салалтаас болж цус ойртох аюул харанга дэлдэж байна
Уншсан 4909 vote 0 2014.04.29 17:12:40
Би өчигдөр эмээгээсээ сониучхан нэг зүйл асуулаа. Өвөө эмээгийн маань залуу байх үед барагтаал бол сонсогдоод байдаггүй байсан гэр бүл салалтын тухай юм. Эмээгийн минь хэлсэнээр тухайн үед гэр бүл салсан гэх чимээ сонсогддоггүй, хэрвээ хэн нэгэн салсан байх юм бол тодорхой хүндэтгэх шалтгаантайг нь хэн ч ойлгодог учираас муу ярих битгий хэл сонсоогүй юм шиг л өнгөрөөдөг байсан ба тухайн үед эрэгтэй ч бай эмэгтэй ч бай жинхэнэ хайраа, ханиа олоод үхэн үхтэлээ амьдарна, амьдралдаа ганц л ханьтай байх ёстой гэсэн хатуу байр суурь үзэл баримтлалтай байжээ. Мэдээж хоёр өөр үзэл бодолтой, өөр орчинд өссөн хүмүүс нэг гэрт амьдарч эхлэхэд маргалдах үзэл бодол таарахгүй үе гарах боловч хэзээ ч ханиа хаяхгүй, муу талыг нь засч аваад л амьдарсаар нэг хүн шиг л бие биенийгээ ойлгодог холдож салахын аргагүй нэгэн биений нөгөө хэсэг болдог гэж эмээ минь надад ярьж өглөө.
Гэтэл миний үе буюу бидний үед гэр бүл салалт нь өдөр тутамд л сонсогддог энгийн л нэг зүйл болжээ. Өнөө үеийн гэр бүл салалтын том шалтгаан нь гадаад улсруу хөдөлмөр эрхлэх ба суралцах гэж хань ижлээ, үр хүүхдээ орхиод явдаг. Мэдээж явахдаа гэр бүлээсээ сална гэсэн бодолтой явахгүй нь тодорхой боловч бие холдохоор сэтгэл холддог гэдэг мөн өөрийн бяцхан ертөнцөд амьдарч байсан хүн олон зүйлтэй танилцаж олон зүйл мэдээд ирэхээр ёстой л нөгөө нүд нээгдэж өмнөхөө орхиж урагшаагаа тэмүүлэн өмнө нь байсан амьдралаа голж эхлэдэг байна. Мөн одоо үеийн залуус тэвчээр хатуужил муутай болж юм л болвол орхиж явах, салахаа урьтал болгодог болохоос эвээр шийдэж буулт хийх нь ховорхон болсон биз ээ. Гэр бүл салалтыг нэмэгдүүлж байгаа бас нэгэн шалтгаан нь олны танил үлгэр жишээ авахуйц хүмүүсийн салалт олширч, салсан гэх мэдээллийг олон түмэнд шар сонин, сайтуудаар үргэлж мэдээллэж сенсацилдагт оршино. Олуулаа идвэл буруугүй гэдэг шиг өөртөө эргэлзэж байсан олон зуун залуучуудын эргэлзээг эдгээр олны танил хүмүүсийн салалтын тухай нийтлэгдсэн шар мэдээллүүд шулуутгаж өгдөг.
2010 онд хийгдсэн Үндэсний статистикийн хорооны сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар гэр бүл цуцлалт жил ирэх бүр нэмэгдэж, насны хувьд залуужиж байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. Судалгаагаар 2006 онд гэр бүл бологсдын тоо 48996 байсан ч жил ирэх бүр цөөрч, өнгөрсөн онд 34071 болтлоо буурчээ. Харин гэрлэлтээ цуцлуулсан тохиолдол 2006 онд 1448 байсан бол 2009 онд дээрх тоо хоёр дахин нэмэгдсэн аж. Эл байдлыг мэргэжлийнхэн сонгуулийн амлалт нийгмийн халамжуудтай холбож тайлбарладаг. Олон улсын сайн дурын байгууллагуудын судалгаагаар ихэнх хөгжингүй орнуудын хүн ам нь хөгшрөлтийнхөө шатанд явж байна гэсэн мэдээлэл байдаг. Үүний дэргэд Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь залуус гэхээр сайхан сонсогдох нь мэдээж. Улс орнуудыг далайд хөвж яваа завь гэж төсөөлбөл Монгол Улс жижигхэн ч гэсэн эрч хүчтэй, залуу сэлүүрчидтэй завь болж таарлаа. Гэхдээ энэ их хүчээр завийг буруу тийш нь залуурдах аваас аажимдаа бус гэнэт хөмрөх аюул нүүрлэж болохыг мэдэхгүй хүмүүс олон байх шиг. Манай улсад хожуу гэрлэлтийн эсрэг жишиг дэлгэрээд нэлээд удлаа.
Мөн нэг хэсэг нь гадаад дотоодын нэртэй сургуулиудад суралцаж, залуудаа боловсролын өндөр зэрэг хүртэж, өндөр албан тушаалд очсоноос өөртөө тохирох хүнд өндөр шаардлага тавьж гэр бүлтэй болох нас нь өнгөрсөн ч ганц бие яваа хүмүүс олширсон. Нэг үгээр хэлэхэд боловсрол, нийгэм дэхь байр суурийг нэгдүгээрт тавьсанаар хүнтэй суухгүй байх, гэр бүлдээ бага цаг зарцуулах зэрэг үзэгдэлүүд элбэг тохиолдож байгаа юм. Гэр бүл салалтын тухай асуудал нь манай оронд өмнө нь хөндөгдөж байгаагүйгээрээ чухал асуудал болсон бөгөөд гамшигын байдалд хүрсэн байна. Гэр бүл салалтын гол хохирогчид нь өнчирч үлдэж буй бяцхан үрс юм. Энэ байдлаараа үргэлжилвэл хэдхэн жилийн дараа цөөхөн хэдхэн хүн амтай манай улсад нэг эцэгтэй хүүхдүүд хоорондоо суух явдал газар авах биз ээ. Энэ тухай асуудлаар бүх яамдууд хуралдахаар саяхан хуралдсан ч төдийлөн зөв шийдэлд хүрч чадаагүй.
Эд хөрөнгө, сайхан машин, сайхан байр, өндөр орлоготой ажил гээд хүний хүсэл хязгааргүй боловч аз жаргалтай гэр бүлийг хүн бүр мөрөөддөг. Гэр бүл аз жаргалтай байх нь гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо, хоорондох харилцаа чухал үүрэгтэй. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг бөгөөд хүзүү хаашаа эргэнэ толгой хүзүүг даган эргэдэг гэж орос улсын зүйр үгэнд гарсан байдаг. Амжилттай яваа эр хүн бүрийн цаана ухаалаг эмэгтэй хүн байдаг гэдэг дээ. Тэгэхээр монгол залуус минь ухаалаг, тэвчээртэй байж өөрийн удам залгах үр хүүдээ өнчрүүлэхгүй байгаасай.