Олимпийн
хошой аварга, дэлхийн аварга Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит “Алтан
гран-при” олон улсын тэмцээн энэ сарын 26-д Красноярск хотод эхэллээ. ЗЗ
дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн таван
жингийн барилдаан болж, манай төдий тооны бөхчүүд дэвжээнд гарснаас
эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд “Хангарьд” клубийн залуу бөх Тунгалагийн
Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Түүний жинд 12 бөх барилдсан бөгөөд манай
тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Любовь
Оленковаг оноогоор хожиж, хэсгийн аваргын төлөө барилдаанд түүний нутаг
нэгт А.Половневад дийлдсэн ч медалийн төлөөх барилдаанд ялалт
байгуулжээ.
Т.Мөнхтуяа нь 1991 онд төрсөн, 2008 оноос эхлэн “Хангарьд” клубт Ч.Раднаабазарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. 2011 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, саяхан болсон “Mongolia Open” олон улсын тэмцээний мөнгөн медальтай тамирчин юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ийн жингүүдийн барилдаан болж, манай 10 бөх зодоглосноос 72 кг-ийн жинд О.Бурмаа мөнгөн медаль хүртлээ. ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин маань ОХУ-ын Виктория Фролова, дэлхийн аварга Ирис Смит (АНУ), дэлхийн залуучуудын гурван удаагийн аварга Наталья Воробьёва (ОХУ) нарыг дараалан ялаад алтан медалийн төлөө барилдаанд дэлхийн таван удаагийн аварга Болгарын Станка Златевад хожигдсон байна.
О.Бурмаагийн хувьд 2008 онд энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөхөд Японы бөхчүүд дөрвөн жинд нь аваргалж, ОХУ, АНУ, Болгар тус бүр нэг түрүү хүртэв. Харин эрэгтэйчүүдийн дөрвөн жинд дэвжээний эзэн орны бөхчүүд гадны зочдод ганц ч медаль “илүүчилсэнгүй”, бүгдийг нь өөрсдөө хамсан юм. Гэмтлийн улмаас олон жил барилдаагүй Адам Сайтиев эргэн ирэлтээрээ финалд хүрч, дэлхий, Европын хошой аварга Денис Царгуштай түрүү булаацалдлаа.
Мөн 60 кг-д мөнхийн өрсөлдөгч Опан Сат, Расул Муртазалиев нар аваргын төлөө тунан үлдэж, гурав дараалан хожигдоод байсан Муртазалиев ялж, хариугаа авч чадлаа. Ням гаригт эрэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанаар үндсэн тэмцээн өндөрлөсөн ба 84 кг-д О.Үйтүмэн, Б.Номиндалай, 96 кг-д Н.Золбоо, 120 кг-д Ж.Чулуунбат нар барилдсан юм.
Тэмцээний медальтнууд
Эрэгтэй
55 кг: 1.Жамал Отарсултанов 2.Нариман Исрапилов 3.Артас Санаа, Александр Богомоев (бүгд ОХУ)
74 кг: 1.Денис Царгуш 2.Адам Сайтиев 3.Даурен Куруглиев, Анидар Гедуев (бүгд ОХУ)
60 кг: 1.Расул Муртазалиев 2.Опан Сат 3.Ахмед Чакаев, Булат Батоев (бүгд ОХУ)
66 кг: 1.Алан Гогаев 2.Хетаг Цаболов 3.Сослан Рамонов, 3.Адам Батиров (бүгд ОХУ)
Эмэгтэй
48 кг: 1.Ирина Мерлени (Украин) 2.Юки Ириэ (Япон) 3.Марина Вильмова, Любовь Сальникова (ОХУ)
51 кг: 1.Рисако Каваи (Япон) 2.Алена Адашинская 3.Екатерина Краснова (хоёул ОХУ), Жессика Медина (АНУ)
55 кг: 1.Канако Мурата (Япон) 2.Валерия Жолобова (ОХУ) 3.Айым Абдильдина (Казахстан), Мария Гурова (ОХУ)
59 кг: 1.Анна Половнева (ОХУ) 2.Анастасия Григорьева (Латви) 3.Тунгалагийн Мөнхтуяа (Монгол), 3.Анна Василенко (Украин)
63 кг: 1.Каори Ичо (Япон) 2.Наталья Смирнова (ОХУ) 3.Эрин Кложу (АНУ), Любовь Волосова (ОХУ)
67 кг: 1.Сара Досе (Япон) 2.Юлия Бартновская 3.Наталья Куксина (хоёул ОХУ), Татьяна Захарова (Казахстан)
72 кг: 1.Станка Златева (Болгар) 2.Очирбатын Бурмаа (Монгол) 3.Наталья Воробьёва, Алёна Стародубцева (хоёул ОХУ)