Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс, өндгийг оросууд музейдээ тавилаа
Уншсан 7098 vote 0 2011.04.01 11:03:46
ОХУ-ын Гаалийн газар өчигдөр нэгэн үнэт олдворыг Буриадын Байгалийн музейд шилжүүллээ. Гайхаад байхаар зүйл биш ч тэр нь Монголын говиос олдсон динозаврын өндөг учраас сонирхов. 2009 онд Польшийн иргэн Худзик Люцяныг манай улсаас ОХУ руу гарч явахад нь Хиагтын гаалийнхан саатуулан шалгажээ. Тэрбээр машиндаа үлэг гүрвэлийн өндөг, яс, арслан зааны соёо, үнэт чулуу нуусан байсныг Оросын гаальчид илрүүлэн, хурааж авсан байна.
Уг хэргийг тэд өнгөрсөн хугацаанд шалгаад мөрд лөгөө ийн музейд шилжүүлж байгаа аж. Тус музейн ажилтан Баярма Долгорова “Эдгээр олдвороос эрдэмтэн судлаачдын анхаарлыг хамгийн их татаж байгаа нь үлэг гүрвэлийн өндөг. 100 сая жилийн өмнөх энэ өндөг маш сайн хадгалагдсан байна.
Бидний бодлоор нугасан хошуут үлэг гүрвэлийн өндөг байх. Энэ бол маш ховор эд. Европын музейнхэн ийм өндгийг доод тал нь 10.000 еврогоор худалдаж авна” хэмээн ярьжээ.