Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны нисэхийн 61 дүгээр байранд оршин суугч 81 настай У гэх хүн боом өвчний халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн бямба гаригийн 13.30 цагт нас барлаа. Тэрбээр 78 настай хөгшин, 12 настай зээ охинтойгоо хамт амьдардаг байжээ. 2011 оны хоёрдугаар сард талийгаачийн 74 настай төрсөн дүү Ховд аймгаас Улаанбаатарт ирж, Клиникийн I эмнэлэгт нүдний хагалгаа хийлгээд буцжээ.
Тэр хүн тухайн үед боомоор өвчилсөн байсан агаад одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Талийгаач түүнээс халдвар авсан гэж эмч нар үзэж байгаа аж. У-ын хадам дүүгийн хүүхэд болох 31 настай, Б гэдэг залуу мөн боомоор өвчилжээ. Тус дүүргийн X хорооны 63 дугаар байранд оршин суугч Э гэдэг хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д хэвтүүллээ.
Тэрбээр талийгаачид бариа засал хийхдээ халдвар авсан гэнэ. БГХӨСҮТ, Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдээр талийгаачийн болон Э-гийн гэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тэдний гэр бүлийнхэн, халдвар авсан байж болзошгүй бусад хүнийг тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн тогтоож, өрхийн эмчээр хянуулж байна.