ОХУ-ын Москва хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр (12.12) тоглолтгүй өнжлөө. Учир нь энэ өдөр Олон Улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ шалгаруулах ёслол болсон юм.
Crown Plaza Hotel-д болсон энэ ёслолын ажиллагааны оргил хэсэг нь ОНЫ ШИЛДЭГ боксчинг тодруулах явдал байв.
Шилдгүүдийг AIBA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн саналыг харгалзан тодруулсан бөгөөд эмэгтэй оны шилдэг боксчноор Ирландын Кэти Тэйлор шалгарлаа. Кэти энэ намар БНХАУ-д болсон эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жинд бүх өрсөлдөгчөө илт давамгайлан хожиж, дэлхийн аварга болсон төдийгүй хүч, техник хурдаараа гайхуулж тус тэмцээний шилдэг боксчноор шалгарч байсан билээ.
Манай спорт сонирхогчдын хамгийн их догдлон хүлээж, итгэл найдвараа тавьж байсан Оны шилдэг эрэгтэй боксчны нэрийг зарлахад МОНГОЛЫН тамирчин ЭНХБАТЫН БАДАР-УУГАН хэмээн цуурайтав. "Бээжин-2008" олимпийн наадмын 54 кг-ийн жинд бүх өрсөлдөгчдөө бас л илт илүүрхэн ялж, Монгол Улсдаа олимпийн анхны олимпийн "ихэр алтан" медалийн нэгнийг авчирсан Бадар-Ууган маань ийнхүү ДЭЛХИЙД ШИЛДЭГ гэдгээ тунхаглуулав. Тэрбээр мөн өнгөрсөн жил Азийн аварга болсон төдийгүй дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, сүүлийн хоёр жилд оролцсон гурван том тэмцээндээ гурвууланд нь өндөр амжилт гаргасан нь бас ховор амжилт юм.
Хэдийгээр Дэлхийн цомын тэмцээнд нэр заан уригдсан ч гэмтлээ бүрэн илааршуулахын тулд энэ тэмцээнийг өнжсөн Э.Бадар-Ууганы шагналыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди гардан авлаа.
Мөн оны шилдэг дасгалжуулагчаар Кубын Педро Роке Отано, шилдэг шүүгчээр БНХАУ-ын Ли Жин Шэнь нарыг нэрлэлээ.
Ц.Энхтүвшин ("ТАВАН ЦАГАРИГ"). www.argamag.com/sport/