УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай банк, санхүүгийн сэдвээр ярилцлаа.
-“Анод” банкийг Монголбанк хяналтдаа авснаас үүдэн иргэдэд хадгаламждаа эргэлзэх, болгоомжлох сэтгэгдэл төрж байх шиг байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Иргэдийн мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан. Ганц нэг банкин дээр өнөөдөр гарч байгаа асуудалд манай иргэд эмзэглэлгүй төр, засагтаа итгэлтэй байж болно. Мөнгөн хадгаламжийг төр хариуцна гэсэн мэдэгдлийг хийж хууль баталсан. Үндсэндээ 1,3 их наяд төгрөгийн иргэдийн мөнгөн хадгаламж банкуудад байгаа. Үүнд эрсдэл гарвал төр хариуцна. Ийм хамгаалалт гарсан байхад иргэд тайван байж болно. Бусад олон оронд ч ийм арга хэмжээ авч байна.
- Монгол Улсыг хөгжүүлэх сангаас арилжааны банкуудад хөрөнгө байршуулах асуудлыг зарим хүн буруугаар ойлгож байх шиг байна. Тэдэнд үүнийг яаж зөвөөр ойлгуулах вэ?
-Төлбөр хурдан гүйцэтгэх чадвар зарим банкинд доголдож байгаа. Үүнийг эрүүлжүүлэхийн тулд бид Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулах асуудлыг ярьж байна. Эргэлт сайжраад ирвэл байдал хэвийн болох бололцоотой.
-“Анод” банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь ямар шалтгаантай байв?
- Монголбанк арилжааны банкуудад шалгалт хийж байгаа. Тодорхой үзүүлэлтүүд, өөрийн хөрөнгийн байдал, зээл олголт, зээлийн ангилалыг хянаж үзэж байгаа. “Анод” дээр зарим зөрчил илэрсэн учраас, нөгөө талаас их хэмжээний мөнгө гадагш чиглэсэнтэй холбоотойгоор Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилно гэдэг бол төв банкнаас тавьж байгаа хяналтаа сайжруулж байна гэсэн үг. “Анод” банкны төлбөр гүйцэтгэх чадварыг сайжруулахын тулд, тэнд байгаа иргэдийн хадгаламжийг баталгаатай болгохын тулд л авсан арга хэмжээ.
-Арилжааны бусад банкны хувьд байдал хэвийн үү?
-Бусад банкны хувьд ийм байдал үүсээгүй. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хэлсэн. Банкийг эрүүлжүүлж, тэнд мөнгөний төлбөр гүйцэтгэх чадварыг хэвийн байлгах юм бол эдийн засаг бүхэлдээ эрүүл байна гэсэнМонголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилно гэдэг “аймаар” асуудал уу? гэж банкныхан, бизнесмэнүүдээс асууж үзлээ. “Сэтгүүлчид та нар минь л дээр нь тос асгаж гал өрдөж орхихгүй бол найдвар тасраагүй ээ” гэх анхааруулгатай цуг ирэх тайлбарууд ерөнхийдөө ижил. Ээжид маань илүү ойлгомжтой байж болох тайлбар нь “Дампуурлаа гэдэг ойлголт хүртэл авах таван арга хэмжээ байдаг гэж үзвэл гурав дахь нь Бүрэн эрхт төлөөлөгч томилох...”
“Эдийн засгийг ээждээ ойлгогдохоор энгийнчилж чадвал бичиж чаджээ гэж үзээрэй, хэрвээ ээж чинь банкны гүйцэтгэх захирал биш л бол” гэсэн үг шидээ үзүүлж эргэн тойрны хүмүүс энэ тайлбарыг сонсоод шууд л тайвширч байна. Харин хэрвээ банкинд зөрчил гарсан бол эхлээд торгууль ногдуулж, дараа нь Төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлэл хүргэж, шаардлага тавих, дараа нь Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилж, дараа нь зээлийн өр барагдуулах алба байгуулж, дараа нь дампуурлыг зарлаж гэх мэтчилэнгээр тайлбарлаад байвал дахиад л айдас хургасан асуултаар ээрэх биз. Энд дараа нь гэх үг болгон хэрвээ энэ арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол гэсэн хамгийн муу хувилбарыг төлөөлүүлж байгааг ч эс анзааран. Ерөөсөө ойлгомжгүй зүйлс л айдас дагуулдаг хойно.
Эдийн засагчийн үг:Яг л бусад уншигчийн адил хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байгаа болохоор яг ямархуу байдал үүсээд буйг хэлж мэдэхгүй л дээ. Мэдээлэлд дурдсанаар бол сүүлийн нэг улиралд их хэмжээний зээл олгосон гэж байгаа болохоор ужигарсан удаан хугацааны хямрал бус. Учрыг нь олоод гараад ирж чадах хэмжээний бага зэргийн доголдол байх гэж бодож байна.
Банкны ажилтны үг: Банк бол цэвэр итгэлцлийн харилцаа. Харилцагчид мөнгөө татаад эхлэх л юм бол хэчнээн хугацаа нь хүлээгдэж байгаа найдвартай зээл, аугаа хөрөнгө оруулалт байсан ч нэмэргүй шүү дээ.
“Анод” дампуурвал бусад банкуудад нөлөөлөх үү? Арай хадгаламж зээлийн хоршоо шиг .... Дахиад л айдастай асуулт.
“Удирдлагууд нь удаа дараалан их хэмжээний зээлийн олголтоо нуун дарагдуулснаар...” гэх мэтчилэн үргэлжлэх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг сонсонгуутаа хэн ч хадгаламжийн дэвтрээ сандран сугавчилсаар банк руу харайлгаж магадгүй нь тодорхой. За, тэгээд “Банкны дампуурлыг эх барьж авдаг болохоор Бүрэн эрхт төлөөлөгчийг ясчин гэж нэрлэдэг...” гэх яриа чих шүргүүт шилжилтийн үеийн банкны дампуурлын талаарх таагүй дурсамж сэргээд ирж байгаа биз. Энэхүү таагүй дурсамж ч өнөөдрийн иргэдийн айдсыг илүү өдөөж байж ч болох.
Харамсалтай нь, 1990-ээд оны шил шилээ дарсан банкны хямрал Бүрэн эрхт төлөөлөгчийн тухай тун таагүй дурсамж үлдээж. Бүрэн эрхт төлөөлөгч томилно гэдэг банк дампуурах нь ээ гэсэн үг гэсэн мессеж болон хувирах замыг тавьсан биз. Гэтэл үнэндээ бол Бүрэн эрхт төлөөлөгч томилно гэдэг дампуурлаас аврах гарц байдаг гэдэг. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон банк болгон дампуурдаггүй гэдгийг уг нь бид мэдэх л учиртай. Өнөөдрийн Монголын том банкуудын нэг ХААН банкинд 1999 онд бүрэн эрхт төлөөлөгч томилоход ийм их шуугиан болж байгаагүй. ХААН банк ч дампуураагүй, Монгол банкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Жавхлан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын залуус сэвхийтэл нь өргөөд гаргаад ирсэн. Нэгэнт өргөгдөөд ирсэн банкийг чамгүй ч үнэтэй хувьчилж төрд мөнгө оруулж чадсан. Харин хямралаар өдөөгдөн эмзэг байгаа нийгмийн сэтгэл зүй үүнийг санаж ч амжихгүй байгаа бололтой. Мэдээлэлд хамгийн ойрхон байдаг хэвлэлийнхэн хүртэл сандралдан нүдээ томруулахыг бодоход үнэхээр айдастай байна даа, монголчууд. Яг л энэ айдсын хүчин зүйлээрээ хадгаламж, эзэмшигчид банк руу гүйж очоод мөнгөө татаж эхлэх юм бол хүссэн хүсээгүй дампуурлууд зарлаж, санхүүгийн асар том байгууламж ч сүйрэн унахад гайхах зүйл үгүй. Тийм учраас хэвлэлийнхнийг асуудлыг энгийнээр тайлбарлаж ойлгуулахыг тэд хүсч байна. Монголбанк бус ялимгүй ч гэсэн хор шингээсэн хов жив, нийгмийн сэтгэл зүй нэг биш банкийг ч дампууруулах хүчтэй гэж тэд анхааруулж байна.
Бас банкны талаар мэдлэг муухан зах зээлийн эдийн засгийн нийгэм рүү дөнгөж шилжиж байгаа балчир хэрэглэгчид 1990 ээд онд гудсан доороо мөнгөө хадгалахыг илүүд үздэг байсан, шилжилтийн хямрал, дэвсгэргүй ядруу эдийн засаг нэрмэж байсан үеийнх шиг бус банкийг өдөр тутмын төлбөр тооцооны хэрэгсэл болгон хэвшсэн, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа зах зээлийн нийгмийн хувь хүмүүс хэрэглэгчидтэйгээ энэ хямралыг алхаад гарахыг банкныхан хүсч байгаа биз. Банкныхан ч бус би ч та ч бүгдээрээ хүсч байгаа. Хэн ч банк дампуурч, хадгаламж минь сүйрч, эсвэл компанийн тань төлбөр гүйлгээ саатаасай гэж хүсэхгүй. Тийм болохоор банкны асуудал надад ч танд ч УИХ-ын гишүүдэд ч компаниудад ч хамгийн их хамаатай асуудал. Компанийн захирлууд байдал хэрхэхийг маш анхааралтай ажиглан хүлээнэ. Банк, санхүүгийн салбарынханд ч бас хүлээлт үүсчээ. Баттай хэлж чадах зүйл бол хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн эрсдлийг төр хариуцахаар хуульчилсан. Харин одоо яригдаж буй 400 тэрбум төгрөгийг банкуудаар байршуулаад эхэлбэл жижигхэн Монголын банкууд сэвхийгээд л ирнэ. Анод банк ирэх даваа гаригт гүйлгээгээ хэвийн хийгээд эхэлбэл. Эсвэл хэвийн ажиллаж чадахгүй бол...
Хүлээлт, хүлээлт хаа сайгүй айдастай хүлээлт... Ирэх даваа гаригт Анод банкныхан хэрхэн үүдээ нээхээс цаашид энэ банк оршин тогтнох уу, үгүй юу гэдэг харагдана. Наана нь бүгдээрээ амаараа дампууруулаад хаячихгүй л юм сан даа.
Мартсанаас муу зүйл сайн үр дагавар дагуулах нь бий гэдэгчлэн “Анод”-оос үүдэлтэй сандрал банкуудад мөнгө байршуулахыг “Хувийн банкуудыг тэтгэх гэлээ” гээд загнаад байсан эрхэм гишүүд эрхбиш банкны салбарыг анхаарахаас өөр аргагүй юм байна гэж ойлгож авсан биз ээ.