Бичлэгийн тоо 2,391
“Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ”

Ш.Алтантуяагийн аав Малайзын Ерөнхий сайдад амтат бялуу явуулжээ
Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө сонсогдож байгаагүй зэрлэг аллагад монгол бүсгүй өртсөн өдрөөс лалын шашинт Малайз улсыг дэлхий даяар анхааралтай ажиглаж эхлэсэн билээ.

Хэлний өндөр боловсролтой, хоёр хүүгийн эх, хорин хэдхэн настай монгол бүсгүй Ш.Алтантуяаг эх оронд нь өстөн дайсан довтолбол ямар ч хамаагүй аргаар даран устгахтай адил тэсрэх бөмбөгөөр дэлбэлж, хоёр ч удаа буудан хороосон явдлыг хэрхэн шийдэхийг хүлээсээр гурван жил өнгөрч байна. Урьд нь олон хүний амь насыг егүүтгэж гаршсан улс төрчдийн гар хөл бологчид болон Малайзын эрх баригчид мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүмүүс байдаг гэдгийг энэ аймшигт аллага дэлхий дахинд баталж өгсөн юм.

Монголчууд бидэнд Малайзад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн талаарх бодит мэдээлэл төдийлөн байдаггүй. Тийм ч учраас алдаатай, буруу ташаа ойлголт нийгэмд газар авсан. Тэгвэл “Шаарийбуугийн Алтантуяа гэж хэн бэ. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд ямар үйл явдлууд болов. Өнчирч хоцорсон хоёр хүү, бэтгэрч үлдсэн эцэг эхийнх нь зовлонг хуваалцах хүн байв уу. Хэрцгий аллагын золиос болсон монгол бүсгүйнхээ хэргийг шударгаар шийдвэрлүүлэхэд Монголын төр анхаарал хандуулсан уу” гээд энэ хэргийг тойрсон үйл явдал хэрхэн өрнөж буй талаар “Зууны мэдээ” онцлох сэдэв болгон бэлтгэжээ.

“Happy birthday Altantuya”
Малайз улс 26 сая хүн амтай. Манай орон дипломат харилцаа тогтоогоод арав гаруй жил болж байна. Хүн амынх нь талаас илүү хувь нь бичиг үсэггүй, ширэнгэнд амьдардаг. Дулаан орон тул элдэв жимс, далайн амьтнаар хооллодог ерөнхийдөө зэрлэгдүү хүмүүс гэдэг. Харин хотын хөгжил нь боловсронгуй, хөгжиж буй орон. Энэ оны 3 сарын 8, 9-нд болсон сонгуулиар сөрөг хүчин түүхэндээ анх удаа 80 гаруй суудал авч олонхи болжээ.

Их Британийн колончлолоос чөлөөлөгдөн тусгаар тогтнолоо олсон 1957 оноос хойш өнөөдрийг хүртэл тус улсад эрх баригч нам хамгийн хүчтэй нь байсан ч улс оронд нь нүүрлэсэн эдийн засгийн хямрал болон монгол бүсгүйн амь насыг зэрлэгээр хөнөөсөн үйлдэлд Малайзчууд шинэ сонголт хийжээ. “Малайзын нэр хүндийг дэлхий дахинд аврахын төлөө, монгол эхийн эрхийг зөрчсөн нь шударга явдал мөн үү” гэх уриан дор сөрөг хүчин нэгдэж сонгуульд оролцсоноор ийнхүү үнэмлэхүй суудал авчээ. Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн харгис аллагад одоогийн ерөнхий сайд Нажиб, түүний шадар туслах Багинда хоёрыг холбоотой гэж тэд  үздэг. “Хэзээ нэгэн цагт тэр хоёр шүүгдэж, өөрсдийнхөө өмнөөс ичих цаг ирнэ.

Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй” гэдгийг сөрөн хүчнийхэн шаардсаар байгаа юм. Саяхан сөрөг хүчний удирдагч Карпал Синхийн хүү, парламентын гишүүн Гобинд Синх Део ерөнхий сайд Нажиб руу “Алуурчин минь хариулаач” хэмээн чангаар хашгирсныхаа хариуд парламентад суух эрхээ нэг жилээр хасуулжээ. “Энэ хэргийг хэвлэлд бичих нь битгий хэл өөр хоорондоо шивнэлдсэн бүхэнд хатуу сануулга өгнө” гэж Малайзын Засгийн газрын тэргүүн Нажиб Разак ард түмэндээ мэдэгдсэн тул Малайзад Алтантуяагийн төлөө дуугарсан бүхэн ийнхүү шийтгэгдэж, шоронгийн хаалга татах болоод байгаа юм. Өнгөрөгч хугацаанд таван сэтгүүлч монгол бүсгүйн үхэлд ерөнхий сайд Нажиб холбогдсон үнэнийг бичсэнийхээ төлөө хоригдсон юм. “Дахин хэзээ ч энэ асуудлаар дуугарахгүй” гэж амлалт өгч байж сэтгүүлчид суллагджээ. Иймд Малайзын хэвлэл Алтантуяагийн хэргийн талаар ямар ч бодит мэдээлэл ард түмэндээ өгөх эрхгүй байдаг байна. Талийгаачийн аав хэвлэлийн хурал мянга зарлаад ч түүнийг нь гаргадаггүй болохоор нэмэргүй гэх. “Та нар миний ярьсныг телевизээрээ гаргаж чадах уу” гэхээр юу ч хэлж чадахгүй толгойгоо маажаад зогсож байдаг юм билээ. Өнгөрөгч жил хааны удмын нэг эрхэм Алтантуяагийн хэргийг шударгаар шүүхийг шаардаж талийгаачийн зураг бүхий 10 мянган пудволк хийж тараасныхаа хариуд ял сонссон бол тун саяхан талийгаачийн төрсөн өдрөөр аллагын хамсаатан Ерөнхий сайд Нажибад амтат бялуу хүргэхээр очсон залууг цагдаа нар баривчилсан шуугиан дэгдээд байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг дэлхий даяар дамжуулж, Малайзын хэвлэлийнхэн газар дээрээс нь сурвалжилж байв.

С.Шаарийбуу гуай охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан энэ оны 5 сарын 6-нд Малайзын Ерөнхий сайд Тун Разак Нажибад амтат бялуу захидлын хамт илгээжээ. Улаан өнгийн кремээр “HAPPY BIRTHDAY ALTANTUYA” гэж дармалдаж бичсэн бялууг охиных нь аллагын захиалагч Нажибад явуулахаар шийдсэн нь тэр юм. Шаарийбуу гуайн захидлыг хүргэж өгөхөд Малайзын сөрөг хүчин туслажээ. “Монголын загвар өмсөгч Алтантуяагийн харгис аллагад би ямар ч холбоогүй. Хэвлэлээр гарч байгаа бүх мэдээлэл надад хамаагүй. Гэрчлэх баримт юу ч байхгүй. Иймд надад талийгаачийн төрсөн өдрийн мэндчилгээг хүргэх шаардлагагүй” гэдгийг ерөнхий сайд Нажиб мэдэгдэв. “Багиндагийн хамт энэ хэрэгт холбоотой болохыг сөрөг хүчнийхэн, бусад гэрч нотлодог ч Нажиб хууль талаасаа ялаас мултарч чадсан юм. Гэсэн хэдий ч талийгаачийн үхэлд огт холбогдолгүй гэж олон түмнийг итгүүлж чадахгүй. Учир нь Алтантуяагийн хэргээс хойш Нажибын нэр хүнд огцом унасан” болохыг мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.  Сэтгэлийн бэтгэ, зүрхний гунигаа нууж ядан гурван жилийг үдэж байгаа С.Шаарийбуу гуай охиных нь аллагын захиалагч нарт захидал бичиж, торт явуулахаас өөрөөр яаж ч эсэргүүцлээ илэрхийлэх билээ. Түүнд бүхнийг шийдэх эрх мэдэл, бас Нажиб, Багинда шиг хөрөнгө мөнгө байхгүй тул ийнхүү хуудас цаасан дээр сэтгэлийн гүн дэх буглаасаа гарган Малайз руу илгээжээ. С.Шаарийбуу гуайн захидалтай танилцлаа. Англи хэл дээр, өөрийн гарын үсэг гэхээр зүйлгүй захидлыг Ерөнхий сайд Нажибад хаяглан бичсэн байв. “Эрхэм Нажиб таныг Ерөнхий сайдаар томилогдсон гэдгийг сонслоо. Таны ажилд амжилт хүсье. Манай хоёр орны ард түмэн миний охины алуулсан хэргийг шударгаар шийдэгдэхийг хүлээсээр байна. Бидэнд энэ хэргийн эцсийн хариу хэрэгтэй байна. Миний охины хэрэг байж боломгүй нөхцөл байдалд үргэлжилж байгааг манай хоёр орны ард иргэд тэвчиж харсаар байгааг уламжлъя. Малайзын Засгийн газар, цагдаагийн газраас өнчирч хоцорсон хоёр хүүхдийн тэтгэмжийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байна. Энэ аллагын эцсийн шийд гарах хүртэл бид оршуулгын ажиллагааг хийхгүй хүлээсээр байна. Иймд охиныхоо оршуулгыг ёс төгөлдөр хийж сэтгэл амрах хэрэгтэй байгааг та тунгаах бизээ. Таныг хүндэтгэсэн, Монгол улсын иргэн С.Шаарийбуу. 2009.05.05” гэсэн байв. Малайзын хэвлэлүүд энэ захидлыг интернет дэх өөрсдийн вэб сайтад байршуулжээ. “Алтантуяагийн 30 насны ойгоор түүний сүнсийг бурхан ивээг. Хэрвээ тэр амьд байсан бол өнөөдөр 30 нас хүрч байх байсан. Аллагад эмзэглэсэн мянга мянган нулимс түүний араас урссан. Сүнс чинь ариун газарт очсон болохоор дахиж чи хэзээ ч ганцаардахгүй байх.  Үнэний дуу хоолойг магадгүй бид сонсоно. Яг энэ цаг хугацаанд юу нууц байсныг хэлж өгдөг ч болоосой. Буруу зүйл хийсэн хүн шударга ёсоор бурханд шүүгдэнэ. Гэвч бид юу ч хийсэн, юу ч хэлсэн түүнийг эргүүлээд амьдруулж чадахгүй. Иймд талийгаачийг энэ цаг үед хэрэгтэй хүн байсанд сэтгэл хангалуун байх хэрэгтэй” гэсэн утга бүхий сэтгэгдлүүдийг Малайзууд илэрхийлсэн байв. Цэцэг шиг охиноо зэрлэгээр хөнөөлгөчихөөд цангасан ч цангааг нь тайлж, зовсон ч зовлонг нь хуваалцаж чадахгүй болсондоо харамсаж буйгаа талийгаачийн аав төрсөн өдөрт нь зориулан бичсэн шүлэгтээ бичсэн байж.

Саяхан Америкад амьдардаг нэгэн малай эр “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” гэсэн нийтлэл бичиж өөрийн блогдоо байршуулсныг үзлээ.Тэр шударга бус шүүх, авлигад идэгдсэн эрх баригчдынх нь ёс бус үйлдлийн золиос болсон монгол бүсгүйн аллагыг хөндөн бичжээ. “Манай улсад Ш.Алтантуяа хэмээх нэгэн Монгол бүсгүй амь насаа харамсалтайгаар алдаж гэмт этгээдийг тодруулах гэж гурван жил орчим шүүх, мөрдөх ажиллагаа явагдсан ч эцсийн эцэст хөөрхий бүсгүйг дэлбэлээд хаячихсан цагдаагийн ажилтнууд, захиалга өгсөн эзэд нь бүгд цагаадаад гэмт хэрэгтэй холбоогүй болоод явчих шив дээ. Хэргийг шүүх ч гэж дээ, аллагыг мөрдөж байсан хувийн мөрдөгч нар нь сураггүй алга болоод, хуульчид нь татгалзаж, сэтгүүлчид нь заналхийлэлд өртөж, сонинууд нь хүн гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагдаад тэгээд л нөгөө гэмт хэрэгтнүүд нь цагаадаад гараад явчих юм байна л даа.

Манай засгийн газрын хамгийн том нөлөө бүхий этгээдүүд энэ хэрэгт холбоотой юм чинь, аргагүй шүү дээ.“Амь насанд халтай үед Сицилийн мафитай бүү сөргөлд”, “Азид байлдвал хэзээ ч газраар бүү дайр” гэж хэлц үгнүүд байдаг даа.Тэгвэл “Монголчуудаар хэзээ ч бүү оролд” гэсэн үг байдгийг ч бас санах хэрэгтэй байх. Эрт урьдын түүхээ биш юм гэхэд саяхны үйл явдлаас санъя л даа. Монголын энхийг сахиулагч цэргүүдийг Иракт алба хааж байхад хамгийн хэцүү алан хядагчид ч тэднээр оролдож, дэлбэлэн хаяхыг оролдоогүй шүү дээ. Хүмүүс хэдэн зуун жилийн өмнөх үүх түүхээ санадаг. Тийм ч учраас тэд чинь Монгол цэргүүдэд морь зарах, тэдэнд байгаа хүнсний ногоог махаар сольж авах гэдэг байсан даа. Одоо нэгэнт болоод өнгөрсөн энэ гэмт хэргийн асуудлыг манай хэвлэл мэдээллээр дахин бичихгүй л байх.

Гэхдээ би цаашид юу болох бол гэж сонирхон харж байна. Монголын Засгийн Газар энэ хэргийг шударга шийдэхийг хүссэн, тэр нь бүтсэнгүй. Үгүй ингэхэд гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг олж аваад Монголчуудад тушаачихаж болохгүй байсан гэж үү. Хахуульд идэгдсэн, арчаагүй байлаа ч гэмт этгээдүүдээс хэн нэгийг нь золионд гаргаад Улаанбаатар руу ачуулчих ёстой байсан юм. Тэгвэл бүх юм гайгүй байх байсан. Манай улс чинь цагдаатайгаа нийлээд бидэнд зочлон ирсэн жуулчдыг дэлбэлж хаяад байвал юу болох билээ!! Малайзын засгийн газар Монголчуудтай цусан дайн хийх гээд байна гэж үү?Монголчууд энэ асуудлыг зүгээр нэг мартаад өнгөрчихнө гэж бодохгүй байна” гэжээ.

Гадаад ертөнцөд монгол бүсгүйн үхлийн талаар ийнхүү дуу хоолойгоо нэгтгэж, мартах ёсгүй үнэнийг сануулсаар байна. Ирэх сарын 19-нд Ш.Алтантуяа харгис алуурчдын гарт амь үрэгдсэний гурван жил тохионо. Энэ өдөр тус хэргийн шүүх ажиллагаанд  ямар нэг ахицтай зүйл гарч ирнэ гэдэг эргэлзээтэй. Хоёр үрээ зүрхэндээ тээн зогссон монгол бүсгүйн улаан нүүр рүү буудаж, тэсрэх бөмбөг зүүж дэлбэлсэн хэрцгий алуурчид, захиалагчид анхнаасаа тодорхой байсан ч Малайзын шүүх хөрөнгө мөнгө, эрх мэдлийн далбаан дор гэмт хэрэгтнүүдийг эхнээс нь суллаж, заримд нь эцсийн ял оноогоогүй байна. Хоёр хүүхдийнх нь тэтгэмжийн асуудлыг ч Малайзын шүүх шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрэв.

Энэ хэрэгт Францын зэвсгийн наймаачид болон Малайзын улс төрчид буруутай
Хэргийн зангилаа тайлагдах мөчид Алтантуяа зэвсгийн том наймаанд орчуулагчаар оролцож, байгуулсан гэрээний дагуу өөрт ногдох хөлсөө авах гэсний хариуд аллагад өртсөн нь тодорхой болсон. Энэ талаар олон эх сурвалжийн баримт түшиглэн бичсэн Франц сэтгүүлч Арнауд Дубусийн “Тэр яагаад, яаж алагдсан бэ?” нийтлэл сонирхол татав. Тэр сурвалжлагаа энэ оны гуравдугаар сарын 5-нд Францын “Ардчилал” сонинд нийтлүүлжээ.“Талийгаач үзэсгэлэнтэй бас чадвартай бүсгүй байсан. Санктпетрбургт өсч торнисон.

Бээжингийн эдийн засгийн менежментийн институтыг төгссөн. Тэр англи, орос, хятадаар чадварлаг ярьдаг, франц, солонгос хэл мэддэг байв. Энэ ч үүднээс Абдул Разак Багиндатай 2004 онд Гонкогт анх танилцсан даруйдаа ихэд үнэлэгдэж түүний толгойлдог “Стратеги судалгааны төв”-ийнх нь туслах болж Багиндад оросоос англи руу орчуулга хийж өгдөг болов. Тэр хоёрын романтик харилцаа хурдан хугацаанд болж өнгөрсөн гэдэг. Багинда элит гаралтай, баян, засгийн газрын зөвлөх залуу байв. Хууль ёсны эхнэртэй. Хааяа  Куала Лумпур руу эхнэр рүүгээ очдог байж. 2005 оны гуравдугаар сарын эхээр Алтантуяа Багинда хоёр Европоор аялал хийжээ.

Франц, Итали, Португалаар тэд Багиндагийн гал улаан өнгийн “Ferarri” машинаар салхи татуулан зугаалж, хуучны элит зочид буудлаар явж, үнэтэй ресторанаар үйлчлүүлж байв. Энэ зүгээр нэг аялал байсангүй. 2002 онд Малайзад шумбагч хөлөг худалдахаар гарын үсэг зурсан “Армарис” компанитай байгуулсан гэрээнд нэмэлт заалт тусгахаар тийнхүү явжээ. Багинда экс шадар сайд буюу одоогийн ерөнхий сайд Нажибын “Бүс нутаг болон аюулгүй байдал”-ын хэрэг эрхэлсэн шинжээч байсан тул батлан хамгаалахтай холбогдсон бүх асуудлыг нь мэддэг байв. Тэднийг Францад байхад шадар сайд Нажиб очиж уулзсан зураг байдаг. Энэ аллага ердийн аллага биш.

Бизнес улс төрийн шинж чанартай аллага. Монгол, Малайз хоёр юу ч хийгээгүй байхад Францад “Алтантуяагийн хэрэг” нээгдсэн. Үндсэндээ 28 настай бүсгүйн үхлийн шалтгаан Малайзад гурван шумбагч онгоц зуучилж өгсний 114 сая евротой холбоотой. Алтантуяа амиа алдахад томоохон үүрэгтэй “Армарис” компани нь байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц хийж дэлхийн олон оронд нийлүүлдэг. Европын цэргийн зэвсэглэл түүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзлэдэг Франц, Испанийн хамтарсан компани.

Малайзын Засгийн газар одоог хүртэл аллагын нууцыг хадгалсаар байгаа. Энэ хэргийн бүх зүйл 2002 оноос эхэлжээ. Малайзын Засгийн газар “Армарис” компаниас “Scorpene” шумбагч онгоц гурвыг авч нэг тэрбум евро төлжээ. Түүний хариуд “Армарис” компани Засгийн газартаа шумбагч онгоц зарахад нь зуучилж өгсний хариуд Багиндагийн “Freemaker” компанийн дансанд 114 сая евро шилжүүлсэн байна. Талийгаач  энэ бүхэнд оролцож, орчуулагчийн үүрэг гүйцэтгэсний хувьд анх байгуулсан гэрээний дагуу 500 мянган ам.долларыг нь авах гэснээсээ болж амь насаа алдахад хүрчээ. Энэ хэрэгт хэн ч тайлбар тавьж чадахгүй байгаа.

Хэрэг гарсанд Францын зэвсэг зардаг хүмүүс, Малайзын улс төрчид буруутай. Талийгаач өөрийг нь алах гэж байсан хоёр цагдаагаас “Намайг битгий алаач” гэж маш өрөвдөлтэй хоолойгоор гуйж байжээ. Тэд эхлээд нүүрэнд нь буудаж “Бид дуусгах ёстой” гэснээр хувцсыг нь тайлаад хар пластик цүнх бие дээр нь тавьж дэлбэлсэн аймшигт хэрэг хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн юм. Одоо Багинда Малайзын шүүхийн шударга бус нүүр царайны билэгдэл болсон. Тэр  Англид гэр бүлтэйгээ амьдарч байна. Хамгийн муухай нь тэр  хоёр жил гаруй хамт ажилласны хувьд Алтантуяаг алагдсаны дараа харамсч байгаа ганц ч үг хэлээгүй” гэсэн байв.

Дан ганц Франц сэтгүүлч бус дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл зэвсгийн наймаанд оролцсон монгол бүсгүйн үхлийн шалтгааныг хөндөн бичсээр байна. Шумбагч онгоц авах гэрээ хэлэлцээрийг амжилттай явагдахад гар бие оролцсоны хувьд талийгаач Багиндагийн амлаж байснаар өөрт ногдох хувиа авах гэж яваад C4 тэсрэх бөмбөгт өртсөнийг тэд онцолдог. Бусдаар бол Алтантуяа манай зарим хэвлэлийн бичиж байсан шиг буруу замаар будаа тээснийхээ хариуд аллагын золиос болчихоогүй юм.

Хамгийн аймшигтай нь эрх мэдлээ ашиглаж хувийн компанидаа 114 сая евро шилжүүлж чадсан Багиндад монгол бүсгүйн амь хэдэн мянган доллараас хямдхан санагджээ. Энэ бол Монголчуудыг дэндүү доромжилж, басамжилсан үйлдлийн илэрхийлэл мөн. Яагаад тийм аймшигтайгаар алав гэдэг бас сонин. Багинда, Нажиб нар монгол бүсгүйг, монголчуудыг дутуу үнэлжээ.“Тэд юу олж долоодог юм. Хэн ч олохгүй, яах ч үгүй” гэсэндээ талийгаачийн Малайз руу орсон тэмдэглэгээг хүртэл устгасан байдаг. Хоёр цагдаа тэр бүхнийг хийсэн гэвэл эндүүрэл болно. Хил, хүчний байгууллага, шүүх гээд бүгдийг эртнээс төлөвлөсөн байсан нь хэргийн явцад тодорхой болсон.

Талийгаач Ерөнхий сайд Нажиб, түүний шадар туслах Багинда нарын улс төрийн бохир нүүдлүүдийг сайн мэддэг байсныхаа хариуд алуулсан юм. Багинда  энэ хэргийг замхруулахын тулд монгол мөнгөөр 87 тэрбумыг талийгаачийн тухай элдэв муу мэдээлэл тараах, бодит баримт, гэрчүүдийг худалдаж авахад зарцуулсан талаар Малайз даяар ярьж бичдэг.

Хуурамч “Алтантуяа” бий болгов
“Багинда одоогийн ерөнхий сайд Нажибтай талийгаачийг Сингапурт болсон алмазын үзэсгэлэн дээр анх танилцуулахдаа “Маш чадварлаг бүсгүй” гэж байжээ. Тэд оройн хоолонд орж, хамтарч ажиллах эхлэл тавигдсан байна. Засгийн газар нь Францаас шумбагч хөлөг авахад талийгаач албан ёсны орчуулагчаар явав.

Тэр Багиндагийн хэрэгтэй туслах байсныг найз нар нь мэдүүлдэг. Талийгаач Францаас ирснийхээ дараа хоёр залуутай авахуулсан зургаа үзүүлэхдээ “Нэг нь манай найз залуу Абдул Разак Багинда. Нөгөөх нь манай том босс Тун Разак Нажиб” гэхэд нь “Өө энэ хоёр чинь адил овогтой юм байна. Ах дүүс юм уу” гэтэл “Үгүй ээ, тийм биш.

Нажиб бол Ерөнхий сайд” гэж хамгийн сайн найз Амидаа хэлж байжээ. Гэтэл аллагын захиалагчид Францад авахуулсан зургаа өөрчилж талийгаачийн толгойн хэсгийг Солонгосын дуучин бүсгүй Lee Hye Ryeon гэгчийн зургаар сольж эвлүүлсэн нь илчлэгдсэн юм. Хамгийн хачирхалтай нь 1981 оны тавдугаар сарын 3-нд төрсөн дуучин бүсгүй энэ хэрэг гарснаас хэдэн сарын дараа буюу  2007 оны 01 сарын 21-нд учир битүүлгээр амиа хорложээ.

Тэр өмнө нь Малайзад хэд хэдэн удаа очиж байсан төдийгүй сэтгэлийн хямралд орсноор амиа хорлосон гэж үздэг байна. Манай зарим хэвлэлүүд солонгос эмэгтэйн зургийг Алтантуяа гээд хадуурч байлаа. Зургийг  хуурамч болгох нэг л шалтгаан байсан. Тэр нь ерөнхий сайд Нажиб, Багинда нартай талийгаач Францад хамт байгаагүйг нотлох оролдлого байв. Хуурамч зургийг Малай иргэд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.

“Алтантуяагийн жинхэнэ нүүрийг халхлах гэж байсан бол ядахдаа фотошоп дээр сайн ажилладаг хүнээр хийлгэчихгүй дээ. Таван настай хүүхэд ч хараад энэ зургийг хуурамч гэдгийг мэдэх юм байна. Ерөнхий сайд Нажиб энэ зурган дээр байсан шүү дээ. Тэр сайхан романтик оройгоо санахыг хүсэхгүй байгаа юм уу” гэх үзэл зонхилдог. Мөнгөтэй болоод эрх мэдэлтэй байхад ямар ч хэргийг замхруулж, сонгуулийг ч худалдаж авч болно.

Сонгуульд мөнгө хэрэгтэй байсан нь тодорхой. Тэр мөнгийг олоход Францад хийсэн зэвсгийн наймаа холбоотой гэдгийг хэвлэлүүд онцолдог. Алтантуяа Ерөнхий сайд Нажиб, Багинда нартай Францад оройн зоог барьж байгаа зургаа паспорт дотроо хадгалсан байж. “Армарис” компанитай нэмэлт гэрээ хийж, аллагын захиалагчидтай хамт  явсныг нь нотлох зургийн эх хувь харамсалтай нь “2006 оны аравдугаар сарын 19-ны оройн 22.00 цагаас шөнийн нэг цагийн хооронд болсон аллагын үед устсан юм.  

Алуурчдын өмгөөлөгч шинэ мэдээлэл дэлгэнэ
Талийгаач хэрэг болохоос гурван цагийн өмнө орон нутгийн цагдаагийн газарт “Намайг алах гээд байна, та нар намайг хамгаалаач” гэж мэдүүлсэн ч  үл тоомсорлосон шалтгаанаа цагдаа нар  “Бидний алдаа байжээ” гэж шүүх хурал дээр тайлбарлав.

Багинда амласан мөнгөө өгөхгүйн тулд хувийн мөрдөгч хөлсөлж,  ажлын хөлсөнд нь нийт 880 ам.доллар төлсөн байдаг. Багиндагийн мөрдөгч талийгаачийг гэрийнх нь гаднаас авч явахад хараад зогсч байж. Тэр хэн ирэхийг хянаж, гэрээр нь орж гарах хүмүүсийг шалгадаг нэг ёсны тагнуулч нь байв. Энэ ч үүднээс бодит гэрч болох хүн.

Гэвч Ерөнхий сайд Нажибаас таван сая ам.доллар авсныхаа хариуд өөрийн эх орон Энэтхэгт амьдрахаар Малайзыг орхин явжээ. Монгол бүсгүйн аллагад гэм буруутай нь тогтоогдсон тул Малайзын шүүх хоёр цагдаад цаазаар авах ял ногдуулсан ч өдгөө давж заалдаж байгаа.

Дээд шүүхийн шүүгч “Хамгийн итгэмээргүй нь хоёр алуурчин бие биенээ буруутгаж “Бид хоёрыг хоёуланг нь хөлсөлсөн” гээд байгаа. Гэхдээ тэд маш олон зүйлд алдсан. Ямар ч эргэлзээгүйгээр энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж буруутгав. “Манай цагдаагийн дарга Муса Сафир  Багиндад туслах хэрэггүй байсан юм. Бид даргын тушаалыг биелүүлсэн. Хэрэв тэр захиалаагүй бол ийм юм болохгүй байсан. Багинда зүгээр л Алтантуяатай уулзаад ярилцсан бол болох байсан.

Тийм зүйл хийж байгаадаа дотроо санаа зовж байсан” гэдгийг цагдаа нар шүүхэд мэдүүлжээ. Алуурчдын өмгөөлөгч “Давж заалдах хурал дээр бүх материалыг ил гаргах болно. Хатагтай Алтантуяатай ойрын найз гэж яригдаад байсан Ерөнхий сайд Нажибын талаар шинэ мэдээлэл өгнө” гэв. Хоёр цагдаагийн ярьж байгаагаар тэдэнд тушаал өгсөн цагдаагийн даргыг шүүх өдөр ирнэ. Тэр цагт юу гэж мэдүүлэхийг хүлээж байя.
 

Монголын төр Малайз хүний эрх ямбыг илүүд тавьжээ

Аллагын захиалагч гэгддэг Тун Разак Нажиб шадар сайд байхдаа буюу 2008 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Австралийн телевизэд ярилцлага өгчээ.“Монгол Улсын өргөмжит консул хүртэл намайг энэ хэрэгт огт холбогдолгүй гэдгийг тогтоож мэдэгдсэн” талаар ярив. /www.abc.net.au/foreign/broadband.htm/.

Малайзын эрх барьж байгаа төв аппаратын намын үүрийн дарга Татух Сайд Абдул Рахман Алхабши гэгч эр Монголыг төлөөлсөн өргөмжит консулын алба хашдаг. Өргөмжит консул гэдэг нь тухайн улсын иргэн байдаг бөгөөд сайн дураараа төлөөлж суугаа хүнийг хэлнэ. Манай төр засгаас цалин хангамж олгодоггүй учир Засгийн газрын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэхээр зүйлгүй юм билээ. Тэглээ гээд Монгол Улсыг төлөөлж суугаа өргөмжит консулын хувьд монгол эмэгтэйн амь нас хохирсон явдлыг шударгаар шийдвэрлүүлэхэд анхаарахын оронд аллагын захиалагч Ерөнхий сайдыгаа “Энэ хэрэгт огт холбогдолгүй” гэж ярьж суугаа нь харамсалтай.

Татух Сайд Абдул Рахман Алхабши энэ бүхнээ тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр үүрэгдсэн учраас Нажибтай хамт сонгуулийн урд өдөр Австралийн телевизээр гарсан” гэв. Өргөмжит консул чухам ямар шалтгаанаар тэгэж  ярив. Засгийн газрын тэргүүний хувьд ёсыг баримталж хэлүүлсэн үү, аль эсвэл цаана нь ямар нэг холбоос байна уу. Талийгаачийн аав С.Шаарийбуу энэ асуудлаар Ерөнхий сайд С.Баярт  захидал явуулсан ч ямар ч хариу өгөөгүй юм. Малайзад Монгол Улсыг төлөөлөн суугаа өргөмжит консулын тухай энэ мэт хачирхалтай зүйл яригддаг.

Ш.Алтантуяагийн хэрэг  гарсны дараахан Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд “Монгол Улсыг төлөөлөн суугаа өргөмжит консул Татух Сайд Абдул Рахман Алхабшигийн хангамжинд анхаарч байхыг хичээнгүйлэн хүсье” гэсэн утгатай захидал Малайзын Засгийн газарт илгээсэн байдаг. Хэргийг шударга шийдвэрлэхэд анхаараарай гэхийн оронд өргөмжит консулын хангамжинд санаа тавьж суудаг нь хачирхалтай. Манай улс төрчдийн хөшигний цаадах бодит дүр зураг нэг иймэрхүү.

Монголын төрөөс хэргэм зэрэг хүртсэн өргөмжит консул энэ хэргийг шударгаар шийдвэрлүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэв. Өнгөрөгч гурван жилд манай ард түмний хүсч хүлээж байсан шийдвэр Малайзын шүүхээс гараагүйг л бид сайн мэдэж байна. Монгол Улсыг төлөөлөх сайн дурын өргөмжит консулаар ийм хариуцлагагүй нөхөд олон томилогдохгүй байвал зүгээр байна. Татух Сайд манай нэг эрх мэдэлтэнтэй хамтарсан компани байгуулж, тэр дагуу наймаа панз үсэргэхээр залуу эхнэрээ дагуулан Монголд ирдэг юм билээ. Одоогоор бүс нутгийг хариуцдаг Тайланд дахь Монголын элчин сайд Малайзын хаанд итгэмжлэх жуух бичгээ бариагүй байгаа. Итгэмж-лэх жуух бичгээ барих өдөр ирвэл монгол бүсгүйн  хэргийг шударгаар шүүж чадаж байгаа эсэхэд асуулга тавина гэдэгт итгэнэм.

Малайзад гурван Монгол бүсгүй хүний наймааны золиос боллоо

Энэ аймшигт сургамжаас үүдэн хоёр улсын харилцааны асуудлыг эргэн харах шаардлага тулгарч мэдэх нь.Хоёр орны ард иргэд бие биедээ итгэл үнэмшилгүй болж, үзэн ядах үзэлд автан, хүчирхийллээр илэрхийлэх магадлал нэмэгджээ.“Лалын энэ жижигхэн бүдүүлэг улсаас ямар шийд гарна гэж бид хүлээх билээ. Угаасаа ойлгомжтой. Иймд малайз эзэнтэй газарт бүү үйлчлүүл. Малайзад бүү аял.

Хүүхдээ тэнд битгий сурга. Аливаа зүйл жижгээс эхэлдэг тул дэлгүүрт орвол малайзад үйлдвэрлэсэн юуг ч битгий ав. Улайм цайм монгол эмэгтэйг цагдаатайгаа нийлж дэлбэлж хаячихаад, Монголын Засгийн газрын хүсэлтийг үл тоож, гэмт хэрэгтнүүдээ суллаад явуулна гэдэг бол манай ард түмнийг доромжилсон, манай Засгийн газрыг дорд үзсэн хэрэг. Зүгээр нэг гэмт хэрэгтэн хүн дэлбэлсэн биш. Засгийн газрын түшмэд нь цагдаатайгаа нийлж Монгол бүсгүйг алсанд байгаа юм. Бид үүнийг чинь санах л болно муусайн ширэнгийн сармагчингуудаа” гэж бачуурсан сэтгэлээ  цахим ертөнцөд тамгалан үлдээжээ.

1914 онд Австри-Унгарын хунтайжийг эхнэртэй нь хороож дэлхийн нэгдүгээр дайн дэгдэхэд хүрсэн. Хэргийг үйлдсэн Серби иргэн Принцип шүүх хурал дээр бүх үнэнийг хүлээгээд “Гагцхүү би эх хүнийг хороочихсондоо л харамсч байна” гэж хэлсэн байдаг. Гэтэл Малайзчууд хоёр хүүгийн эх, жирийн монгол эмэгтэйн амь насыг аймшигтайгаар хороочихоод өнөөдрийг хүртэл хэн нь ч уучлалт гуйсангүй. Монголчууд “Уучлаарай” гэдэг үгийг хүлээдэг боловч Багинда болон хоёр алуурчин, Малайзын эрх баригчид өнөөдрийг хүртэл хэлсэнгүй.

Уучлаарай гэдэг үг тэдний үгсийн санд байдаггүй бололтой. Ийм байхад бид Малайзтай түншлэх хэрэг байна уу. Ах дүүгийн барилдлагатай ОХУ руу зорчихдоо виз мэдүүлдэг атлаа хүний эрхийг уландаа гишгэгч, улс төр, шашин шүтлэг, байршил, уламжлалт харилцаагаараа ч үл таних Малайз улстай визгүй зорчдог нь бидэнд ямар өгөөжтэй вэ. Зөвхөн энэ онд Малайзад монгол хүний эрх ашгийг хөндөж, амь насанд хүрсэн дөрвөн тохиолдол гарчээ. Хамгийн сүүлд гэхэд 19 настай монгол охины шарил тус улсаас ирэв.Аль хямд төлбөртэйг нь бодож Малайзыг сонгодог ч эцэг эх нь охиноо Малайз явуулсандаа харамсч суугаа нь мэдээж.

Англи хэл сургана гэж насанд хүрээгүй олон хүүхдүүдийг бизнесийн золиос болгож харах хандах эзэнгүй, харанхуй нүх рүү илгээж байгааг анхаарцгаая. Хүчирхийлэл, зэвсэглэл, гэмт хэргийн үүр болсон лалын ертөнцөд хүүхдээ хараа хяналтгүй явуулах нь энэ мэт эрсдэл дагуулсаар байгааг дуулгая. Энэ жил гэхэд гурван монгол бүсгүй ажил хийх зарын дагуу Малайзад очоод хүний наймааны золиос болжээ. Мэдэж байгаа нь энэ боловч хэчнээн монголчууд халдлагад өртөн сураггүй болж, дамлан худалдагдаж, шоронгийн хаалга татаж, азгүй нэгнийх нь эрхтэн зарагдаж донор болчихсон явааг таашгүй.

Аллах тэнгэртэйгээ яриад л асуудлыг шийдчихжээ

“Хүний эрхийн ТББ-ын үндэсний сүлжээ” дундаасаа мөнгө босгож мэргэжлийн хуульчийг Малайз руу явуулсан бол манай Засгийн газрыг төлөөлж нэг ч эрхэм Малайзад очоогүй байна. Тайланд дахь элчин сайд Сайнбилэг овогтой Сийзхуу эцгийнх нь хүсэлтээр Багиндаг суллах шүүх хуралд очсоныг эс тооцвол шүү дээ. Шүүх хурал дээр  шүүгчийн хэлсэн үг сонирхол татдаг. “Уучлаарай, би өнөөдөр чухал асуудал шийдвэрлэх гэж байна.

Бид чинь шашинтай шүү дээ. Би Аллах тэнгэрээсээ нэг юм асууя” гээд  амандаа юм бувтнахад нь танхимд нам гүм ноёлов. Тав зургаан минут болсны эцэст “Багинда энэ хэрэгт холбоотой нь нотлогдохгүй байна. Аллах тэнгэр ингэж хэллээ” гэснээр цагаатгах тогтоол уншжээ. Багинда тэр даруй баярлан хашгирч, ах дүү нар нь  гар дээрээ өргөөд шүүхийн гадна байсан Мерседэс бенз машинаар авч явав. Энэ үед Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон Элчин сайд С.Сийзхуу юу ч хэлж чадахгүй байсаар өнгөрсөн гэдэг.

Амьдралын аз жаргалыг амсч явсан залуу бүсгүйн аймшигт үхэл, өнчирч хоцорсон хоёр хүүгийн хувь заяаг аллах тэнгэрээсээ асуугаад л шийдчихлээ гэж үү. Алуурчин хоёр цагдаад ял ногдуулсан ч аллагын захиалагчдаас ял асуух ёстойг шударга хүн төрөлхтөн шаардаж байхад аллах тэнгэртэйгээ яриад л асуудалгүй үлдээжээ. Малайзын шүүх хүн төрөлхтөнд баймгүй хуудуугүй шийдвэр дахин хэдэн удаа гаргаж, аллах тэнгэртээ даатгах бол. Дэлхийн өөр хаана ч баймгүй шударга бус шүүх засаглалтай ийм оронтой хүний эрх, шударга ёс, хүнлэг энэрэнгүй үзэл ярих илүүц биз дээ.

Багиндаг цагаатгах гэгч хурлын дараахан тэр өөрт нь тус болсон анд нөхдөө дайлж, шанг нь хүртээсэн тухай Малайзын хэвлэлүүд шуугисан. Одоо хэргийн тухай огт орхиод Багиндатай дээд шүүхэд давж заалдахгүй гэсэн хурлын товыг тогтоох хурал хийж байна. Ер нь Малайзын шүүх хурал хачирхалтай уур амьсгалд болж өнгөрдөг. Аллага үйлдсэн хоёр цагдаа бохь зажлаад, самар цөмөөд л, төрөл садантайгаа ярилцан инээлдэж, ямар ч гэмшсэн шинжгүй байдаг бол Багинда гэрчүүдийн мэдүүлгийг тэмдэглэн авч, хуулийн ном уншсан шигээ суудаг байна.

Энэ хэргийг шударгаар шийдвэрлэх гэсэн шүүгч, прокурорууд байжээ. Гэвч тийм хүмүүс буруутгагдаж эхэлсэн тул өнгөрөгч хугацаанд олон ч шүүгч, прокурор солигдсон байдаг. Малайзад бүх шүүгч бие даасан байдаг тул шүүх үйл ажиллагаа явуулах эрх авахын тулд тусгай шалгалт өгдөг байна. Гэтэл монгол бүсгүйн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг зүгээр нэг дадлагажигч шүүж байгаа гэхээр гунигтай санагддаг. Энэ нь албан ёсны шүүгчийн шалгалтаа өгөөгүй, манайхаар дадлагын оюутан гэсэн үг.

Энэ бүхнээс Малайзын Засгийн газар энэ хэрэгт ямар түвшинд анхаарал тавьж байгаа нь харагдана.“Аллагын захиалагч Багиндаг гэмгүй гэснээрээ энэ шүүгч төр засагтаа үйлчилж чадлаа. Үүнийхээ төлөө хамгийн өндөр зэрэг дэв хүртэх байх” гэж малайзын шударга иргэд ярьж байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу шүүхийн шийдвэрийн тухай сонирхсон сэтгүүлчийн асуултад “Бурхан бүгдийг мэдэж байгаа биз дээ.

Танай шүүхийг хүндэтгэж байна. Үнэн худалд дүн тавих гэж ирээгүй. Түүх, шударга хүн төрөлхтөн дүн тавина” гэв. С.Шаарийбуу гуайг Малайзын хаана ч явсан “Sorry” гээд бөхөлздөг малай үндэстнүүдэд буруу байхгүй нь ойлгомжтой. Харин аллагыг захиалагчдыг бурхан шударгаар шүүх цаг ирнэ гэдэгт ар гэрийнхэн нь итгэдэг. Талийгаачийн ээж Алтанцэцэг ярьж байна. Миний охин аав ээжийнхээ буяныг бага ч болов хариулах гэхдээ дүүгээ чирж, хүүхдүүдээ өсгөж явсан. Анд нөхдийнхөө төлөө өөрийгөө үрж, өрөөлийг ирлэж явдаг байлаа.

Хорин хэдхэн насандаа дэндүү ихийг амжуулсан. Даанч аав ээжийнхээ элгийг эмтлэн, алаг үрсийнхээ зүрхийг зүсэн, ард олныхоо сэтгэлийг сэртхийлгээд явчихлаа. Шударга бүхэн миний охиныг дурсан санах болно. Ирээд буцдаг хүний хорвоод охин маань алаг дэлхийгээр нэг ухаарал хайрлан шуугиантайхан явлаа. Түүний ариун сүнсэнд хар, шар, бор гэлтгүй энэ дэлхийн олон сая хүн залбирал үйлдэж байгаад сэтгэл минь жаахан ч гэсэн тайвширдаг. Аав бид хоёр нь орчлонг нартай гэдгийг мэдэх сөхөөгүй тэмцэж явна даа.

Хоёр хүүгийн ирээдүйн өмнө Монголын төр хариуцлага хүлээх ёстой
Мартаж болохгүй зүйл гэж байдаг. Харамсалтай нь монголчууд маань дэндүү их зүйлийг мартаж байх шиг. Энэ янзаараа байвал өнөөдөр иргэнээ, маргааш улсаа мартах байх. Харийн нутагт хэрцгийгээр алагдсан монгол бүсгүйнхээ төлөө манай УИХ-ын нэг ч эрхэм гишүүн өнгөрөгч гурван жилд ам нээсэнгүй.

Монголын парламент ямаа, мах, ашигт малтмалын талаар хэлэлцэхээс биш иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаясаар байна. Албан тушаалын төлөө нэгнийгээ барьж идэх нь холгүй байдаг тэд Малайзын эрх баригчид руу монгол бүсгүйнхээ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр хатуу үг чулуудахад юу нь болохгүй гэж. Бас л дипломат ёсонд харшилна гэх үү. Дэлхийн улс орнууд иргэнийхээ эрх ашгийг “Оюутолгой, Тавантолгойгоос” дээгүүрт тавьдаг болохыг бид олонтаа харж байна.

Америкийн таван настай охин чөмөг солих хагалгаанд орох болоход Америкаас эмч нарын баг Монгол руу илгээсэн. Увс аймагт Ми-8 тэсдэг тэрэг осолдоход Хятад улс амьд үлдсэн иргэнээ тусгай онгоцтой ирээд авч явсан. Хойд Солонгост хоригдсон хоёр сэтгүүлчийнхээ араас Америкчууд тэр аяараа санаа зовнин, төр засгийнх нь зүгээс бүхий л гарцыг хайж байх жишээтэй. Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж чадсанаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хөгжлөө тодорхойлдог байна. Харин манайд харийнхны эрх ашиг нэгд тавигдаж, монголчууд өөрсдөдөө үнэгүйдэж эхэлжээ. Малайзад болсон явдал гээд хойшлуулахгүй талийгаачийн хоёр хүүхдийн ирээдүйн өмнө монголын төр хариуцлага хүлээх ёстой.

Эхийн хайрыг орлож чадахгүй ч  оюунлаг иргэн болоход төр засаг санаа тавих учиртайсан. Ингэж байж бид хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг, ардчилсан улс болж чадна.Ард түмэнтэйгээ амь нэгтэй, ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаачив. Монгол хүний эрх ашиг хаана зөрчигдөнө, тэнд би явж байна гээд байсан эрхэм та энэ хэргийн тухай мэддэг үү?Шүүх хурал гурав дахь удаагаа хойшлогдлоо. Юу хүлээж, юуг хожих гэж байгааг бид мэдэхгүй. Иймд өнчирч хоцорсон хоёр хүүхдийг асрахад шаардагдах иргэний нэхэмжлэлийн асуудлыг шүүх хурлын үр дүнг хүлээхгүйгээр манай Засгийн газар Малайзын эрх баригчдаас шаардвал ямар вэ.

Ард түмэнтэй охин байсан гэдгийг алуурчдад сануулъя

Амьдрал гэдэг амьсгалын тоогоор биш аз жаргалтай хормын тоогоор хэмжигддэг гэдэг. Бэтгэрч үлдсэн эцэг эх, өнчирч хоцорсон хоёр үрийн аз жаргал гурван жилийн өмнө үгүй болсон. Алтантуяа хоёр хүүгийн ээж болж амьдралын баяр жаргалыг мэдэрч явсан. Хэдийгээр бага хүү нь эмчийн буруугаас хүнд өвчин туссан ч талийгаач гар хумхин суулгүй, аль сайн гэснийг авч өгч, үзүүлж байсны дүнд хүүгийнх нь бие жил ирэх бүр сайжирч байв.Дөрвөн мөч нь огт мэдээгүй байсан хүүгийнх нь гар хөдөлж эхлэхэд талийгаач баярласан сэтгэлээ дийлэхгүй нулимс унагаж байсныг үртэй хүн бүр ойлгоно.

“Миний хүү хажуу тийшээ эргэдээ… За, би чаднаа”…Ээж хүү  хоёрын яриа. Ямар ч  хүний элэг эмтэрмээр энэхүү бичлэг интернэтэд байршжээ. Хүү нь хоёр гараа хөдөлгөдөг болсны дараах баярт мөч. Шалан дээр биеэ чирэн хоёр гар дээрээ явах хүүгээ талийгаач тун удахгүй хөл дээр нь зогсдог болгоно гэж зүтгэж явахдаа харгис алуурчдын гарт амь үрэгдсэн юм.

Энэ аймшигт хэрэг хүний эрхийг зөрчихийн хажуугаар ёс заншлыг зөрчсөн бүдүүлэг үйлдэл болсон. ДНК-ийн шинжилгээгээр талийгаачийнх болох нь батлагдсан үлдэгдлүүд шүүхийн эцсийн шийд гартал Малайзын шүүх дээр байгаа учраас талийгаачийн эцэг эх, үр хүүхэд, ах дүү нь хамгийн хайртай хүнтэйгээ салах ёс  гүйцэтгэж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Итгэл найдваргүй амьдрах ямар хэцүү болохыг бид тэр бүр мэдэхгүй шүү дээ.

-Өөрөө аман дээрээ их том мэнгэтэй юмаа?
-”Тиймээ, миний энэ мэнгэ гуравдугаар ангид байхад гарч ирсэн. Төрөхөөс гарч ирсэн мэнгэ хүний сүнс байдаг. Харин гэнэт гарч ирсэн мэнгийг амны хишиг гэж үздэг юм билээ. Хүнд үзүүлэхээр амны хишигтэй гэдэг. Энэ үнэн байх шүү. Зүтгэж л явна”.

Талийгаачийн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлага. Тэр хэзээ ч унтрашгүй гал цогтой, дайчин, чадалтай эмэгтэй байсан юм. Өнчирч үлдсэн хоёр хүү нь Алтантуяагийн үргэлжлэл, Монголын ирээдүй. Том хүү нь одоо 12-той. Ээжийнх нь тухай сонин хэвлэл, телевизээр гарвал нүдэндээ нулимс гүйлгэн, юу ч хэлэхгүй үздэг гэх. Бяцхан цээжинд нь юу буцалж, ямар ихээр бэтгэрч, шаналж байгааг төсөөлөхөд ч бэрх. Учир мэдэхгүй болохоор бага хүүд нь худал хэлэхээс аргагүй байж.

“Ээж нь Солонгос явсан” гэснээс хойш “Миний ээж хэзээ ирэх вэ” хэмээн гурван жилийн турш эмээ, өвөөгийнхөө сэтгэлийг эмтлэн асууж байна. Бага хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хөл дээр нь босгож, хүний зэрэгт хүргэхийн төлөө тэмцэж явсан Монгол бүсгүйн сэтгэлийн тэнхээ, хүч чадал, хүйн холбоог ямар аймшигтайгаар тасалж чадав аа. Энэ бүхэнд малайз, монгол гэлтгүй сая сая эхийн зүрх зүсэгдсэн. Олсон хэдэн төгрөгөө өөртөө биш үрдээ зориулж, нойр хоолгүй хөдөлмөрлөж явсан эх хүнийг ямар хэрцгийгээр хөнөөж чадав аа.

Ижилдэн өссөн хоёр хүү нь ээжийнхээ хайранд өлгийдүүлэн, эрх дураараа өсч байсан юмсан. Амьдралын өмнө хэзээ ч сөхөрч байгаагүй монгол бүсгүй алуурчдын өмнө амь гуйн сөгджээ. Алаг хоёр үрээсээ хагацахад дэндүү эрт байсан болохоор амьд үлдээхийг уйлан хайлан гуйжээ. Гэвч хорин наймхан настай залуу эхийн халуун сүү, бүлээн цус харгис хэрцгий алуурчдын хүйтэн зэвсэгт урссан юм. Монголын Засгийн газар иргэнээ нэхэмжлэхэд өнөөдөр ч оройтоогүй байна. Хоёр алуурчин нь өөрсдийгөө буруугүй гэж давж заалдаж, сэжигтнүүд цагаатгагдаж байгаа энэ үед “Манай иргэн “хаачсан” бэ, манай иргэний асуудалд яагаад тоомжиргүй хандаж байна вэ” гэдгийг Малайзын эрх баригчдаас асууж, ард түмэнтэй охин байсан гэдгийг нь алуурчдад сануулъя.

Дэлхийн бусад орнууд, сайн санаат хүмүүс энэ хэргийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, монголын төрийн бус байгууллагууд хамтран тэмцэж, амь насаараа дэнчин тавин Малайзад очиж үйл ажиллагаа явуулж чадсан байхад Монголын төр иргэнээ яагаад мартана вэ? Нэг гэлтгүй Монгол хүнийхээ төлөө дуугарч байж бид Монголоороо үлдэнэ.

Сэтгүүлч Д.Ариунаа

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2199486/b47/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2402
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1318
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
» “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2923
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1668
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11156
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2356
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2043
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2594
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청