Тэр үед ямар ч логикгүй байсан хамаагүй дайрч давшилсан болгон үнэн сонсогдож байлаа. Америкийн империализм, намын эсрэг бүлэглэл зэргийн эсрэг явуулдаг байсан МАХН-ын хуучны хүчирхэг үзэл суртлын машиныг Энхбаяр ажиллууллаа. Ийм юмандаа үнэхээр ч гаргууд юм. УИХ-ын чуулганы танхимд хамгийн чанга хашгирдаг нь Содхүү, Улаан, Гомбожав гурав. Улаан бүр хүүхэд шиг орилж, ширээ нүдэж, утга учиргүй чимээ гарган авирлах нь өвчтэй ч юм уу гэмээр. Гадаа гудамжинд бол бүр ч гаажтай. Бошигт хэмээх Ардчилсан холбоог үүсгэгчдийн нэг түрээсэлж байсан дэлгүүрээ ардчилалынхан төрд гарсныг тохиолдуулж үнэгүй хувьчилж авна гэж найдаж байжээ. Харин тэрийг нь түүнд өгөлгүй дуудлагаар хувьчилж орхисон нь Энхбаярыг дэмжих “бослого” гарах далим болов. Ардчилалынхан ялсан сургаар баяжина гэж найдаад талаар болон гомдсон партизанууд болон хэдэн хөгшчүүл цуглуулан хоёр жил шахам үргэлжилсэн “өлсгөлөн” зохион байгуулсан юм. Эрх чөлөөний талбайд жил хэвтсэн тэд банкны шуугианы сургаар тушаал дэвшин Төрийн ордны дэргэд бөөгнөрч хашгичиж гарлаа. Тэд Гончигдорж, Элбэгдорж нарын зургаар барам хийн шатааж бөөлж дөвчигнөж байснаа улам ширүүсэн төрийн цагдаа хутгалж орхив. Төр Энхбаярын гарт байсан учир арга хэмжээ аваагүй дээ. Харин ч тэднийг далдаас санхүүжүүлэн дэвэргэж байв.
Азийн эдийн засгийн хямралын энэ хүнд үед Монголд гагцхүү шар хэвлэл дэгжин дэвжиж, хэвлэлтийн тоо нь 300 хувиар өсөж байсан юм. Дожоодорж, Жа. Пүрэв, Цэмбэл гэсэн зохиогчтой гүтгэлгийн номууд хэдэн арван мянгаар хэвлэгдэн хүмүүст үнэгүй тарж байлаа. Хүн болгон чадахаараа од шүүрч байв. Цаг нь мөн л дөө! “Монгол улс төргүй болчихлоо” гэсэн суртал нэвтрүүлэг хамгийн моодны үг болов. 300 жил үнэн хэрэгтээ өөрийн бие даасан төргүй явсан хүмүүсийн үг шүү дээ! Социализмын үед жаргалын орой дээр сууж байтал ардчилал гэж юм гарч ирээд зовлонгийн ёроолд унагасан гэсэн санааг олон нийтэд төлөвшүүлж гарав. Зовлонд унагагсад нэрээрээ тодорхой. Одоо эднийгээ шоронд хийж шонд дүүжлээд авбал улс орон гольдролдоо орон дахин цэнгэлийн манлайд очино. Хүмүүс юмыг хялбаршуулж ойлгох дуртай, хялбаршуулдаг машин бүхий л эргэлтээрээ эрчимтэй ажиллаж байлаа. Нэгэнтээ Гитлер хэлэхдээ “Хийж буй суртал нэвтрүүлэг чинь сонсож буй хүмүүсийн хамгийн тэнэгт нь ойлгогдож байх ёстой, ерөөсөө тэр тэнэг рүү л чиглэгдэх ёстой, гол бай чинь тэр!” гэжээ. “Тамгагүй төр” нийгмийн хамгийн сүүлчийн тэнэгт ч сайхан ойлгомжтой болов.
1990 оноос хойш анх удаа өөрийнхөө үгийг ямар ч жингүй, хүчгүй, цуурайгүй болж байгааг тэгэхэд би үзэж мэдэрсэн юм. Ямар юм болчихоод яах хэрэгтэй учраас юу хийсэн тухай би амаа цангатал ярьж байсан. Бараг л зурагтын нэвтрүүлэгч, сонины сэтгүүлч болохтой шахсан. Хэн ч үл сонсоно. Олон ярилцлага, олон тайлбар, олон өгүүлэл талаар өнгөрсөн. 1999 онд би өөрийн бичсэн эдийн засгийн өгүүллүүдээ эмхтгэн “Алтан гурвалжин” түүвэр хэвлүүлсэн нь нийтдээ 20 хувь борлогдсон. Хүмүүс тайвшрсан хойноо ойлгосон бизээ.
Гүтгэлгийн асуудлаар би тухайн үед нь шүүх болон цагдаад хандаж байсан. Шалгалтын комиссын дарга Дэмбэрэл “Энэ бол Гомбожавын хийсэн ажил, тэр үед би хөдөө Дарханд ажлаар явж байсан” гэж мэдүүлж байв. Үнэн сонины сурвалжлагч Жа Пүрэв хэмээх миний эцгийн садантай би Цагдаагийн газар таарсан юм. “Баабарыгаа сэтгүүлч бид чинь их шүтэж хайрладаг юм шүү дээ” гээд урдаас балайраад сууж байдаг байгаа. “Хэрэв би улсаас нэг төгрөг завшсан бол нэг жил, арван төгрөг хулуусан бол 10 жил шоронд сууя” гэсэн миний учирлал хэний ч чихэнд наалдсангүй.
\