Америк кинонд хэрэгтэн баривчлангуутаа цагдаа “одоо хэлсэн үг болгон чинь шүүхэд өөрийн чинь эсрэг ашиглагдана” гэж хэлдэг. Үүнтэй нэгэн адил хэлсэн тайлбарласан болгон маань хийрхэгчдэд үг болж байлаа. Голомт банк уг нь Хөдөө аж ахуйн банкыг авах гэж байхад нь би ятгаад Сэргээн босголтыг нийлүүлсэн гээд хэлчихсэн чинь Гомбожав, Шаравдорж нар ХАА банкыг дээрэмдэх гэж байхад нь хурц хараандаа өртүүлэн зогсоосон болоод явчив. 2000 оны сонгуулийн үеэр яг ингэж тайлбарлаж “баримтжуулсан” кино хүртэл хийсэн. Олон улсын валютын сангаас зээл авч тэдний зөвөлгөөнөөр хийж байгаа төсөл хэмээн тайлбарлаадахсан чинь гадаадын хорон санаатнуудтай нийлж Монголын улсын хайран банкыг сүйтгэсэн болоод ирлээ.
Үнэндээ банк санхүүд хийсэн энэ алхамыг ОУВС болон Дэлхийн банкнаас маш өндрөөр үнэлж байлаа. Тэд 7-р сард Улаанбаатарт Төрийн ордны их танхимд өргөн олонтой уулзалт зохион реформыг тайлбарлах гэж оролдсон юм. Дэлхийн банкнаас ирсэн төлөөлөгч нь Нигери улсын харъяат хар арьстан эмэгтэй, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нь солонгос хүн байсан нь явсаар арьсны үзэл шовонизмын бай боллоо. Хаа хамаагүй хар авгай, бас нэг хужаа авчирч тархи угаах гэсэн болж хувирав. Хуралд шийдвэр гаргагчдаас хэн ч байсангүй, харин тэдний явуулсан төлөөнийхөн үймүүлж өглөө. Урьд цагдаад ажиллаж байгаад сүүлийн үед сүрхий улс төрч болж яваа Батболд гэгч онцгойрон хурлын уур амьсгалыг тодорхойлж байв. Улаан мөнгөн ус, цагдаагийн хэрэгслэл хувцас хунар нийлүүлэлтээс завшсан асуудал нь сөхөгдөж байсантай л холбоотой болов уу даа (хавсралтыг үз). Дэлхийн банкнаас зохион байгуулж УИХ-ын гишүүдээс аль чанга орилж байгаагаас нь 8 төлөөлөгч шилэн банкны төстэй реформ хийсэн Эстонид аваачиж үзүүлэв. Хөөрхийдээ, тэд маань Балтийн тэнгисииг үзчихээд л ирсэн дээ.
Дараахан нь ОУВС, АХБ, Дэлхийн банк тус болгоноос Монголын Засгийн газарт хандан саяхи банкны мөөржинг (компаниудыг нийлүүлэх) маш зөв алхам болсон гэж дүгнээд үүнээ зогсоож болохгүй талаар зөвлөсөн бичиг явуулсан (хавсралтыг үз). Хариуд нь ОУВС-ын эсрэг хийрхэл дэгдэв. Энэ байгууллага нь баян орнууд ядуу орныг зальдан хоослохын тулд бодлого явуулдаг газар гэнэ. Монгол улс 1990 оноос хойш энэ байгууллагаар амь тэжээгдэж байсан. Эдний хүсэлтээр ДБ, АХБ зээл олгож, эдний хүсэлтээр Япон зэрэг орнууд буцалтгүй тусламж олгож байсан. Үндэсний нийт бүтээгдэхүүний бараг тал нь ОУВС-ийн оролцоотойгоор орж ирэх тусламжаар бүтэж байв. Өнгөрсөн 8 жилд Монгол улс гаднаас бараг нэг тэрбум долларын зээл, мөн хэмжээний буцалтгүй тусламж авчихаад байлаа (хавсралтыг үз). Хэрэв энэ Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд туслаагүй бол коммунизмын сүйрлийн дараах хүндрэлийг Монгол орон давж чадах байсан юм болов уу!? Гэтэл 2000 оны сонгуулийн үеэр “улс орныг тэрбум долларын өрөнд оруулж ОУВС-д хэрхэн чадагдсан” тухай хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж билээ. Чухам тэр тэрбум долларыг хоёр саяулаа хувааж идэж байж амь зогоож үлдсэнээ хэн ч санасангүй. Бямбасүрэн, Ганболд, Очирбат, Энхсайхан, Элбэгдорж нар л энэ ард түмнийг хоолоор таслаагүйдээ буруутай гэнэ.
Үнэндээ тэд өөрснөө эдгээр олон улсын байгуулагуудын учрыг олдоггүй байсныг хожим мэдээд би ихэд гайхсан. 2000 оны сүүлчээр Улаанбаатарт ирсэн ОУВС-ынхантай муудалцаж хөөж явуулчихаад эднээс холбоогоо таслая гэж шийдэн, хөөрхий Улаан, Очирхүү нар Вашингтон нисэн Дэлхийн банкнаас мөнгө зээлдэхээр очиж байв.Гарын сэг зурдаг захиралтай нь муудалцчихаад няраваас нь мөнгө нэхээд байгаатай төстэй юм уу даа. ОУВС зохицуулж ДБ, АХБ зээл олгодог, хэрэг ээрээ нэг бодлоготой газар гэдгийг өдий болтол ойлгоогүй явж. Хандивлагчдын уулзалтыг зохиохдоо ч мөн л энэ нь ОУВС-аас зохицуулагддагийг нь мэдэхгүй хуурч хулхидан салангид ярьж, хооронд нь өрсөлдүүлэх гэж оролдож байж билээ. Ер нь ч тэгээд Монголын эдийн засагчдын дийлэнх нь маш олон юм мэддэг, гагцхүү эдийн засгийн ухаанд л тааруу юм билээ л.
\
\