Манай улсад өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын нэг нь гэр бүл салалт. Хэдийгээр энэ нь хувь хүний асуудал ч хүүхэд хамгийн ихээр хохирдог. Гэр бүл салахад нөлөөлдөг олон хүчин зүйл бий.
Салалтын нэгэн шалтгаан харьд ажиллах
Гэр орныхоо амьдралыг өөд нь татах гэсэн монгол залуус харийн орныг бөөн, бөөнөөрөө л зорих болсон билээ. Бүр хэдэн зуун мянгаараа тодруулж хэлбэл, гадаадад манай улсын 120 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Гэтэл эдгээр иргэдийн тун цөөхөн хувь л гэр бүлийнхээ хүнтэй хамт тухайн улсад оршин сууж байгаа.
Гадаад ажиллаж байгаа нэг иргэн доод тал нь гурван жилийг хань ижил, үр хүүхдээсээ хол өнгөрөөж байна. Цаашлаад тав, арван жилээр ч тусдаа байх нь бий.
Мөнгөний үүр уурхай тэнд л байгаа юм шиг бодсон залуус харь орон руу ажлын хүнд хүчрийг ч үл хайхран зүтгэдэг. Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо БНСУ тэргүүлдэг аж.
Одоогийн байдлаар 35 орчим мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн баримт байна. Хэдийгээр манай улс иргэдээ гадаадад гарч ажиллахыг дэмжиж, БНСУ-ын талтай хэлэлцээр хийхдээ гэр бүлээр авч ажлуулахыг орхигдуулж байна. Уг нь залуус гэр бүлээрээ гадагшаа явахыг хүсдэг. Гэтэл тэр болгон бүтдэггүй. Ихэвчлэн эр нөхрүүд нь л хилийн дээс алхдаг болж. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд ихэнхидээ л хууль бусаар гэр бүлийнхээ хүнийг "татдаг". Энэ нь бас тийм найдвартай байж чаддаггүй билээ. Учир нь нөхөр юм уу эхнэрээ өөр дээрээ авчрахын тулд бусдад их хэмжээний мөнгө төлөхөөс эхлээд хил давж чадах болов уу. Эсвэл "хараар" амьдарч байгаад хууль хяналтынханд баригдах вий гэх мэтээр олон бэрхшээлтэй тулгардаг.
Ийнхүү гадаадад амьдарч байгаа зарим хүмүүс нэлээд цаг хугацаа, мөнгө төгрөгөө үрж байж сая нэг юм гэр бүлтэйгээ хамт байх "эрхээ" олж авч байна. Гэтэл ингэж чадаагүйгээс холдон хөндийрч, салж сарнин үр хүүхдээ өнчрүүлэн хагацлын нулимс эгшээж байгаа нь хэд байгаа билээ дээ.
Одоогоос жил хагасын өмнө нэгэн томоохон судалгааг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Улсын Мэргэжлийн Хяналтын газар, Монгол Улсаас Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллагсдын холбоо, "Филантропи хөгжлийн төлөө төв"-өөс хамтран хийжээ.
Энэ судалгаанд сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт цөөнгүй байгаа юм. Үүнд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн гэр бүлийн салалтын талаар ч хөндөж гаргажээ. Судалгаанд оролцогчдын хариултаас харахад гэр бүл, ойр дотныхоо хүмүүсээс удаан хугацаагаар хол амьдарч, санаж бэтгэрэн, ажлын хэт ачаалалд дарагдан сэтгэлзүйн дарамт, гутралд орох нь элбэг аж. Түүнчлэн, харьд ажиллагчдын бодит нөхцөл бодит байдлын талаарх мэдээлэл, ойлголт багатай ар гэрийнхний нь зүгээс ч хүндрэл учруулах нь цөөнгүй гэнэ.
Солонгост ажиллах, амьдрах хугацаандаа шинээр хамтран амьдрагчтай болдог нь гэр бүл салалтад хамгийн их нөлөөлдөг гэжээ. Тус судалгаанд оролцсон 330 хүний долоон хувь нь гэр бүлээсээ хөндийрсөн, 4.8 хувь нь шинэ хамтрагчтай болсон гэж хариулжээ. Мөн 2.7 хувь нь хардалт, сэрдэлтэд байнга өртдөг болсон гэсэн байна. Энэ бол тухайн улсад амьдарч байгаа иргэдийн тун багахан хэсгийнхний хариулт. Гуулин улсад хар бор ажил хийж байгаа нэгэн танил маань ч иймэрхүү явдал их гэж ярьж байсан нь судлагааны дүнг харж байхад санаанд бууж байлаа.
Түүнчлэн монгол эмэгтэйчүүд солонгос иргэнтэй гэр бүл болох нь сүүлийн жилүүдэд огцом өссөн нь судалгааны багийнханд анзаарагдсан байна.
Ганцхан жилд 1000 орчим хүн гадаадын иргэнтэй гэр бүл болдог
Сүүлийн үед охид бүсгүйчүүд харийн бэр болох нь жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2008 онд манай улсын 976 иргэн гадаадын иргэдтэй гэрлэж ураг барилджээ. Нийт гэрлэгсдийн 95 орчим хувь нь эмэгтэйчүүд.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 76 улсын иргэнтэй монголчууд албан ёсоор гэрлэсэн гэсэн бүртгэл байдаг юм билээ. БНСУ-ын иргэнтэй гэр бүл бологчдын хувьд 10 жилийн өмнө дөнгөж наймхан хүн бүртгүүлж байсан бол, энэ тоо жил ирэх тусам өссөөр 3485-д хүрчээ. Солонгос айлд хүргэн, бэр болж орсон нь гадаадын иргэнтэй гэр бүл болсон нийт хүмүүсийн 67.8 хувийг эзлэх болов.
Мөн Шри Ланк, Этопи, Тува зэрэг орны иргэдтэй ч гэр бүл болсон тохиолдол цөөнгүй байдаг аж. Харин гадаадын иргэдтэй гэр бүл болсон хүмүүсийн талаар нэгэн нааштай мэдээ дуулгахад гэр бүл салалт тун бага, албан ёсоор гэр бүл болж байгаа гэрлэгсдийн дунд элдэв хууль бус үзэгдэл гарах нь цөөн байдаг аж.
Монголчууд аль улсын иргэнтэй хамгийн их гэр болсон бэ гэвэл, өнгөрсөн арван жилд 3485 иргэн солонгос хүнтэй гэрлэжээ. Япон улсын иргэнтэй 296, хятадтай 232 хүн албан ёсоор гэр бүлээ батлуулж. Үүний дараа ХБНГУ 229, АНУ 158, ОХУ 120, Англи 87 хүн тус тус гэр бүл болсон байх юм. Түүнчлэн Швейцари, Австрали, Швед улсын иргэдтэй ч цөөнгүй монгол хүн ураг барилдсан байх юм.
Бусад улс орнуудад хүргэн, бэр болж очсон 370 хүн байгаа талаарх мэдээллийг Иргэний бүртгэл мэдээллийн албанаас гаргасан байв. Дашрамд дурдахад, Америк, Япон, Австрали зэрэг орны иргэд гэр бүлийн хүнээ өөрийн улс орон руу авч явах сонирхолтой байдаг бол Хятад иргэд Монголд суурьших хүсэлтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ.