Ямар ч хамаагүй аргаар БНСУ-д очоод ажил хийчих юмсан гэсэн бодол монгол хүн бүрт байдаг, тэр дундаа залуучуудад. Мөнгөний үүр уурхай тэнд л байгаа юм шиг бодсон залууст тэр газар ажлын нөхцөл ямар хүнд байдаг, эрүүл мэндээрээ хэрхэн хохирч, эрх нь хэрхэн зөрчигдөж болохыг харин ч нэг тоолгүйгээр зүтгэж байна.
Төв цэнгэлдэхийн гадна унд хоолоо умартан, юун түрүүнд бүртгүүлээд авъя гэсэн иргэд хэдэн мянгаараа хонож байсан. Арга ч үгүй биз дээ. Эх оронд ажил олдохгүй, хийж буй ажлынх нь хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байхаар чинь, тэгж зүтгэхээс ч яах билээ.
Гуулин улсад ажиллаж байгаа манай улсын иргэдийн дийлэнх нь амьдрал ахуй, эдийн засгийн нөхцлөө дээшлүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Мөн харь орны соёлтой танилцаж, суралцахын зэрэгцээ “мөнгө хийх” зорилгоор зорьдог. Харин өөр хэсэг нь ойр дотныхоо хүмүүсийг зоригсод байдаг байна. Ийн зоригсдын дийлэнх нь эмэгтэйчүүд. Манай улаас авч буй ажиллах хүчний тоогоороо БНСУ тэргүүлдэг.
Өнөөгийн байдлаар 30 орчим мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн баримт байдаг. Тэдний зөвхөн 60 хувь нь гэр>ээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.
БНСУ-д анхны монгол ажилтан 1993 онд очсон гэх бөгөөд 1998 оноос манай үлдвэрлэлийн дадлагажигчдыг албан ёсоор хүлээн авч, анхны 500 ажилчин очсон гэдэг. Одоо хэдийнэ энэ тоо 30 орчим мянгад хүрчээ. Тэд бүгд тэнд сэтгэл хангалуун амьдарч, ажиллаж байна уу, гэвэл үгүй.
Одоогоос жил хагасын өмнө нэгэн томоохон хэмжээний судалгааг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Улсын Мэргэжлийн Хяналтын газар, Монгол Улсаас Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллагсдын холбоо, “Филантропи хөгжлийн төлөв төв”-өөс хамтран хийсэн байна. Энэ судалгаанд сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт цөөнгүй байгаа юм.
Эрүүл саруул хүмүүсээ буцааж авмаар байна
Манай талаас яагаад ийм шаардлагыг БНСУ-ын талд тавьж болохгүй гэж. Тус улс руу хөдөлмөр эрхлэхээр явахын тулд залуучууд маань ямархуу олон шат дамжлага, шалгуурыг даван туулдаг билээ дээ. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Зөвхөн эрүүл мэндийн үзлэгт л гэхэд эх орондоо хоёр ч. удаа хамрагддаг. Эндээс тэд ялихгүй шалтгаанаар тэнцэхгүй гэсэн үгийг сонсдог. Хэрэв сонгогдоод тус улсыг зоривол, ахиад л эрүүл мэндээ шалгуулдаг. Ийнхүү харийнхан манай улсаас хамгийн эрүүл саруул, хамгийн бие бялдар сайтайг нь сорчилж авдаг. Харин эх орондоо эргэж ирэхдээ тэд элдэв өвчингүй ирж чаддаг бил үү.
Монгол ажилчдын дунд хийсэн судалгаагаар нийт судалгаанд оролцогсдын 13.3 хувь нь ажиллах явцдаа их бага хэмжээний үйлдвэрлэлийн осолд орсон. 33.3 хувь нь эрхэлж буй ажилтайгаа холбоотойгоор эрүүл мэндэд нь сөрөг өөрчлөлт гарсан гэжээ. Суурь өвчтэй хүмүүс чийгтэй, нам дор газар, их ачаалалттай ажиллаж, амралт хоол хүнсээ тохируулж чадаагүйгээс болж өвчин нь хүндэрч байгаа төдийгүй ходоод, нойр булчирхай, элэг, бөөр нь өвчилж, цагаан мах эргэх зэрэг эмгэг тусдаг байна.
Үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцлөөс шалтгаалан харшилтай болох байдал элбэг үүнээс гадна удаан зогсох, хүнд юм өргөдөг ажил эрхэлдэг хүмүүст хөлний судас бүдүүрэх нуруу нугасны өвчтэй болох магадлал өндөр байдаг ажээ. Үйлдвэрлэлийн осолд орсноос нас барах, гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдолууд их байдаг тухай ч дурдсан байна. Тэгсэн атлаа ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн осол орсон хүмүүсийн дөнгөж 15.9 хувь нь нөхөн олговор авч, 25 хувь л эмчилгээний зардлаа байгууллагаасаа гаргуулжээ.
Түүгээр зогсохгүй монгол иргэдийн нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. БНСУ-д монгол ажилчид ажиллах болсон цагаас хойш өнөөг хүртэл хугацаанд 378 хүн тус улсад нас барж, /2007 оны тавдугаар сарын байдлаар / зөвхөн 2006 онд л гэхэд 32 иргэн амиа алдсан байна. Түүнчлэн судалгаанд оролцогсдын 41.2 хувь нь эмнэлэгт үзүүлэх боломж гардаггүй гэжээ. Тэдний 12.7 хувь нь энэ байдлаа зав чөлөө олддоггүйтэй холбон тайлбарласан байж.
Алхам тутамдаа эрх нь зөрчигдсөөр л
“Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөвтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах эрхтэй” гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заажээ. Үүнээс харахад БНСУ-д ажил хийхээр очиж байгаа иргэдийн эрх эх орондоо байхаасаа л зөрчигдөж эхэлдэг бололтой. Учир нь иргэд ажлаа сонгох биш харин ч ажилд сонгогдож очдог. Ажлын орчин нөхцлийн хувьд мэдээж хааны харш шиг газар хүлээж байхгүй нь ойлгомжтой.
“Хүн тогтохьш аргагүй байранд маш хүнд хортой нөхцөлд ажил хийдэг, олноор нь вагончиг буюу чингэлэгт амьдруулдаг газрууд бий. Жижиг үйлдвэрүүдэд ямар нэгэн байдлаар хүний эрх байнга зөрчигдөж байдаг. Харамсалтай нь ихэнх монголчууд тийм үйлдвэрүүдэд ажилладаг ” хэмээн тухай нэгэн үйлдвэрийн орчуулагч ярьж байсан.
Солонгост ажиллаж буй монгол иргэдийн эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс зөрчигдсөн эрхээ хамгаалж чадахгүйд хүрдэг. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор таван хүн тутмын гурав нь үйлдвэрийн эзэд болон хамт ажиллагсдын зүгээс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхагдах /56,4 хувь/ байдалтай ямар нэг хэмжээгээр тулгардаг гэжээ. Түүнчлэн арван хүн тутмын нэг нь халдлагад өртсөн.
Хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу сэргээлгэж тэр болгон чаддаггүй. Судалгаанд оролцогчдын 25.8 хувь нь өөрийн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн тохиолдолд өргөдөл, гомдол гаргах боломж бий гэж үзсэн байхад 32.4 хувь тийм боломж байхгүй, 38.5 хувь нь боломж байсан ч хаана хандахаа мэдэхгүй гэж хариулсан байх юм. Түүнчлэн тэдний 16.7 хувь нь ажил олгогчийнхоо талаар гомдол, санал гаргахад хариу дарамт, шахалтад өртдөг гэсэн бол 41.5 хувь нь тэгнэ байх хэмээн эмээж байна хэмээжээ. Хөдөлмөрийн хуулиар гадаадын ажилчдыг хадгаламж нээлгэх, паспорт бичиг, баримтаа хураалгахыг албадах явдлыг хориглосон ч судалгаанд оролцогсдын 10,6 хувь нь үйлдвэрийн эздийн шаардлагаар цалин хөлсөө албадан хадгалуулдаг төдийгүй 21,2 хувь нь бичиг баримтаа үйлдвэрийн эзэн, менежер, санхүүгийн албандаа хураалгасан гэжээ. Эмэгтэй ажилчдын эрх ашиг илүүтэй зөрчигдөж байна.
БНСУ-д ажиллаж буй хүмүүсийн 10000 орчим нь эмэгтэйчүүд бөгөөд зочид буудал, дүүпүү, загасны үйлдвэрт ажил илүү ажиллаж, ажлын нөхцлөөс шалтгаалсан бөөр, өндгөвчний өвчлөл ихтэй байдаг. Судалгаанд хамрагдсан хоёр эмэгтэй бүрийн нэгэнд нь эмэгтэй хүнийхээ хувьд гадуурхагдах хийгээд ямар нэгэн бэрхшэалтэй тулгардаг ажээ.
За тэгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинждаг. Зарим үед хөлсөө бүрэн авч чаддаггүй, илүү цагаар ажиллах байдал түгээмэл гээд олон хүндрэл бэрхшээл байсаар л байна. Гэтэл монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд хаана хэзээ дууграх юм болоо. Хэдийгээр гэрээгээр ажиллаж байгаа гадаадын ажилчин Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарт хандан ажлын байраа гурван удаа солих эрхтэй байдаг гэсэн.
Хэдийгээр тус улсын хөдөлмөрийн хуульд эрх зүйн Ийм зохицуулалт байдаг ч бодит байдал дээрээ хэрэгжилт хангалтгүй байдаг ажээ. Монгол ажилчид тус улсад очихынхоо өмнө ажлын байрныхаа нөхцлийн талаар хангалттай мэдээлэл авч чаддаггүй байна.
Энд нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч болмооргүй санагдана. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөөд байгаа энэ цаг үед үйлдвэрүүд үүд хаалгаа барьж, олон тооны ажилчид ажилгүй болж байгаа. БНСУ-ын хувьд мөн адил. Ийм байдалд орсон үйлдвэрийн эзэд мөрөөрөө ажиллаж байгаа иргэдээс өө хайж хална, солино хэмээн айлгадаг байна, Үйлдвэрүүд нь дампуурч, гэрээгээр ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг яаж өгөх билээ хэмээн суугаа үйлдвэрийн эзэд олон. Тийм улс руу явуулна гээд саяхан олон тооны залуусыг “хошигруулж” бүртгэл нэрийн дор баахан мөнгө “саах” шиг боллоо
Монголчууд тэнд боол харин тэд энд…
Энэ судалгаанд БНСУ-д ажиллаж, амьдарч буй 20-60 насны 330 хүн хамрагдсан дундаж нас 30 байгаа юм. Энэ нь хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх ажилчдад насны хязгаар зааж өгдөгтэй холбоотой юм. Тиймээс ч эх орондоо ихийг хийж бүтээх насандаа яваа олон тооны залуучууд хүнд хүчир ажлыг хийхээр харийг зорьж байгаа. Түүнчлэн 30 хүртэлх насны залуусын 51 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм. Мөн 31-ээс дээш насныхан 41.4 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байсан байна. Судалгаанд оролцсон 330 хүний 75.8 хувь буюу 250 нь эрэгтэйчүүд байж. Дөрөвний нэг хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн 60 хувь нь дээд боловсролтой. Эдгээрээс эмч,эмнэлгийн ажилтан, инженер тус бүр 20 хувийг эзэлж байсан бол багш, орчуулагч, сэтгүүлч 29.2 хувь байжээ.
Харин эрэгтэйчүүдийн хувьд инженер, эдийн засагч, техник, технологийн мэргэжлийн хүмүүс түлхүү байжээ. Үүнээс харахад манай улсын дээд боловсрол эзэмшсэн иргэд улсад хар бор ажил хийж, хуруу хумсаа хугалан байж хэдэн төгрөгтэй золгодог. Гэтэл гуулин жирийн нэгэн ажилчин манай улсад гуанз, ресторан, сауны газар байгуулж эзэн захирал хэмээн хүндлүүлж явдаг нь. Ёстой л шударга бус зүйл гэхээс өөр хэлэх ч үг алга.
Д.Туяа