Дөрөө гөлөм хоёроос зуурхан ч салаагүй нүүдэлчин
Дөрвөн далайн тэртээд морин дэл дээр хүрсэн
Дөл, хал хоёртоо чулуу шиг хатуужсан дээдсийнхээ
Дөрвөн тотгот тулгыг нар зөв тойрч мөлхсөн

Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Ур ухааны цогцлол хар нүдэн бүсгүйн
Учиг зүү нийлүүлэн сэтгэл шингээн оёсон
Хурган доторт дээлээ хөөргөсхийн байж
Хул торгон бүсийг нар зөв ороосон
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Мөнх хөх тэнгэрт буян хишиг эгээрч
Мөр замын алдасаа сэтгэлийн буянаар огоорч
Бадамлах зулын гэрэлд бурханы сургаалаар гэгээрч
Баринтагт судраа тэвэрч гэрээ нар зөв гороолсон
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Хүний нутгийн шороог туурайн ирээр эмтэлсэн
Хүйлэн хөх сансарт газрын сум болж дуурссан
Ажнай хурдан хүлгийнхээ тоосон дунд өсөхдөө
Аранжин эрдэнийн уяагаа нар зөв тойрч гийнгоолсон
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол


Ерөөлийн хадаг шиг цэнхэр тэнгэрээ тулж мөрлөсөн
Ертөнц дэлхийн зоог ээтэн гутлаар жийсэн
Ер бусын хүчтэн, бяр мэхт эрчүүд нь
Есөн хөлт цагаан тугаа нар зөв тойрч дэвсэн
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Баяр гуниг сүлжэлдсэн алаг цоог орчлонд
Бараан цагаан хосолсон амьдрал тэмцлийн нугачаанд
Бадарч, баларч явсан ч төрийн сүлдээ дээдэлж
Баруунаас зүүн тийш нар зөв тойрч эргэсэн
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Аавын гэрийн буйр баруун талд буудалтай
Айлчин, гийчэн ирэхдээ баруун талд суудалтай
Амтлаж хүртэх идээгээ ч буруу талаас нь бариагүй
Арга билгийн хослолоор нар зөв жаргасан
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Ус нутгаа бүхлээр нь хайрлах их эрдэм
Удам хойчдоо бүтнээр нь үлдээх их ухаан
Ургах нарнаас урьтаж бэлийн чулуугаар нь өндөрлөсөн
Уул овоогоо шүтэж нар зөв тойрч тахисан
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол
Буурал түүхт хорвоогийн будан манан дунд
Буцаж ирэх учралын зуун элээхгүй орчилд
Буян заяа хоёроо үр удамдаа үлдээж
Бурхан болох үедээ ч гэрээсээ нар зөв тойрч хөдөөлсөн
Гариг эрхэсийн хоорондох
Цэнхэр диваажин дэлхийтэйгээ
Гал, амь нэгтэй нар зөв Монгол






profile