өнгө гэрэл тунарч тэнгэрийн хаяа цэлмэнэ
өрхөн завсарийн зайнаас цагаан гэгээ урсаж үүр цайна
өөдрөг амьдралд дуудсан хорвоогийн шинэ өглөөг
өрхөө татах ээж минь хамгийн түрүүнд угтдаг
аагтай цайнийхаа дээжийг наран зүг өргөхөд
асгаран гийх нарны анхны туяа тусдаг
шанага дүүрэн бутарсан тэр алтан цацрагийг
самарч уудалсан цай нарны амттай болдог
      нар эжий хоёрийн хамт чанасан цай
       насандаа хэзээ ч мартамгүй бал бурман амттай
аян холын хүн хараа цуцаан дурандахад
алтайн өндөр уулс зэргэлээн цаанаа нуугдаж
араг үүрсэн ээж л зам харуулдан гэлдэрч
аргамжаатай шар наран араас нь даган ханьсана
дэрсний үзүүр улайдсан зуны сарын наранд
дээлийн өнгө гандаж үд болдог юм
дэлгэц дүүрэн тунасан гал шаргал илчинд
дэлгэж хатаасан ааруул нарны амттай болдог
        нар эжий хоёрийн хамт хийсэн ааруул
         насандаа хэзээ ч мартамгүй бал бурман амттай
толгодын оройд саатаад наран цаашилж орохдоо
тогоотой бялхах сүүнд сүүлчийн цацрагаа үлдээдэг
сүүдэр нөмрөн жаргах зуны богинохон шөнөөр
сүүгээ хөөрүүлж ээж минь хамгийн сүүлд унтдаг
шижир алтан нар шингэж үлдсэн болохоор
шинэхэн шаргал өрөм нарны амттай болдог
         нар эжий хоёрийн хамт загсаасан өрөм
          насандаа хэзээ ч мартамгүй бал бурман амттай

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар