Б.Ганзориг :
Наран саатаж амарсан хонгорын шаргал талаа
Наадаж өссөн голын тохой номгоны бууцаа
Наддаа л нандин ижийгээ санаад
Хүний нутгаас захидал бичлээ

Намрын сэрүүн унахаас урьтаад
Намбалаг ижийдээ яваа л очно доо
Дэврүүн сэтгэл эрдмийн аснаас буцхад
Дээлтэй бурхан ижийдээ золгон доо

Цайраад суврах уулсын дундах их богдоо
Цэцэгс сүлжсэн анирхан орог нуураа
Дандаа л бодогдох ижийгээ санаад
Харийн нутгаас захидал бичлээ

Зэрэглээнд цэнхэртэх нутгийн минь захаа
Зэгсэн тойромдоо чимэглэн буух шувуудаа
Бодол гэгээн ижийгээ санаад
Холын нутгаас захидал бичлээ.

--------------------------------------------------------
Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .

Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ .     Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ .
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хавын овилгогүй салхин дунд
Ижий минь дандаа гадаа
Хүйтэн шөнийн оддын дор
Зүүд нь бас гадаа .