Нярай хүүхдийн онцлог
Төрөхийн хавдар ба цус харвалт: Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.
Улаан толбо: Төрсний дараахан сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбо нь нэлээд том хэмжээтэй байж болно. Эдгээр нь аяндаа арилж үгүй болно. Харин хацар, дагзны толбо нэлээд удаан хугацаанд байх боловч үсэн дотор байрлах учраас мөдхөн үзэгдэхгүй болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны бага зэргийн нөлөөнд амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорх зүйлсийг анхаарах нь чухал юм.
Нярайн хөхний өөрчлөлт: Охин, хүү алин ч бай тэдний хөх ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Охин хүүхдийн бэлэг эрхтнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний ул мөр юм. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.
Нярайн шарлалт: Амаржсаны дараах өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.

Унтах: Унтах төрх байдал хүүхэд бүрт харилцан адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг. Хүүхэд томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэснэ. Зарим хүүхэд илүү уйламтгай, зарим нь илүү унтамхай байдаг. Та аяндаа хүүхдээ хэдийд унтдаг зэргийг мэддэг болохоос гадна тэр үед нь хүүхдээ тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэд бүлээн усанд оруулсны дараа сайн унтана.

Хүүхэд унтахыг л хүсэж байвал гэр бүлийхний ердийн чимээ шуугиан түүнд саад болохгүй. Тэр унтаж л байх болно. Хүүхдийг сэрээхгүйн тулд хэтэрхийчимээгүй нам гүм байх нь буруу. Тодорхой хэмжээний чимээ шуугиантай орчинд хүүхдээ унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш нь түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг хажуугаар нь хэвтүүлбэл зохино. Ингэхэд хүүхэд өвчтэй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхэд бүтэхээс урьдчилан сэргийлж өдөн дэр хэрэглэхгүй байхыг зөвлөе.