Ягаан цээнийн (Бавру)
Халуун ханиад, ханиалгах, уушгины янз бүрийн өвчин, цэр ховхлох, бөөрний өвчин болон шээс задгайрсан, ходоодны шархлаа, бүдүүн гэдэсний үрэвслийн өвдөлтийг зогсооно.
Мэдрэлийн өвчнийг тайвшруулах, хөгшрөлтийг удаашруулах зорилгоор хэрэглэнэ. Хорт хавдрын эм хийхэд, толгой өвдөхөд, ходоодны хүчлийг нэмэгдүүлж, хоолны шингэцийг сайжруулахад тус тус хэрэглэнэ. Намар есдүгээр сарын эхээр түүж, хатаагаад дээрх өвчнүүдийг анагаахад тустай.

Монгол хунчир
Зүрхний үйл ажиллагааг сайжруулах, даралт бууруулах тайвшруулах үйлдэлтэй. Титэм судсыг өргөсгөж, бөөрний цусан хангамжийг ихэсгэн шээлгэх нөлөөтэй. Халууныг арилгах, цусыг тогтоох, шархыг анагаах, бас арьсны өвчинд хэрэглэнэ.
        
Намгийн сургар
Шээлгэнэ, халдваргүйжүүлнэ. Сургарын навч цэцэг, мөчрийг арьсны өвчин, үе мөчөөр хатгуулах, хавдах, уушгины сүрьеэ, гуурсан хоолой, бөөр, давсаг нуруу, умайн өвчнийг анагаана.

Хар лантааз
Хоолойн шарх, шар ус, ходоодны цанх, чих, шүдний өвчинд, хамуу, экзем, арьсны загатналт зэрэгт гадуур түрхэж хэрэглэнэ. Салгалах, ходоод өвдөх, амьсгаадах, давсгаар базалж өвдөх, шээс хаагдах, цусаар суулгах зэрэгт сайн. Ухаан санаа манарах, толгой эргэх, ухаан алдаж унах, сэтгэлийн өвчнийг анагаахад тустай. Долдугаар сард навчийг нь түүн, хатааж хэрэглэхэд тохиромжтой.

Таван салаа
Шовгор үзүүртэй таван салаа нь ходоодонд, мөлгөр навчтай нь гадуур хаван хавдарт сайн. Их таван салааны шинэ навчны шүүс нь нүдний эвэрлэг бүрхүүлийн шархыг эдгээнэ. Ханд нь артерийн даралтыг бууруулдаг. Цус тогтоох, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ. Идээ бээрийг цэвэрлэнэ. Арьсны янз бүрийн өвчин, яр шарх, хатиг, давсаг зэрэгт угаах, шавших, зайлах зэргээр хэрэглэнэ. Ходоодны болон бөөрний архаг, амьсгалын замын өвчинд тун сайн.

Сөд өвс
Ардын эмнэлгийн хийсэн судалгаагаар элэгний архаг  үрэвсэл, цусан суулга, идээ бээр, шар ус, уушгины өнгөр цусыг хатаах, бөөр савны өвчин, яр шарх, биеийн юм элбэгших, ходоод, гэдэс, умайгаас цус гарах, цөсний гэрийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг өвчинд нэн тустай болох нь батлагдсан. Наймаас есдүгээр сарын эхээр үндэслэг иш, цэцгийг нь түүж, сүүдэр газар хатаан хэрэглэнэ.

Нохойн хошуу
Монгол эмнэлэгт жимсийг нь түүж, хатаагаад, тамир сайжруулах, ханиалгах, хавагнах, хамраас цус гарах, даралт ихэссэн үед хэрэглэхэд тун тохиромжтой байдаг.

Аньс
Аньсыг “Алирс” гэж нэрлэх тохиолдол байдаг. Цөс хөөх, шээлгэх, нянг устгах, үрэвслийг намдаах, хөлөргөх, ходоод гэдэсний ужиг шингэн алдах, цөсний цорго, бөөр давсагны үрэвсэл, ханиалгах, цэр ховхлох, уушигны сүрьеэ, цусны даралт, зүрхний өвчин, хавагнах, шижин, амьсгалын замын бүх өвчинд сайн. Алирсны жимс, навч үндэс бүгдийг хэрэглэхэд биед тустай.