Бичсэн: Eric Bat-Erdenet   
Пүрэв, 2008 07-сарын 03
Өчигдөржингөө сэтгэл, санаа үймрээд нэг тиймхэн байлаа. Эх орондоо ийм юм болно гэж хэзээ ч бодож байсангүй, бас олон хүн бас тэгж бодож байсан биз. Маш богино хугацаанд ийм зэрлэг, балмад үйл явдал болоод өнгөрлөө гэдгийг хол байгаа бид шооконд ортлоо хүлээж авч байгаа юм чинь, тэнд байгаа хүмүүс сэтгэл зүйн их дарамтанд орсон нь ойлгомжтой. Гэр лүүгээ ярьсан чинь манайхан бүгд сайн, хэн нь ч тийшээ зүглээгүйг сонсоод сэтгэл багахан ч гэсэн уужрав. Одоо манайхан ингээд энэ асуудалаас дүгнэлт хийгээд (хоорондоо хэрэлдээд (намууд) байхын оронд) хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулаасай. Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд, хамгаалалт, зохион байгуулалт, зөвшилцөл хийх тал дээрээ илүү ажиллаасай. Миний бодлоор бол энэ нийгэмд ямар их бухимдал хуралдсан байгааг харуулж байх шиг байна. Гадна талаас нь дүгнээд, согтуу, гэр хороололын төвшний хүмүүс байнa лээ, тэд Батзандан Магнай нарын турхиралтаар ийм балмад явдал гаргасан гэж хэлэх нь арай л өөрөөсгөл байна. Ийм олон хүн сонгуулийг дүнг эсэргүүцээд гудамжны тэмцэлээ жагсаал, цуглаанаар эхэлсэн нь, бас тэднийг эсэргүүцсэн хүмүүс байхгүй байсан нь нэг юм хэлээд байгааа юм бишүү. Мэдээж эрх баригчид цагдаа, хүчний байгууллагуудыг тушаалаар хөдөлгөхөө мэдэж байгаа. Тэд нэг бол тэдгээр хүмүүсийг дутуу үнэлсэн, эсвэл маш муу зохион байгуулалттай гэдгээ харуулчих шиг боллоо.

Аль эсвэл, за эднийг даамжруулж байгаад сайн дарж авья, ингэсэнээрээ бусдад том сургамж болно гээд тэдгээр эрх баригчид ордноосоо хараад сууж байсан ч магад. Энэ нь тэгээд манай улсад, манай нийгэмд, манай залуус, ард иргэд (хэсэг бүлэг хүмүүс)-ийн дунд ахуйн болон сэтгэхүйн ядуурал, ухамсаргүй байдал хэрхэн доод цэгтээ хүрсэнийг харуулчих шиг боллоо. Тэдгээр хүмүүс урлаг, соёлын бүтээлүүд, байгууллагуудийг эвдлэн сүйтгэж, тонон дээрэмдсэн бусармаг үйл ажиллагаа үйлдсэн нь хэзээ ч уучлашгүй. Гэхдээ нөгөөд талаасаа ийм байдалд хүртлээ ядууралд орсон нийгмийн энэ бүлгийг үл тоомсорлосон, тэдэнд амьдрах ямар ч боломж, бололцоо олгохгүй болтол нь доош нь хийсэн нь хэний буруу вэ? Мэдээж хэрэг манай урагшгүй эрх баригчид, төр засгийн толгойд идэж, уухийн төлөө, тэр идэж байхад би ч бас идэх эрхтэй, идмээр байна гэсэн өчүүхэн, хар амиа бодсон, янхан сэтгэхүйтэй, албан тушаалын боол болсон, хэсэг бүлэг хүмүүс, тэдний бууны нохой болсон тойрон хүрээлэгчид.

Тэд яаж дээшээгээ долигнож, зусардаж хэдэн халтар дойлуур долоохоо маш сайн мэднэ, бас тэгээд яаж местээрээ ард, иргэдийг чирэгдүүлэн, ажил албыг нь алдуулан байж хэдэн зоос саахаа сайн мэднэ. Яг л ногоо гоожуурын хэлсэнчлэн жингэр болтолоо ухамсараа уландаа гишгэсэн хүнэнцэрүүд. Ер нь тэгээд эдгээр хүмүүст хамаг бурууг тохоод, муу муухайгаар нь дуудаад байх нь эргээд нийгэмд үзэн ядалт даамжирахын нэмэр юм биш үү. Яг үнэндээ бол манайд амьдрал маш хэцүү байгаа шдээ. Тэдэнд алдах зүйл юу ч алга. Алдах зүйл байгүй болтол, байлгах боломжгүй болтол амьдралыг нь дордуулсан нь үнэн. Энэ бол бүгд тэдний буруу биш. Тэд чинь бас хүн, бусдын адил сайхан амьдрах гээд яаж ч хичээгээд барахгүй байна, яаж ч зүтгээд анхнаасаа нийгмийн доод ангид ортлоо доошоогооо чихүүлчихсэн хүмүүс чинь дахиад сэхээд гарч ирнэ гэж маш хэцүү, бараг л боломгүй зүйл болтол нь нийгмийг гажуудуулчихсан юм чинь. Тэд бухимдах нь аргагүйээ.

Одоо манайд хэсэг бүлэг хүмүүс, тэдний тойрон хүрээлэгчид, гэр бүлийхэн хэт баяжаад, хөдөөнөөс орж ирсэн маш олон хүмүүс болон гэр хороололыхон хэт доошоогоо орчихсон хэтэрхий тэнцвэргүй байдал үүссэн, үүнийг төр, засаг маань үл ойшоосон бодлого явуулаад олон жил боллоо. Хүмүүс гомдох, гутрах, цөхрөнгөө барах нь бас аргагүй. Тэд чинь бас л хүн юм болхоороо сайхан амьдрая гээд яаж ч хичээгээд эрх, баригчидын бодлогод боомилуулаад үнэхээрийн сачий нь хүрэхгүй байна. Надад бас ийм байдалтай ах дүү, найз нөхөд бий, тэд яг л ийм юм ярьж байна. Нийгмийн дундаж давхрага гэсэн хүмүүс бараг үгүй болоод байгаа. Байсан нь ёс суртахуунаа ичин байж худалдаж амьдрахаас өөр аргагүй болтолоо хавчигдаж байна, бизнесээ булаалгаж байна, ажил төрөл нь танилгүйгээсээ болоод бүтдэггүй ингээд тоочоод байвал дуусахгүй. Энд хэн буруутай вэ?

Нам гэсэн нэрийн доор мафи болтолоо ялзарсан хэсэг бүлэг хүмүүс. Ийм ч учираас би Монголд амьдарч чадахгүй гэдгээ эрт мэдэрсэн. Ийм ч учраас би эх орондоо (маш харамсалтай нь) орон зай олоё гэвэл ёс суртахуунаа уландаа гишгэх шаардалгатай юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм ч учраас би монголыг орхисон. Миний сэтгэл өвдөж байна, шаналж байна, бие, сэтгэлээрээ хохирсон, хэлмэгдсэн хүмүүсийг өрөвдөж байна, соёл, урлагийн үнэт зүйлс сүйдсэнд харамсаж байна, ийм байдалд хүргэсэн эрх баригчдад уур хүрч байна, эх орон маань ямар байдалд орчихвоо гэдгийг ойлгож, ухаарах гээд оролдож байна, эрх зүйн, болон төр засгын тогтолцооны гажуудал, ард иргэдийн ухамсарын ядуурал хэрхэн доод цэгтээ хүрсэнийг харлаа, ядуурал гэдэг юу ч гаргаж чадах үл харагдагч өдөөгч, турхирагч, ухамсаргүй байдалын үр үндэс юм байна гэдгийг харлаа.


Миний   бодол   саналтай   адил   болохоор  нь   эзнийх    нь   зөвшөөрөлгүй   копидчихлооemoticon