Нийслэлд 11 цэгт онц байдал цуцалтал хуягт байрлуулна 2008-07-03 Улаанбаатар хотод онц байдал зарласантай холбогдуулан Замын цагдаагийн газраас нийслэлийн төв хэсэгт замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Нийслэлийн Засаг даргын захирамжид заасны дагуу Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дараахь байдлаар хязгаарлалаа. Бага тойруу болон түүнтэй адилтгах замд цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчний хуягт тээвэрлэгчийг 11 цэгт, хөдөлгөөнт эргүүлийн авто машиныг 13 цэгт тус тус байрлуулж хаалт хийсэн бөгөөд хаалтад зэвсэгт хүчний албан хаагч болон замын цагдаагийн албаны офицер, цагдаа ажиллаж байна. Хуягт тээвэрлэгч болон шуурхай албаны автомашин байршуулсан энэхүү бүсчилсэн хамгаалалт Багшийн дээдийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзвар, Төв шуудангийн уулзвар, 50 дугаар дэлгүүрийн уулзвар, “Өгөөж, чихэр боов” компанийн уулзвар, Баруун дөрвөн замын уулзвар, “Гэсэр” сүмийн уулзвар, Баянбүрдийн тойрог, “Хүрд” компанийн уулзвар, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн замын уулзварт 24 цагаар хяналт шалгалт хийж, замын хөдөлгөөнийг зохицуулах юм. Бүсчилсэн хамгаалалтад ламрагдсан бүсэд 101, 102. 103. 105 болон нийтийн тээвэр, төр захиргааны байгууллагын тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Бусад төрлийн ямар ч тээврийн хэрэгслийг бүсчилсэн хамгаалалтаас Дотогш нэвтрүүлэхгүй аж. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зарлиг болон нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийгэмд дэг журам тогтоох, гэмт халдлагаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дээр дурьдсан бүсчилсэн хамгаалалтаас гаднах гудамж, замд замын хөдөлгөөнийг зохицуулах зорйлгоор126 цэгт замын цагдаагийн албаны 416 офицер, цагдааг ажиллуулж байна. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дээр дурьдсан байдлаар хязгаарлаж, замын хөдөлгөөнд хяналт тавьж байгаа бөгөөд цагдаа болон дотоодын цэрэг, зэвсэгт хүчний эргүүл тогтмол ажиллуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албадан саатуулах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
profile


hi