Болсон явдлыг нүдээр үзэж, халуун үйл явдлын дунд нь байсан хүний хувьд үнэнийг бичиж байна. Өдөр 12- 14 цагийн хооронд СЕХ руу жагсаал очоод эргэж СБ-ын талбай дээр ирсэн юм. Энэ жагсаалыг анх талбай дээрээс СЕХ руу удирдаж авч явсан гол хүн нь "Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч" Намын дарга Төмөр????? хэн ч гэлээ нэг нөхөр байсан. Харин жагсаалын явцад замаас ИХН-ын дарга Ж.Батзандан нийлсэн. Тэгэхдээ жагсаал удирдах ямар ч үйлдэл гаргаагүй. Зүгээр л жагсагчдын нэгэн адил алхаж явсан. Энэ үед жагсаал маш тайван байсан. Ингээд МАХН-ын байрны үүдэнд 15 цагаас эхлэн жагсаал, цуглаан үргэлжилсэн. Энэ үеэр БНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан,ИХН-ын дэд дарга О.Магнай нар ирж ард иргэдийг соёлтой, тайван байхыг уриалж байгаад 16 цагын үед жагсаал цуглааныг тарахыг уриалаад өөрсдөө явцгаасан. АН-ын зүгээс ганц ч хүн энэ жагсаал, арга хэмээнд оролцоогүй. Энэ жагсаал бол сонголтоо луйвардуулсан гэж үзсэн мянга мянган хүний сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бөөгнөрөл байсан. Жагсаалд оролцогчид МАХН-ын удирдлагуудыг гарч ирж уулзахыг шаардаж байсан. Ганц ч хүн гарч ирээгүй. Харин жагсагчдын эсрэг цагдаа хүчний байгууллагынханыг сөргүүлөн тавьсан. Цагдаа нар жагсагчдын зүг хайр найргүй резин сумаар болон, бортогтой нулимас асгаруулагч сумаар галлаж эхэлсэн. Энэ үед олон хүн биендээ гэмтэл авсан. Тэр ч байтугай хүний нүд сохорсон. Толгой нь хагарч улаан цусанд будагдсан хүн олон байсан. Цус харсан хүмүүсийн уур уцаар улам бүр ихэссэн. Энэ байдал жагсагчдыг улам ихээр цухалдуулж, улмаар тэмцэл хорсол болж хувирсан. Энэ байдлыг хөндлөнгөөс сонирхох байдлаар очсон байсан маш олон хүн гарт тааралдсан болгоныг хэрэглэн тэмцэж эхэлсэн. Үнэндээ жагсаалыг бага дээр нь намжаах боломж маш их байсан. Гэтэл тийм аргыг хэрэглэлгүй, харин ч үе үе өдөх байдлаар улам бүр хөгжүүлсээр, сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Миний бодлоор байдал улам бүр хүндрээд, нүдэн дээр нь гал түймэр тавиад байхад онцын арга хэмжээ авахгүй, үе үе буудацгаагаад их л зугаатай байх шиг байсан энэ цагдаа нар. Үнэндээ маш олон удаа цагдаа нарт боломж олдож л байсан. Учир нь тэднийг буудаад давшихлаар нь бүгд л зугатаагаад, цагдаа нарыг буцаад ухархаар нь эргэж дайраад л байсан шүү дээ. Хэрвээ үнэхээр МАХН-ын байрыг хамгаалая гэсэн бол маш олон удаагийн дайралтаараа олж авсан байршлаа хамгаалан жагсагчдыг урагш ахиулахгүй байх боломж их байсан. Гэтэл тэд ухарч байрандаа оччихоод, дахиад л жагсагчдаар түймэр тавиулах , тонон дээрэмдэх боломж олгоод л байсан. Намайг бага байхад чулуун байлдаан гэж нэг иймэрхүү юм их болдог байсан. Нэг ёсондоо хүүхдийн наадгай юм л даа. Яг л тэр шиг юм болж байсан. Сүүлдээ нөгөө тоглоом нь шоглоом болно гээч болсон. Гал түймэр ч хүч хүрхээргүй болж, дээрэм тонуул ч замбараагаа алдсан. Жагсагчдад архи, мөнгө өгсөн гэж худал үлгэр зохиож байх шиг байна. Тийм юм огт байгаагүй. Харин МАХН-ын байранд ороод авдар авдараар нь архи, виски, дарс, чихэр гээд л бөөн бөөнөөр нь гаргаж ирээд уух нь уугаад , хагалах нь хаглаад л байсан. Энэ байдлыг хэн ч зохицуулах боломжгүй болсон. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг. Энэ цагдаа нар их л тоглож наадсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор сонин сонин юм яриад байх хэрэг байхгүй. МҮОНТВ-ээр нэг л их дайнд орсон баатрууд эмнэлэгт байгаа юм шиг жүжиг найруулаад л, энэ чинь хэнд хэрэгтэй юм. Үүгээрээ юу гэж хэлэх гээд, цаашаа юу төлөвлөх гээд байгаа юм бэ? Үнэхээр үйл явдалд хариуцлагатай байж чадаагүй байж өнгөрсөн хойно нь онц байдал майдал ч гэх шиг шогын юм хийдгээ больмоор юм. Худлаа газар хийсэн хэргээ хаацайлах гэсэн арга юм уу, юу юм? Гартаа зэвсэггүй зүгээр зугатааж явсан, учраа мэдэхгүй залуу хүний халуун амийг галт зэвсгээр буудаж хороочихоод энэ тухайгаа нэг ч ярихгүй байгааг юу гэж ойлгох ёстой юм. Харийнханы гар хөл болж эх орноо худалдаж олсон бузар мөнгөөр олж авсан галт зэвсгээрээ монголынхоо ирээдүйд санаа нь зовж, түүнийхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлж явсаныг нь буруутгаж буудан алж байгаа яргачдыг юу гэж ойлговол зохих ёстой юм. Цааш нь улстөржүүлмээргүй байна. Хэлбэл хэлэх юм маш их байна. Ямар би ганцаараа тэнд байсан биш. Цаашдаа үнэн ялж худал балрах байлгүй. Ажиглаад байхад монголын улс төрд шинэ агаар оруулахыг эрх баригчид хүсэхгүй байгаа учраас болсон явдлын буруутнаар шинэ үеийн улстөрчдийг цоллож, туг тахихаар санаархаж байх шиг байна. Ийм бусармаг бузарын санаа олигтой үр дүн авчрахгүй байх шүү. Санаа муу бол заяа муу гэдэг. Настай хүний хувьд, болсон явдлыг үзсэн хүний хувьд үнэнийг хэлэх нь зүйд нийцнэ гэж бодож үүнийг тэрлэлээ. Ухаант ард түмэн минь үнэн хүчтэй, худал балай гэдгийг сайтар тунгаана бизээ. Халуун амиа алдсан хайран сайхан залуус минь амар амгалангийн орондоо амар тайван нойрсоорой Ум сайн амгалан болтугай. Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Ум маа ни бад ми хум Track 17 - Unknown

profile

emoticonamidralaa gej saihan shuu...