
Тайландын Бангкок хотын иргэн хоёр настай Материн Ноаваратпонг нь криоген хөлдөлтийн үйлчилгээ эрхэлдэг Америкийн “Alcor Life Extension” сангийн хамгийн залуу үйлчлүүлэгч боллоо.
Охиноо хөлдөөх шийдвэрийг эцэг эх нь гаргасан аж. Тэд охиноо тархины хавдраас болж амьсгал хураахын ирмэг дээр ирж, аппаратнаас салгамагц тус сан руу шилжүүлсэн байна.
Охин өнгөрсөн жил хавдартай болох нь тогтоогдсон юм. Эмч нар түүний тархинаас 11 см хавдар авсан боловч мэс засал ч, эрчимт эмчилгээ ч тус болсонгүй. Ингээд Материн Ноаваратпонгийн тархины 80 хувь нь хавдарт идэгдэж, биеийн зүүн хэсэг нь ажиллагаагүй болж, аппаратанд шилжсэн аж. Харин эмч нар түүнийг сэргээх найдваргүй болсныг мэдэгдсэний дараа ээж аав нь хөлдөөх шийдвэр гаргажээ.
Тэд анагаах ухаанд ойрын хугацаанд нээлт гарч, охиныг нь сэргээнэ хэмээн найдаж, хөлдөөлгөжээ.
АНУ-ын Аризона мужид байрлалтай “Alcor Life Extension” нь криоген хөлдөлтийн үйл ажиллагаагаараа дэлхий дахинаа алдартай компани юм.
www.mnews.mn