Хүний биед толгой шилжүүлэн суулгах мэс засал дэлхийд анх удаа тун удахгүй хийгдэх гэж байна. Олон улсын маргаан дагуулаад байгаа энэхүү мэс заслыг хийлгэх анхны хүн болохыг оросын иргэн Валерий Спириднов зөвшөөрчээ. Өвчтөн булчин сулрах генийн "Werdnig-Hoffman" гэх ховор өвчинтэй нэгэн аж. Тэрээр энэ өвчнөөр удаан шаналж байгаа бөгөөд өвчин нь улам даамжирч байгаагаас ийм шийдвэрт хүрчээ. Тэрээр "Надад үүнээс өөр сонголт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний зовиур өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа" гэжээ. Тэрээр энэ мэс заслыг хийлгэхээсээ айж байгаа ч, харин ч бүр сонирхолтой санагдаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Мэс заслыг Италийн мэс засалч Сержио Канаверо хийхээр болсон байна. Ийм мэс заслын хамгийн гол бэрхшээл нь мэдрэлийн эс, нугасыг, хэрхэн холбох вэ гэдэг л байсаар ирсэн. Харин Канаверогийн хэлж байгаагаар бол эм бэлдмэл, технологи өндөр хөгжсөн өнөө цагт ийм мэс засал хийх нь боломжтой, бодит зүйл болжээ.
Мэс засалч Сержио Канаверо 2013 онд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хүний биед суулгах гэж буйгаа зарласан байна. Үүний дараа мэс засал хийлгэхэд бэлэн, эрсдэлийг хариуцаж чадна хэмээн оросын иргэн Валерий Спириднов зөвшөөрч, хоёр тал "skype"-аар харилцан эцсийн шийдвэрт энэ оны эхээр хүрсэн байна. Хагалгааны өмнөх эмчилгээ хийснээр хоёр жилийн хугацаанд мэс заслыг хийх дуусгах аж. Бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэс засал амжилттай болох магадлал бага гэж үзэж байгаа юм. Түүнийг зарим нь Франкштэйнтэй зүйрлэж байна.
Серхио Канаверо өөрийнхөө бүтээлд 1973 онд сармагчны толгойг өөр амьтны биед шилжүүлэн суулгаж байсан Роберт Уайтын туршилтыг гол болгосон байна. Канаверо мэдрэлийн эс, нугасыг найдвартай холбоход ашиглах эм бэлдмэлээ ч тоочиж ингэснээр мэс засал амжилттай болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Тэр “Мэдрэлийн эс, нугасыг нь амжилттай холбож чадвал толгой шинэ биеэ удирдаж чадна” гэжээ. Ийм оролдлогыг хагас зууны тэртээ оросын мэс засалч хийж нохойн толгойг шилжүүлэн туршиж байсан юм. 1973 онд эрдэмтэн Роберт Уайт сармагчны толгойг өөр биед шилжүүлэн суулгаж байжээ. Сармагчны толгой биеэ удирдаж чадахгүй байсан ч гэсэн амьсгалах болон оюун ухаан нь ажиллаж байсан байна. Тиймээс энэ мэс заслыг нэг талаас амжилттай болсон гэж үздэг аж. Сармагчин толгой суулгаснаас хойш есөн хоног амьдарч байжээ.
Түүнчлэн гурван жилийн өмнө анхны нүүр солих мэс засал амжилттай хийгдсэн юм.
Оросын эрдэмтэн Владимир Демихов /1916-1998 / эрхтэн шилжүүлэн суулгах ажлын эхлэлийг тавьсан гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг. 1937 онд дэлхийд анх удаа хиймэл зүрх шилжүүлэн суулгасан эрдэмтэн Владимир Демихов, 1954 онд хоёр нохойны толгойг мэс заслын аргаар сольж суулгаж байжээ. 15 жилийн хугацаанд 20 орчим нохойны толгой шилжүүлэн суулгахад тэд нь нэг сар хэртэй хугацаагаар амьдарч байсан юм.