Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулж, шинэчлэн гаргаснаа танилцуулав. Тэд өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5 хувьтай байхаар тооцож байсан бол өчигдөр дээрх үзүүлэлтийг 3.3 хувь болгон бууруулснаа мэдэгдлээ. Энэ нь 2009 оноос хойших дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн бага хувь болж буйг “Bloom berg” онцолжээ.
“Европын холбооны удирдлагууд өрийн хямралыг өнөө хэр гэтэлж чадахгүй байгаа нь, АНУ-ын Засгийн газар санхүүгийн байдлаа тогтворжуулах ямар ч алхам хийхгүй байгаа нь бидний санааг зовоож байна” хэмээн ОУВС-гийн ахлах эдийн засагч Оливиер Бланчард ярьсан байна. Тэрбээр ирэх онд АНУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрвөн хувиар өсгөхгүй бол эдийн засгийн өсөл т дээшлэхгүй гэдгийг сануулав. Мөн Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт 0.4 хувь байгаа бөгөөд ирэх онд 0.2 хувь болж буурах төлөвтэйг ч мэдэгдлээ. Үүгээр зогсохгүй Дэлхийн банк БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.7 хувь байхаар тооцсон нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Өнгөрсөн жил гэхэд л дээрх үзүүлэлт 9.3 хувь байлаа. Үүнтэй зэрэгцэн Дэлхийн банк Зүүн Азийн 14 орны (Японоос бусад) эдийн засгийн өсөлтийн таамгийг гаргаснаа танилцуулав.
Өнгөрсөн тавдугаар сард Азийн эдийн засгийн өсөлт энэ онд 7.6 хувь байна хэмээсэн таамаглалаа тэд бууруулан, 7.2 хувь болгожээ. Европын эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад, улмаар Азийн бусад орны экспорт, импортын хэмжээ огцом багасаж, эдийн засгийн өөрчлөлт ажиглагдаж байна гэж Дэлхийн банк дүгнэж байна. Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 7.7, Индонез 6.1 Малайз 4.8, Тай ланд 4.5, Вьетнам 5.2, Монголынх 11.8 хувиар өсөх таамаглал гаргажээ. Уг таамгаас үзвэл, Монголын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад орноос хамгийн өндөр байх нь. Гэвч Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийн өсөлт ойрын дөрвөн жилд 14 хувьтай байх тооцоо гаргаж байсантай харьцуулбал энэ чамлахаар үзүүлэлт юм.
Хятадын эдийн засаг ирэх оноос сэргэж, Зүүн Өмнөд Азийн орнуудад дотоодын хэрэглээ нэмэгдэх үед эдийн засгийн хөгжлийн хурдац 7.6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа ч Европын хямрал гүнзгийрсэн тохиолдолд эдийн засгийн байдал муудах эрсдэлтэй байна гэдгийг онцолжээ. ОУВС, Дэлхийн банк хоёул дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.6 хувьд хүрнэ хэмээн тэмдэглэжээ. Гэвч энэ нь өнгөрсөн зургаадугаар сард 3.9 хувь байх таамаг гаргаж байснаас доошилсон үзүүлэлт юм.