Аки
башёгийн аваргын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй
манай хоёр бөх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи
Д.Бямбадорж нар дөрвөн бөхийн хамтаар 4-0 амжилтаар намрын тэмцээнийг
тэргүүлж байна.
Тавдугаар сарын тэмцээнд түрүүлж, өнгөрсөн башёд ихэвчлэн саньякү цолтнуудтай тулж, маэгаширагийн 11 хүртэл уруудсан Кёкүтэнхо Н.Цэвэгням тэдний эгнээнд явна. Арслангуудаас Котоошюү хоёр, Какүрюү нэг ялагдалтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж. М.Анандын хувьд анхны ялагдлаа өчигдөр Хоомашёогоос амссан. Харин Барүто, Котошёогикү нар гэмтлийн улмаас тэмцээнээ дундаас нь орхижээ.
27 настай Эстонийн бөх Барүтогийн башёгийн өмнөх бэлтгэл дээр авсан баруун хөлийн эрхий хурууны гэмтэл нь зовиурлаж барилдахад хүндрэлтэй болсон бол 28 настай Котошёогикү уржигдар Хоомашётой хүч үзэхдээ зүүн өвдөгнийхөө холбоосыг гэмтээсэн аж. Олны анхаарлын төвд байгаа Харүмафүжи тэмцээний дөрөв дэх өдөр комүсүби цолонд ойрхон ирээд буй 186 кг жинтэй бразил бөх Рикардо Сугано буюу Кайсэйтэй хүндхэн барилдаан хийж, зүүн гараараа мавашины барьц аваад уватэдашинагэ мэхээр өрсөлдөгчөө орхив.
Манай бөх түүнтэй өмнө нь хоёр барилдаж төдийчинээ хаяж байсан юм. Харин жюүрёод ялагдаагүй бөх гэж алга. Гурван өдрийн дараах байдлаар зуун хувийн амжилттай явсан Икиой, Котоюүки, Котоютака нар бүгд өчигдөр өвдөг шорооджээ. Манай бөх Тамавиши Б.Мөнх-Оргил лхагва гаригт гурав дахь даваагаа авснаар лидерүүдийн тоонд багтжээ. Макүшитагийн зүүн жигүүрийн тэргүүнд бичигдэж буй Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар одоогоор хоёр дараалан ялаад байна. Тэрбээр энэ тэмцээнд тавин хувиа хийхэд л сэкитори цолтнуудын эгнээнд орох юм.
mmmmmmmmm