ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО
Уншсан 8955 vote 0 2012.06.04 18:28:28ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Лас-Вегас хотын зүүн хойд дүүрэгт байрлах, дотроо хөлбөмбөгийн дөрвөн талбай бүхий өргөн цэлгэр Buckskin паркт Америкийн монголчууд спортын түүхээ арвижуулсан нэгэн арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Америкт америк биш хөлбөмбөгөөр аварга шалгаруулах гэж байгаа тул шаардлага хангасан талбай олж бэлэн болгоно гэдэг зохион байгуулагчдын хувьд нэлээд ярвигтай даалгавар ажээ. Нээлтийн арга хэмжээнд Лас Вегаст алдартай "О" шоу хөтөлбөрт гэрээгээр тоглодог монгол нугараачдын бяцхан шавь Б.Маралаа (5 настай), Рон нарын хамт оролцсон бол Сиэтлээс авьяаслаг морин хуурч Уртнасан уригдан ирж тоглов. Мөн Лас-Вегас хотын бие хамгаалах урлагийн дэвжээний сурагчид үзүүлэх тоглолтоо хийж, Лос-Анжелес хотоос монгол залуусын Return хамтлаг ирж ая дуугаа өргөсөн. Нээлтийн ажиллагаанд жагссан багуудыг харж байхад бүгдээрээ шахуу ивээн тэтгэгч байгууллагатай оролцож, зарим баг өөрсдийн лого бүхий үндсэн хувцастай болсон нь нэгэн дэвшил байлаа.
БЭЙ АЭРИАГИЙН БАГУУД
Хамгийн олон буюу дөрвөн баг оролцсон хэдий ч хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээж байсан амжилтыг үзүүлж чадсангүй. Тухайлбал энэ тэмцээний 2010 оны аварга Оаклэндийн "Темескал Райдерс" Монголын шигшээ багийн довтлогч А.Мөрөнг Сент-Луис хотоос эгнээндээ нэгтгэсэн ч хагас финалд Халимагийн "Жангар" багт хожигдон доош бууж, хүрэл медалын төлөө "Сиэтл Хоукс"- ын залуучуудыг дийлэлгүй 4-р байр эзэлсэн бол бас л найдлага тавьж байсан энэ жилийн лигийн аварга "Хийморь" хэсгээсээ гарч ирээд Чикагогийн "Б.О.С"-уудад торгуулийн цохилтоор хожигдов. Бэй Аэриагийн бусад багуудын хувьд шилдэг залуу тоглогчдоор эгнээгээ сэлбэсэн "Гарьд" эхний тоглолтдоо Денверийн "Алтан бөмбөг"-ийг 1:0-оор хожиж гараагаа сайхан эхэлсэн ч хоёр дахь тоглолтдоо Чикагод 2:0-оор дийлдэн онооны зөрүүгээр хэсгээсээ гарч чадсангүй. Уг нь бол ид тоглодог дээрээ шижигнэсэн залуус очсон юмсан. Харин ахмадын "Хүлэг" баг хоёр өрсөлдөгчөө дараалан хожиж аваргын цомыг авснаар дүү нартаа зангаргаа харуулсан.
ВАШИНГТОН ДИСИ-ГИЙН "МОНГОЛ МОРЬД"
Тэмцээний хошой аварга, хамгийн хашир туршлагатай "Монгол морьд" энэ удаа оруулсан, алдсан бөмбөгний зөрүүгээр хагас финалаас мултарлаа. Бэй Аэриагийн "Темескал райдерс", "Хийморь" багтай “C” хэсэгт таарсан тул нэг дошны багууд далдуур үгсэн тохирч, найрааны тоглолт хийгээд манайх хэсгээсээ гарч чадсангүй хэмээн нэхэл гомдолтой үлдэж харагдсан. Зохион байгуулагчид цаашдаа "начны найраа" хөлбөмбөгт гарах элдэв замыг хааж иймэрхүү хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлэх тухайд дор бүртээ дүгнэлттэй хоцорсон болов уу.
ДЕНВЕРИЙН "АЛТАН БӨМБӨГ"
Денверийн монголчууд мөн л энэ тэмцээний хошой аваргуудаа алтан цомтой ирэхийг хүлээж байсан нь мэдээж. Энэ жилийн хувьд эгнээндээ чамгүй олон залуу тоглогч нэгтгэж, бэлтгэлээ ч эртнээс сайтар базаасан хэдий ч хэсэгтээ Чикаго "Б.О.С"-т, гарч ирээд "Сиэтл хоукс"-т хожигдон ганзага хоосон буцлаа. Харин ахмадын баг нь аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртсэн тул очихдоо ор хоосон ч бас биш юмаа.
"МОН-ЮНАЙТЕД" ЗАЛУУЧУУД БОЛОН АХМАДУУД
Газар газрын шинэ залуу ахмад тоглогчдын цуглуулга болдог энэ баг хоёулаа цааш явж чадсангүй. Нэг дор цугларан тоглож бэлтгэх боломжгүй тул амжилт гаргана гэдэг хэцүү бололтой. Гэхдээ Лос-Анжелесийг 5:0-оор хожсон тус багийн залуучууд гэнэт цахиур хагалахыг үгүйсгэх аргагүй. Энэ жилийн хамгийн залуу тоглогч Б.Од (8 настай) эл багт бүртгэлтэй. ОУХМ Б.Буман-Учралын хүү тэрбээр ирээдүйд сайн хөлбөмбөгчин болох гараагаа Лас-Вегасаас эхэллээ. Ахмадын багт энэ тэмцээний зохион байгуулалтад хамтран зүтгэсэн мастерууд голлон гарлаа. Тэд эхний тоглолтдоо тэнцэж, мөн л торгуулийн цохиолтоор ялагдал хүлээн хүрэл дээр хөнгөхөн бууцгаав.
"ОДОД"
Лос Анжелес хотын монголчуудын одод анх удаагаа ирж, тун дайчин сайн тоглолт үзүүлсэн. Хэдий тэд хэсгээсээ шалгарч чадаагүй ч ирэх жил энэ бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ чамбай хийвэл ямар ч амжилт үзүүлэх боломжтой нь харагдлаа. Багийн зохион байгуулалт, сахилга бат сайтай тоглосон тул Бэй Аэриагийн монголчуудын холбооны (БАМХ) нэрэмжит "FAIR PLAY" тусгай шагнал хүртсэн. Хөлбөмбөгийн спортын мастер, "усны" хэмээх Лхагваа дасгалжуулж, хаалгачаараа боксын Алтанхуяг, хамгаалагч болон хагас хамгаалагчаар хоёр хүү нь аавынхаа урд тоглосон “Одод”-ыг гэр бүлийн гишүүд голлосон баг гэсэн ч болж байна.
"СИЭТЛ ХОУКС"
2009 оноос эхлэн оролцож байгаа сиэтлчүүд энэ жил тун одтой тоглож хэсгээсээ шалгаран хагас финалд Чикаго "Б.О.С"-той эн тэнцүү өрсөлдөж торгуулийн цохилтоор ялагдсан хэдий ч сэтгэл санаа, бие бялдрын бэлтгэл сайтай байж хүрэл медаль хүртлээ.
"ЖАНГАР"
Америкт анх ирсэн халимаг монголчуудын үүсгэн байгуулж байсан багийн нэр залгамжлагдсан төдийгүй үр удам нь өнөөг хүртэл тоглож байгаа энэ багийг Нью-Жерси мужаас "А дэвжээ" студийн продюссер, спорт сонирхогч Ганхуяг гурван залуу монгол тоглогчийн хамт нэгтгэн авчирч, Америкийн монголчуудын тэмцээнд анх удаа оролцууллаа. Өмнө нь хамтдаа олон удаа тоглож байсан нас насны төлөөлөлтэй тэд энэ жилийн тэмцээний шигтгээ байсан бөгөөд тун уран хурц тоглолт үзүүлж, аваргын төлөө үлдээд мөнгөн медальтай буцлаа. Жилээс жилд америк дахь монгол туургатан оролцон тоглож байх сайхан эхлэлийг тавьсан нь олзуурхууштай.
ЧИКАГО "Б.О.С"
Ноднин нутаг дээрээ аваргалсан боссууд энэ удаа аваргын цомоо алдсангүй. Хэсгийн болон хагас финалын тоглолтод хаалгандаа олон бөмбөг алдалгүй битүү "итали" хамгаалалттай тоглосон тэднийг торгуулийн суман ч гэж нэрлэж болохоор. Учир нь боссууд бараг бүх тоглолтдоо тэнцэн торгуулийн цохилтоор хожиж, аварга цолоо хамгаалсан нь энэ жилийн тэмцээний онцлогуудын нэг яах аргагүй мөн. Чикаго хотын Шамбург дүүргийн 13 багтай сонирхогчдын лигт 2-р байр эзэлж байсан тэд франц гаралтай дасгалжуулагчтай. Кримо Калаш хэмээх энэ франц эр цагтаа алдарт “Олимпик Марсель”-ийн бүрэлдэхүүнд багтан 1963-64 онд тоглож явсан гэнэ. Тэрбээр монгол эхнэр Минжээгээ багийн гол дэмжигч төдийгүй менежер гэж танилцуулав.
ШАГНАЛЫН ХУР ШААГИН БУУВ
Тус тэмцээнд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урмын үгтэй мэндчилгээ ирүүлснийг оройн үдэшлэг дээр уншиж сонсгов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бүрэн эрхэт элчин сайд Х.Бэхбатын илгээсэн мэндчилгээ ч сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь шагнал гардуулах ажиллагаа цаг гаруй үргэлжлэн хөлбөмбөгийн спортоор баг багуудаас шалгарсан 21 хүнд спортын 1-р зэргийн үнэмлэх олгосон бөгөөд энэхүү тэмцээнийг үүсгэн байгуулсан Америк дахь монголчуудын хөлбөмбөгийн зөвлөлийн (AAMS) тэргүүн, спортын мастер Баярсайхан, спорт мэдээлэлийн "Таван Цагариг" сонины сурвалжлагч, хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Лас-Вегасын тэмцээнийг амжилттай зохион явуулсан Ренцэнсамбуу, Пүрэвдаш нарыг МҮОХ-ны алтан медалиар шагнасныг гардуулсан юм. Оролцох багуудын цар хүрээ өргөжин тэлж, тоглогчдын ур чадвар дээшлэн байгаа нь сайн хэрэг. Ирээдүйн олон сайхан хөлбөмбөгчид энэ тэмцээнээс төрөн гарах болтугай!
Д.ЦЭРЭНДОРЖ (www.zamdaan.com)